Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад эхэлж, Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хрооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.” гэж , 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн зорилт тусгасан.
Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэлэлцсэн байна. Дүгнэлтээр тус хөтөлбөрт төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт дунджаар 75 хувьтай гарсныг Х.Нямбаатар сайд танилцуулав. Хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан авлигатай тэмцэх ажилд ахиц гарч тодорхой үр дүнгээ өгсөн. Үүний зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай зарим үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байгаа гэв.
Түүнчлэн Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр 180 орноос Монгол Улс 2017 онд 103, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн байна.
Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэсэн гэжээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.
Иймд дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 дуусаж байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, дараагийн хөтөлбөрийг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлыг судлаачид, холбогдох байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, АТГ-ын ажлын хэсэг сүүлийн 2-3 жил гүйцэтгэсэн бөгөөд төрийн бүх байгууллага оролцсон гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын энэ чуулган нь авлигатай тэмцэх чуулган болно гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлж байсныг сануулаад, энэ чиглэлийн бодлогын баримт бичгүүдийг зөвхөн Засгийн газар, АТГ биш, Улсын Их Хурлын дарга төслийг боловсруулахаас нь эхлээд анхаарал хандуулж, хамт оролцож, манлайлж ажиллаж байгааг онцолж байв. Хөтөлбөр дэх зорилт, арга хэмжээнүүд Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж буй эсэхийг нягтлах саналыг Н.Энхболд гишүүн хэллээ.