Сонгуулийн сурталчилгааны зардал жилээс жилд өссөөр байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны зардал дунджаар орон нутагт 1.2 тэрбум, хотод 3 тэрбум төгрөг хүрсэн гэдгийг өөрсдөө ярих болжээ. Томсгосон мажоритар системээр явагдсан гэдэг утгаараа нэр дэвшигчийн тулж ажиллах сонгогч, дүүрэг хороо, сум баг олон байв.
Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 113 мянган сонгогчтой тэдэнд тараах сонин, сэтгүүлийн зардал дунджаар 300 сая, сонгуулийн штабт ажиллах ухуулагчдын цалингийн зардал 600 сая орчим болсон байна. Үүнээс гадна сонгогчидтой хийх уулзалт, унааны зардал, далд сурталчилгаа, PR-ийн зардал зэргээс эхлээд олон зүйлсэд зардал гарсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийнхээ хүрээнд 606 нэр дэвшигч өнгөрсөн сонгуульд өрсөлдсөн. Нэр дэвшигч бүр сонгогчдодоо танигдах, цаашлаад УИХ-д сонгогдохын тулд аль байдгаа шавхаж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн байх нь гарцаагүй.
Зарим нь өр шир тавьж, сонгуулийн сурталчилгаагаа өндөрлүүлсэн гэх ч мэдээлэл байна. Сонгуулийн зардлаа өр тавин барин байж, төрийн албанд сонгогдсон ч аль нэг байдлаар дээрх гаргасан зардал, өр тооцоогоо нөхөхөөр ажиллах магадлал өндөр юм. Ингэснээр УИХ-д ард түмнээ төлөөлөх элч болсон эрхмүүд авлига, ашиг сонирхлоос ангид шударга ажиллах уу гэдэг нь ч эргэлзээтэй байна.
Тиймээс энэ их үрэлгэн зардлыг багасгахын тулд сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах ухаалаг арга хэлбэрт шилжүүлэх нь зөв шийдэл болно. Тодруулбал, Япон, БНСУ-ын жишгээр сурталчилгааг байршуулах, тараах материал сэтгүүлийг илүү боловсронгуй болгож, цахим хэлбэрээр сонгогчдод хүргэх, намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийг нэгтгэсэн цогц материалыг СЕХ-ноос томилсон ухуулагчид тараах зэргээр ажиллах нь шударга өрсөлдөөн болох ч магадлалтай юм. Мөн сонгуулийн тогтолцоо, системийг өөрчилснөөр дээр дурдсан олон зардал буурах давуу тал үүснэ гэдгийг дурдах нь зүйтэй.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn