Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарын хамтарсан тушаалаар эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ бүрдэлт, чанар, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд үнэлгээ хийж, хууль тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар судлах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр явцын тайлангаа танилцууллаа.
Тодруулбал, Хяналт шалгалтад 223 эмийн сан, 109 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, 12 аймгийн нэгдсэн эмнэлэг, 5 БОЭТ буюу нийт 368 байгууллага хамрагджээ. Хяналт шалгалтыг хийхдээ газар дээр нь очиж танилцах, бичиг баримтуудыг нягтлах, ярилцлага хийх, асуумж судалгаа авах, тайлан судалгаанд харьцуулалт хийх аргуудыг хэрэглэжээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эмийн лабораторийг байгуулж, ААН-үүдэд үнэ-чанар гэсэн хосолмол системийг мөрдөж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай
Тэгвэл ажлын хэсгээс танилцуулсан судалгааны дүн мэдээлэлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй буюу нэмж нарийвчлан судлах, эмийн үнэ болоод чанарыг бодит түвшинд хүргэх боломжийн талаар судалж гарц шийдлийг эрэлхийлэхийг хатуу анхаарууллаа.
Тодруулбал, тэрбээр "Ажлын хэсэг гуравдугаар сард байгуулагдсан. Хоёр сарын дараах ажлын үр дүн эмийн компаниудын зах зээлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлбэр төдий харуулсан нь хангалтгүй байна. Эмийн компаниудын төлөөлөлтэй уулзахад бүтээгдэхүүний үнийг зах зээлд тогтмол нэмэгдэж байгаа байдал нь татвар болоод валютаас шалтгаалсан гадаад зах зээлийн үнэ гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, эмийн компаниуд 2-3 шат дамжлагаар татвар төлдөг юм билээ. Нөгөө талаас зарим компаниуд тухайн татварын өр төлбөрөө хэрэглэгчийн гарт очиж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн үнэд 10-13 хувиар шингээж борлуулж байгаа тохиолдол ч гарч байгаа тухай мэдээлэл бий. Энэ талын судалгааг нарийвчлан гаргах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Тусгай зөвшөөрөлтэй эмийн импортын 400 орчим компаниас ердөө 10 компани нь нийт эмийн импортын 85 хувийг дангаараа хангаж байгаа юм бол идэвхгүй оршиж байгаа компаниудад цаашид тусгай зөвшөөрөл олгодог байдлыг цэгцлэх шаардлагатай гэж харагдаж байна. Зах зээлд давамгай байдалтайгаар эм ханган нийлүүлж байгаа ААН-үүдэд хөндлөнгийн шалгалт оруулж, эмийн чанарт үнэлгээ тогтоох хэрэгтэй" хэмээн тодотгожээ.
Мөн дотоодын 49 ААН-ийн эм үйлдвэрлэлийг орхигдуулж болохгүй. Тухайн ААН-үүдийн ердөө 9 нь шаардлага хангаж байгаа буюу зохистой байдлын дадлыг төлөвшүүлснээс харвал дотоодын эмийн үйлдвэрүүдийг чанаржуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарт хатуу хяналт тавихыг анхаарууллаа.
Нөгөө талаас ЭМДС-аас хэдийгээр тодорхой нэршлийн эмүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр иргэдэд олгож байгаа ч зах зээлийн үнийн дарамтыг бодитоор бууруулж чадаж байгаа юу. Цаашид эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг хэрхэн нэмэгдүүлж болох талаар ЭМДЕГ судлах, бодит шийдлийг гаргах шаардлага тулгарчээ.
Дээрх агуулгуудтай уялдуулан мөн тэрбээр "Байнгын хорооны хуралдаанд гишүүдээс эмийн үнийг чанартай уялдуулсан хосолмол системийг хөгжүүлэх шаардлагатай талаар санал гарч байгаа. Цаашид бид эмийн компаниудыг зах зээлийн зарчмаар явж байгаа гээд төрийн хяналтын гадна орхигдуулж болохгүй. Эм өөрөө Үндэсний аюулгүй байдалд хамаарах онцгой бүтээгдэхүүн учраас үнэ болоод чанарын хяналтыг орхигдлуулж, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалаад сууж болохгүй хэмээн сануулж, Эмийн агентлаг байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн гэсэн байргүй. Түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг талаас төрөөс хяналт, шинжилгээний байгууллагын тогтолцоог сайжруулахад анхаарч тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгааг зөвлөлдсөн юм.
Эцэст нь тэрбээр эмийн чанарыг сайжруулахад чиглэсэн Үндэсний хэмжээний лабораторитой байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж, лабораторын асуудлыг Ерөнхий сайдад уламжилсан бөгөөд нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох асуудалд Ерөнхий сайд анхаарал хандуулахаа илэрхийлсэн хэмээн холбогдох албаныханд мэдээлсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан: ЭМДС-аас хөнгөлөлттэй олгож байгаа эмүүдийг ӨЭМТ-үүдээр дамжуулан олгож, эмийн сангуудад олгодог зардлыг эмийн хөнгөлөлтөд шингээх боломжтой
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМДҮЗ, болон ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Ингэхдээ тэрбээр үйл ажиллагааны хамрах хүрээгээ нэмэгдүүлж үр ашигтай ажиллахыг онцгойлон анхааруулав.
Ажлын хэсгийн гишүүд болоод холбогдох албаны хүмүүст хандан тэрбээр "Ажлын хэсгээс гаргасан тайлан мэдээ хангалтгүй байна. Хариуцлагатай ажиллахыг сануулъя. Хяналт тавьж хариуцлага тооцох эрх бүхий хүмүүс ширээний ард компаниудыг өмгөөлж асуудлыг тойруулж ярьж суух нь зохимжгүй. Эхлээд та бүхэн эмийн бүлэглэлээс савраа татах хэрэгтэй. Ингэсэн цагт эмийн бүлэглэлийг шударгаар илэрүүлж чадна.
Эрүүл мэндийн салбарын ажилчин, алба хаагчид эрх үүргийнхээ хүрээнд ажлаа шударгаар гүйцэтгэх ёстой. Сэтгэл дутагдаж байна. Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд таван сувилагч Сүрьеэгийн эсрэг вакциныг галзуугийн эсрэг вакцинтай андуурч 20 дахин өсгөсөн тунгаар тарьсан ноцтой асуудлыг бид мартаад өнгөрч болохгүй. Салбарын шат бүхэнд хяналт сул байгаагаас хаа нэг газар энэ асуудал дахин давтагдахыг ч үгүйсгэхээргүй байна.
Эмийн импортын компаниуд нэг сүлжээгээр 2-3 шат дамжин эмийг "шагалж" зарж байна. Эм ханган нийлүүлэх компаниуд өөрсдөө эмийн сан ажиллуулж байгаа нь гэмт хэрэг шүү. Эмийн үнийг 15-200 дахин нэмэгдүүлж худалдан боруулж байгаа гэх газруудын тусгай зөвшөөрлийг цуцла. Цаашид эм ханган нийлүүлэх компаниуд эмийн сантай байхыг ч хүртэл хатуу хориглох шаардлагатай.
ЭМДС-аас хөнгөлөлттэй үнээр олгох эмийг хувийн эмийн сангуудаар гэрээгээр санхүүжүүлж дамжуулан олгодог байдлыг ч халах хэрэгтэй. Үр дүнгүй зардлыг танаж, иргэдэд бодитоор нөлөөлөх эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд эмийн сангуудаар биш ӨЭМТ-үүдээр дамжуулж хөнгөлөлттэй эмийг олгох нь зөв шийдэл. Үүнийг судлахыг даалгаж байна. Эм үйлдвэрээс гарч хэрэглэгчдэд хүрэх хүртэлх шат дамжлагад хадгалалт тээвэрлэлтийн стандарт, процессийг анхаарч ажиллах шаардлагатай байна.
Эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрснийг та бүхэн танилцууллаа. Асуудал байгаа газарт хариуцлага тооцож, алдааг газар дээр нь арилгах эрх үүрэг та бүгдэд бий. Ажилдаа хариуцлагатай хандахыг анхааруулж ажлын хэсэг долоо хоног бүр явцын мэдээллээ өгч байхыг сануулж байна" гэв.
Хуралдаанд дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДҮЗ, Эмийн агентлагаас холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Шадар сайд С.Амарсайхан нар ажлын хэсэгт өгсөн үүрэг даалгаварын биелэлт хангалтгүй гэж дүгнэн хугацаат үүрэг даалгавруудыг өгч ажиллалаа.
Хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн судалгаанд дараах онцлох дүгнэлтүүд гарчээ.
Тодруулбал, судалгаанд Монгол Улсад эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй 470 гаруй ААН байгаагаас 117 эм ханган нийлүүлэх байгууллага 2021 онд нийт 489.7 тэрбум төгрөгийн эм импортолсон нь 2020 онтой харьцуулахад 12 хувиар, 111.9 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл импортолсон нь 2020 онтой харьцуулахад 14 хувиар тус тус нэмэгдсэн байна. Мөн эмийн импортын 85 хувийг 10 компани дангаараа бүрдүүлж, зах зээлд давамгай байдалтай ААН болж буй талаар мэдээлсэн юм.
/Давамгай байдалтай оршиж буй ААН-үүдийн нэрс/
Топ гэгдэх 10 эм ханган нийлүүлэх байгууллага нь 2022 онд ДЭМБ-ын зөвшөөрсөн хатуу зохицуулалттай 26 орны 199 үйлдвэрээс нийт импортын 85,6% буюу 503,9 тэрбум төгрөгийн импорт хийжээ.
Мөн үнэлгээнд хамрагдсан 414 нэр төрлийн эмээс 7 нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78.5 хувь 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан байна. Эдгээр эмүүдээс 13% түгээмэл бус, зөвхөн тухай компаниар дамжин оруулж ирдэг (54 нэрийн эм) нь эксклюсив гэрээтэй бөгөөд үүний 44 хувь нь 30 хүртэлх хувиар, 8 хувь нь 2-4 дахин үнэ нэмж борлуулж байгаа гэх зэрэг мэдээллүүдийг танилцуулсан бөгөөд зарим компаниуд давамгай байдлаа ашиглан импортын эмд үнэ тогтоодог байдал нэмэгдэж байгаа бөгөөд цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна.