УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу 2024.10.04-ний өдрийн нэгдсэн хуралдаан яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Шадар сайд Лу.Гантөмөр: Өргөн барьсан төсвийн төслийн батлахдаа төсвийн хүрээний мэдэгдэл дээр байгаа тоогоор батлах ёстой. Ер нь Сангийн яам төсвийг хямгаддаг. УИХ-ын гишүүд мөнгө тавь гэж шаарддаг. Жаахан хөгжье гээд явахаар байрлал нь солигдчихоод байгаа юм. Гишүүд Сангийн яам, валютын сангийн дүрд ороод ЗГ-ын гишүүд болохоор гишүүдийн дүрд ороод улсаа хөгжүүлье ард түмэн ядуу байна гэдэг хандлага руу ороод байгаа юм. Тиймээс гишүүд дөрвөн жилийн дараа улс орон ямар хөгжилд орох талаар бодож хандах хэрэгтэй байна. Төсөв тэлж байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Урсгал зардал үнэхээр тэлсэн. Тиймээс зардлын реформыг хэдүүлээ 2025 онд тал талаасаа ажлын хэсэг гаргаад ажиллая гэдэг саналтай байгаа.