Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: ЭТТ ХК-ийн үйл ажиллагаа төрөөс ХЭТ ХАМААРАЛТАЙ байгаагаас ТЭЗҮ-д заасан төлөвлөлтийн дагуу ордыг АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ байдалд хүргэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
19 минут 3 секунд

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт"-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан онцлох дүгнэлтүүдийг бид энэ удаад хүргэж байна.

"2018-2022 оны хооронд нүүрсний импорт, экспортын зөрүүтэй байдлын хэмжээ 616840.67 тонн байна"

Монгол Улсын ГЕГ, БНХАУ-ын ГЕГ хооронд 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан мэдээлэл солилцох протоколын 4 1.2-т “...талууд гадаад худалдааны барааны статистикийн мэдээллийг цахим хэлбэрээр хагас, бүтэн жилээр харилцан солилцох”-оор заасан ч нүүрсний экспорт, импортын статистик мэдээг зөвхөн 2013, 2018 онуудад солилцсон байна. Харин 2019-2021 онд зэрэгцүүлэлт, харьцуулсан судалгаа хийгээгүй бөгөөд 2022 оны мэдээлэлд зэрэгцүүлэлт хийхээр БНХАУ-руу илгээсэн байдаг байна. /Дараах графикаас Монгол Улсын нүүрсний экспорт болон БНХАУ-ын импортын тооцооны тэмдэглэлийг харна уу/

Графикаас харахад 2018-2022 оны хооронд нүүрсний импорт, экспортын хэмжээ тогтмол зөрүүтэй гарсан бөгөөд 5 жилийн хугацаанд нүүрсний экспорт нийт дүнгээр 616840.67 тонноор дутуу буюу БНХАУ-ын талтай тооцоо нийлэхгүй байгааг харуулж байна.

Тэгвэл үүнийг Аудитын байгууллага дүгнэхдээ хамарсан хугацаанд 2 улсын Гаалийн байгууллагуудын мэдээ болон хөндлөнгийн эх сурвалжийн мэдээлэл зөрүүтэй илэрхийлэгдсэн нь статистик мэдээлэлд 2019-2021 онд зэрэгцүүлэлт хийгдээгүй, түүнд тавих хөндлөнгийн хяналтын тогтолцоо бүрдээгүй, статистик мэдээ, тайланг Засгийн газарт хүргүүлж хэлэлцдэггүйтэй холбоотой байна гэжээ.

Монгол Улсаас экспортод гаргаж буй нийт эрдэс баялгийн бүтээгдэхүүнд нүүрсний экспорт 2015 онд 12.0 хувь байсан бол нүүрсний экспортын оргил үе болох 2019 онд 40.0 хувьд хүрч, 3.3 дахин өссөний дотор Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн экспортолсон хэмжээ 4.3 дахин өсжээ.

Харин хамгийн сүүлийн мэдээллээр буюу Биржийн анхны цахим арилжааг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулснаас хойш 2023 оны 01 дүгээр улиралд нийт 10 удаагийн арилжаагаар Эрдэнэс-Тавантолгой ХК 640.0 мянган тонн (үүнээс 416.0 мянган тонн коксжих нүүрс, 192.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 32.0 мянган тонн хагас коксжих нүүрс тус тус борлуулсан), Энержи ресурс ХХК 204.8 мянган тонн, Тавантолгой ХК 236.8 мянган тонн, нийт 1081.6 мянган тонн нүүрсийг биржээр дамжуулан худалдсан байна.

"ТЭЗҮ-ийн дагуу хөрсний овоолгыг үүсгээгүйгээс их хэмжээний үргүй зардал гаргах эрсдэл үүсчээ"

ТЭЗҮ-д Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн болон баруун хэсгээс 2018-2022 онд олборлохоор тусгасан байдал болоод гүйцэтгэлээр олборлосон хэмжээний зөрүүг судалжээ.

2018-2022 онд олборлохоор төлөвлөсөн нийт нүүрсний 39.8 хувь, үүнээс коксжих нүүрсний 55.8 хувийг, эрчим хүчний нүүрсний 9.8 хувийг тус тус олборлосон байна.

Эрдэнэс-Тавантолгой ХК уурхайг ашиглаж эхэлснээс хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Цанхийн зүүн хэсгээс 327.3 сая м.куб хөрс, Цанхийн баруун хэсгээс 183.7 сая м.куб хөрсийг тус тус гадаад овоолго руу зөөсөн байна

Цанхийн зүүн, баруун уурхайд хөрсний дотоод овоолго үүсгээгүй нь уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардагдах усны эх үүсвэрийг шийдвэрлээгүй, цахилгаан станц барих төсөл хэрэгжээгүй, нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулаагүйгээс III, IV давхаргын доорх коксжих чанар сул “II”, “I”, “0” давхаргын нүүрсийг олборлохгүй байгааг аудитын тайланд дурджээ.

"АМГТГ-аас 2006 онд Эрдэнэс-Тавантолгой ХК-д ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийн талбайд 68,471.43 га газрыг олгожээ"

Түүнчлэн Эрдэнэс-Тавантолгой ХК ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийн талбайн газар эзэмших эрхийг бүрэн аваагүйгээс ашиглалтын лиценз бүхий талбайгаас иргэн, аж ахуй нэгжид эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр 4,937.8 га газрыг олгосон байгаа юм.

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийн 68,471.43 га талбайгаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга 26 нэгж талбарт тус компанид 7,898.2 га газрыг олгосон байна

Харин Эрдэнэс-Тавантолгой ХК өөрийн тусгай зөвшөөрлийн талбайн газар эзэмших эрхийг бүрэн аваагүйгээс тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа болон бусад хэлбэрээр ашиглалтын талбайгаас 4,937.8 га буюу тусгай зөвшөөрөл бүхий газрын 7.2 хувийг иргэн, аж ахуй нэгжид эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр олгосон байжээ.

Үүнд:

  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011943, MV-016883 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 3 аж, ахуй нэгж, 1 иргэнд 39.2 га газрыг эзэмших;
  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-016881, MV-016882 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 5 иргэн, 2 аж, ахуй нэгжид 17.3 га газрыг эзэмших, 54 иргэнд 4.1 га газрыг өмчлүүлж, 1 аж, ахуй нэгжид 2.1 га газрыг ашиглах;
  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011953 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 11 иргэн, 34 аж, ахуй нэгжид 1,786.9 га газрыг эзэмших, 6 иргэнд 0.3 га газрыг өмчлөх, 3 аж ахуй нэгжид 6.5 га газрыг ашиглах;
  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011954 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд давхардсан тоогоор 6 аж, ахуй нэгж, 14 иргэнд 94.4 га газрыг эзэмших, 10 иргэнд 0.8 га газар өмчлүүлж, 7 аж, ахуй нэгжид 165.8 га газар ашиглах;
  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011955 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд давхардсан тоогоор 55 аж, ахуй нэгж, 18 иргэнд 2,820.4 га газрыг эзэмших;
  • Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011956 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 1 аж ахуйн нэгжид 100.8 га газрыг эзэмших хэлбэрээр тус тус олгосон байна.

Энэ нь компани өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрын эзэмших эрхийг бүрэн баталгаажуулаагүйгээс шалтгаалсан бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайд иргэн, аж ахуй нэгжид эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр газар олгосон нь уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулах, газрыг чөлөөлөхөд их хэмжээний нөхөн төлбөр төлөх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад хугацаа алдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгосон байна.

"Эрдэнэс-Тавантолгой ХК байгуулагдсан цагаасаа хойш нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай ажлуудыг санхүүжүүлжээ"

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийг засаглалын хувьд зах зээлийн зарчмаар ажиллуулахгүй Төр Ерөнхийлөгч, Засгийн газар)-ийн шийдвэрээр үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлж, компанийн орлого, ашгаар ТЭЗҮ-д тусгасан ордыг цогцоор нь үр ашигтай ашиглах, нэгдсэн төлөвлөлтийн хүрээний дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүйгээр нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудалд зарцуулсан нь ордын үнэ цэнийг бууруулах, насжилтыг богиносгон, сорчилж ашиглахад хүргэсэн байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Эрдэнэс-Тавантолгой ХК-ийг байгуулж, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойших компанийн орлого, ашгаас Төрийн шийдвэрээр нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан байна.

Мөн Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрт нийт 462.4 тэрбум төгрөг зарцуулж байжээ.

Дээрхээс гадна:

- БНХАУ-д үзүүлэх буцалтгүй тусламж (30000 хонь)-д 2020 онд 2.9 тэрбум;

- “Азийн хүүхдүүд” олон улсын спортын YII наадмын хүрээнд 2019 онд 5.0 тэрбум;

- Засгийн 2022 оны 220 дугаар тогтоолоор Эрдэнэс Монгол ХХК-ийн МУХБ дахь 117.2 тэрбум төгрөгийг зээлийн төлбөрийг төлсөн (эх үүсвэр нь 2018 оны төрийн өмчийн ногдол ашиг болох 880.2 тэрбум төгрөгөөс 117.2 тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол ХХК-д хуваарилж, МУХБ-ны өрийг төлсөн);

- Засгийн газрын 2022 оны 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн БНХАУ-ын Норинко интернэйшнл күүпэрэшн компанитай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Газрын тос дамжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний үнэ болох 388.1 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар төлж барагдуулахаар шийдвэрлэж, 2022 онд 59.7 тэрбум;

- Засгийн газрын 2021 оны 206, 353 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлд үндэслэн “Богдхан төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын 1,404.9 сая ам.долларыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар шийдвэрлэж, 2022 онд 130.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн Эрдэнэс-Тавантолгой ХК-аас төсвийн шинж чанартай эдгээр төсөл, хөтөлбөрт улсын төсвөөс гадуур ДНБ-ий 2019 онд 2.3 хувь, 2020 онд 2.8 хувь, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 2.3 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон нь төсвийн иж бүрэн байх зарчмыг алдагдуулж, хяналтаас гадуур зарцуулагдах эрсдэлтэй байна.

"ЭТТ ХК Чалко трейдинг хонконг ХХК-д борлуулалтын дундаж үнээс доогуур үнээр борлуулж 306.2 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алджээ"

Эрдэнэс-Тавантолгой ХК 2018-2022 онд Чалко трейдинг хонконг ХХК-д Цанхийн зүүн уурхайгаас 14.4 сая тонн коксжих нүүрс борлуулахдаа бусад компанид коксжих нүүрс борлуулсан үнээс тонн тутамд 0.4-13.5 ам.доллароор доогуур үнээр борлуулахаар гэрээ байгуулснаар 107.3 сая ам.доллар буюу 306.2 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан байна.

Энэ нь Цагаан хад хүртэл тээвэрлэх нөхцөлтэй коксжих нүүрсний үнийг тонн тутамд тухайн үеийн Ганцмод боомтын түүхий коксжих нүүрсний үнэ болох 124.3 ам.доллароос хилийн хураамж, агуулахын зардалд 6.4 ам.доллар, БНХАУ-ын НӨАТ-т 17 хувь, импортын татварт 3 хувь, Ганцмод боомт болон Цагаанхад хоорондын тээврийн зардалд 4.0 ам.доллар, нийт татвар хураамжид 35.3 ам.долларыг хасаж 89.0 ам.доллароор тогтоохоор байхад Эрдэнэс-Тавантолгой ХК, Чалко трейдинг хонконг ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан А/11/040 дугаартай гэрээний 8.1-д 70.0 ам.доллар буюу 19.0 ам.доллароор бага тогтоосноос шалтгаалсан байна гэжээ.

Чалко Трэйдинг Хонгконг компанитай байгуулсан гэрээний дагуу анхны үнэ нь 70 ам.доллароор тогтсон боловч гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний үнэ, үнэ тогтоох аргачлал болон бусад сайжруулах нөхцөлүүдийг оруулсан байна.

Тухайлбал, 2014, 2016, 2018 онуудад нүүрсний үнэ тогтоох индекс тооцох аргачлалд өөрчлөлт оруулж, индексийн багцад 2 индексийг өөр индексээр орлуулж, 1 индексийг шинээр нэмснээр Чалко Трэйдинг Хонгконг компанийн үнэ бусад спот гэрээний үнээс 24 хувиар бага байсныг өөрчилж, 2022 оны 4 дүгээр сар хүртэл тус гэрээний үнэ нь бусад гэрээний спот үнээс 17.0 хувиар бага байна. Мөн 2022 оны 3 дугаар сард гэрээний үндсэн хугацаа дуусаж31, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэлт гэрээ 5 жилийн хугацаа хэрэгжиж эхэлсэн тул спот үнээс 17.0 хувиар бага тогтдог байсан хувийг бууруулж, нүүрсний суурь үнийг тонн тутамд 6.63 ам.доллароор нэмэгдүүлснээр тус гэрээний үнэ нь бусад богино хугацаат гэрээний үнээс 12.5 хувиар бага байхаар шинэчлэн тогтсон байна.

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2019-2022 оны борлуулалтын 7.2-39.8 хувь нь төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулахад зарцуулагдаж байгаа нь тус компанийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэлтэй дүгнэгджээ.

Эрдэнэс-Тавантолгой ХК борлуулалтын орлогын 2020 онд 31.0, 2021 онд 39.8, 2022 онд 22.2 хувийг нүүрсээр төлбөр барагдуулахад зарцуулсан нь компани мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэлтэй тул төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх замаар үе шаттайгаар хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байна.

Эрдэнэс-Тавантолгой ХК нь гэрээт олборлогчдын уулын ажлын гүйцэтгэлд бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 319.6 тэрбум төгрөг, гэрээний төлбөрт 2021-2022 онд 316.0 тэрбум төгрөгийн 789.9 мянган тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа нь үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг уялдуулж ажиллаагүй байжээ.

Дээрх гэрээнээс “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх гэрээ”-ээр гүйцэтгэгчид дараах давуу байдал олгосон байж болзошгүй тул Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор энэ тухай прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлэх учиртай.

Прокурорын байгууллага Ерөнхий аудитораас шилжүүлсэн мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий аудиторт хариу мэдэгдэнэ” гэж заасны дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй хэмээн аудитын байгууллаагас үзэж, Үүнд:

- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний хавсралт “В” болох ЭрдэнэсТавантолгой ХК болон Бодь интернэшнл ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний (ЭТТ-2019/784/BI-TTGS-CONT-0003 дугаартай) 3.2-т “Худалдагч нь энэхүү гэрээний 3.139-д заасан санхүүжилтийг мөн гэрээгээр тохирсон нөхцөл шаардлагын дагуу Гүйцэтгэгч буюу Гүйцэтгэгчийн нэрлэсэн Худалдан авагчдад Гэрээт талбайгаас олборлосон нүүрс нийлүүлэх замаар нөхөн төлж барагдуулах бөгөөд Талууд нүүрс худалдах, худалдан авах гэрээг тусдаа байгуулна” гэж заасныг үндэслэн Бодь интернэшнл ХХК-д төлөх төлбөрийг түүний сонгосон нэрлэсэн худалдан авагчтай нүүрс борлуулах гуравласан гэрээ байгуулж, нүүрсээр төлж байна.

Энэ нь гэрээг бусдад шилжүүлсэн гэх агуулга биш, харин уг гэрээний 7.1 40 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч буюу Бодь интернэшнл ХХК нэрлэсэн худалдан авагчийг шууд сонгон, нүүрс худалдах, худалдан авах гуравласан гэрээ байгуулах боломжийг олгосон гэж үзэв.

- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний 3.3.1-д “Гүйцэтгэгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардагдах 682,199,507 ам.доллар буюу энэхүү гэрээний хавсралт “Б”-д заасны дагуу тодотгосон мөнгөн хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлнэ.

Хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг энэхүү гэрээний хавсралт “Б” болох нүүрс нийлүүлэх гэрээний дагуу Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө” 41 гэж үнийн хөнгөлөлт үзүүлэх замаар давуу байдал тус тус олгосон байж болзошгүй байна гэсэн дүгнэлтүүдийг Үндэсний аудитын газраас гаргажээ.

Товчхондоо Байгалийн баялгийг ашиглаж байгаагийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлаас ангижруулахад чиглэдэг.

Гэвч уул уурхайн салбараас олох ил болон далд орлого нэмэгдсээр байхад эсрэгээрээ Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин буураагүй, 2018 онд нийт хүн амын 27.8 хувь буюу 947,963 хүн ядуу амьдарч байна бол энэ тоо нэмэгдэж байгааг судалгааны байгууллагуудаас сануулж буй юм.

СУРВАЛЖИЛГА: СЭМҮТ-д “аж төрж“ буй 200 гаруй иргэний халамжийн 2.5 ТЭРБУМ төгрөгөөс удирдлагууд нь ЗАВШСАН УУ
СУРВАЛЖИЛГА: СЭМҮТ-д “аж төрж“ буй 200 гаруй иргэний халамжийн 2.5 ТЭРБУМ төгрөгөөс удирдлагууд нь ЗАВШСАН УУ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.