Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагийн цэвэрлэгээ, үйлчилгээнд 237 хүн ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 43 секунд

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хоол, хүнсний худалдаа, үйлчилгээнд тавьж байгаа хяналт болон тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагийн тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн тохижилтын ажлыг наадмаас сар гаруйн өмнө эхэлсэн. Ногоон байгууламж, зам, талбайн тохижилт, ариун цэврийн байгууламж гэх мэт ажлуудыг хийлээ. Цэвэрлэгээ, үйлчилгээнд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хамтран 237 хүн 30 гаруй машин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Мөн хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд 280 гаруй, Хүй 7 худагт 360 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүл ахуйн хяналтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагууд тавьж байна хэмээв.

-Завьт, морьт, явган эргүүл ажиллаж байна-

Иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Оюунаас тодрууллаа. Тэрбээр:

-Улсын хэмжээнд 6 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирээгүй. Хоёр хүүхэд төөрсөн дуудлага ирсний дагуу эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэж өглөө.

Хүн олноор цугларсан газруудад бага насны хүүхдүүд төөрөх эрсдэл байдаг. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт явуулын цэг байгуулсан. Эдгээр цэгт хүүхэд төөрсөн, мөн хүүхэд олсон тохиолдолд хандах хэрэгтэй. Түүнчлэн 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мөн завьт, морьт, явган эргүүл ажиллаж байна гэлээ.

Хүн олноор цугларсан газар иргэд халаасны хулгайгаас сэргийлэх, тээврийн хэрэгслээ зориулалтын газар байрлуулах, бага насны хүүхдээ хөтөлж, тэвэрч явах, тэднийг төөрөхөөс сэргийлэх хэрэгтэй. Мөн усархаг бороо орж байгаа тул гэр орноо удаан хугацаанд орхихгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, болзошгүй эрсдэл, үер, усны аюулаас сэргийлэх шаардлагатайг онцоллоо.

-Явуулын хоёр лаборатори ажиллаж байна-

Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ:

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын улсын 56 байцаагч Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, Сүхбаатарын талбайд хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 640 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт явуулын хоёр лаборатори ажиллаж, хуушуурын мах болон айргаас дээж авч, шинжилгээ хийн, шинжилгээний сорилыг газар дээр нь гаргаж байгаа. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шинжилгээгээр ямар нэгэн зөрчил илрээгүй. Хүй 7 худагт нэг аж ахуйн нэгжийн хуушуурын мах муудсан зөрчил илэрсэн. 5 кг үхрийн махыг улсын байцаагчийн актаар хурааж, газар дээр нь устгасан. Гар дээрээс ил задгай хорхог, шорлог борлуулж байгаа иргэн олон байна. Эдгээр иргэнд зөвлөмж, зөвлөгөө өгөн, шаардлагатай тохиолдолд худалдаа эрхлэхийг нь хориглож байгаа. Мөн Налайх, Багануур дүүргийн наадамд хяналт тавьж буй. Яаралтай үед хариуцлагатай жижүүр ажиллаж, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байна.

Наадмаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд сургалт хийсэн. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж өгсөн хэмээв.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын ариун цэврийн байгууламж болон тэдгээрийн ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Өлзийбаяраас тодрууллаа.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын 47 байцаагч, мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж, 200 гаруй суултуур бий. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдваргүйтгэл болон ариун цэврийн байдалд нь хяналт тавин ажиллаж байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд 19,500 ам метр талбайд халдваргүйтгэл хийсэн. Ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг хоёр цаг тутам хийж, байцаагч нар байнга хяналт тавин ажиллаж байгаа гэлээ.

Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.