... Ер нь манай тасагт ажиллаж байгаа ажилтнууд болон өвчтөнүүд “Мартагдсан арлын орхигдсон хүмүүс” ....бидний Монгол Улсын Үндсэн хууль, хуульд баталгаажуулагдсан эрхийг хангах, хамгаалах эрх бүхий албан тушаалтнууд анхааралдаа авах байх гэж олон жил хүсэн хүлээж байна.....
Эрүү шүүлтээс ангид байх үндэсний ажиллагааны хүрээнд СЭМҮТ-д хийсэн хяналт шалгалтын үеэр тус төвийн эмч ийн ярьжээ. Ажилтнууд ч, өвчтнүүдийг ч нийгэм мартаж орхисон гэж. Харин "мартагнах зуурт" нь энд олон ч асуудал хөвөрч орхиж. СЭМҮТ-д 200 гаруй иргэн "аж төрж" байна. Тэдний дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөлөөс шалтгаалан байнгын эмчилгээтэй басхүү гэр бүл ойр тойрныхон нь асран хамгаалах үүргээсээ татгалзсанаас үүдэн энд ирсэн нь ч бий. Гэтэл эдгээр иргэдэд төрөөс олгож буй нийгмийн халамжийн мөнгө өөрсдөд нь зарцуулагдахгүй байгаатай холбоотой ноцтой мэдээлэл байгаа талаар 10 гаруй хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан дэлгэсэн юм. Тэгвэл бид "МАРТАГДСАН АРЛЫН ОРХИГДСОН ХҮМҮҮС" гэх СЭМҮТ-ийн асрамжийн тасагт "аж төрж" буй 200 гаруй иргэнд төрөөс олгож буй нийгмийн халамжийн мөнгөний зарцуулалттай холбоотой асуудлыг сурвалжиллаа.
-Б.Энхбаяр: СЭМҮТ-д эмчлүүлж буй хүмүүст олгодог нийгмийн халамжийн мөнгийг дундаас нь завшдаг гэх асуудал бол маш ноцтой. Цаашид ямар ч үр дагавар гаргаж болзошгүй-
Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр СЭМҮТ-д эмчлүүлж буй иргэдэд төрөөс олгодог халамж, тэтгэврийн мөнгийг СЭМҮТ-ийн удирдлагууд завшдаг гэх мэдээлэл авагдсан талаар ийн ярьсан байдаг.
-ХЭҮК-ын ажлын хэсгийн шалгалтаар зарцуулалттай холбоотой зөрчил илэрч, СЭМҮТ-ийн захиралд шаардлага хүргүүлсэн-
Асуудал ингэж эхэлжээ. 2021 онд ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг СЭМҮТ-д ажилласан байна. Тухайн үеийн хяналт шалгалтаар хүний эрхтэй холбоотой буюу асрамжийн тасгийн иргэдэд олгож буй нийгмийн халамжийн мөнгөний зарцуулалт хяналтгүй байна гэх асуудал хөндөгдсөн бөгөөд энэ чиглэлд СЭМҮТ-ийн захиралд “Асруулагчдын нийгмийн халамжийн тэтгэмжийн зарцуулалтад хяналт, шалгалт хийх, цаашид хяналт тавих горим бий болгох” 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/46 дугаартай “Шаардлага”-ыг хүргүүлсэн аж.
-Дараагийн ажлын хэсгийн хяналт шинжилгээгээр асуудал дахин сөхөгджээ-
Ийн шаардлага хүргүүлсний дараагаар тус төвд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ажлын хэсэг очиж ажилласан бөгөөд өмнөх ХЭҮК-ийн гишүүний хүргүүлсэн шаардлагын хариуд хяналт шинжилгээ хийхэд, зарцуулалттай холбоотой асуудал дахин сөхөгджээ. Удалгүй асрамжийн тасагт эмчлүүлж байгаа иргэдийн нийгмийн халамжийн мөнгөний зарцуулалтад хяналт байхгүй байна гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн аж.
-Тасгийн эрхлэгч нь "Халамжийн мөнгөө тухайн иргэд өөрсдөө зарцуулдаг" гэх тайлбарыг өгч байгаа боловч "Бидэнд авъя гэсэн зүйлсээс цөөхөн хэдэн зүйлийг нь л авч өгдөг. Тэгээд л мөнгө дуусчихсан байдаг" гэж ярих өвчтөн, ар гэр ч байна-
Тэгвэл төрөөс олгогдож буй мөнгө эзэддээ хүрч чадаж байна уу гэх асуудлын хүрээнд ямар нөхцөл байдал бий болсон талаар хяналт шинжилгээ хийсэн ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнтэй ярилцаж тодруулсан юм.
-Байнгын хорооны хуралдааны үеэр СЭМҮТ-ийн асрамжийн тасагт байгаа хүмүүсийн нийгмийн халамжийн мөнгийг завшдаг байж болзошгүй асуудал байгаа талаар яригдсан. Танайхаас хийсэн хяналт шинжилгээний үеэр энэ төрлийн зөрчил илэрсэн гэж байсан. Яг ямар зөрчил илэрсэн талаар та бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сард СЭМҮТ-д хяналт шинжилгээ хийсэн. Энэхүү хяналт шинжилгээгээр тогтоогдсон нөхцөл байдлын нэг нь, тус төвийн асрамжийн тасагт удаан хугацаагаар эмчлүүлж буй иргэдийн нийгмийн халамжийн мөнгөний зарцуулалттай холбоотой асуудал юм. Өмнө ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийсэн байдаг. Эл шалгалтаар өгсөн зөвлөмж шаардлага хэр хангагдсан байна вэ гэдэгт манайх давхар шалгасан юм. Гэтэл энэ асуудал дахин хөндөгдсөн тул нөхцөл байдал дээр ажилласан. Одоогийн байдлаар удаан хугацаагаар буюу байнгын байдалтай эмчлүүлж байгаа 200 гаруй хүн тус тасагт бий. Тухайн хүмүүсийн нийгмийн халамжийнх нь мөнгө өөрсдөд нь зарцуулагдах ёстой. Бид хяналт шинжилгээ хийснийхээ дараагаар тус асуудлыг цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн.
-Зарцуулалттай холбоотой асуудал гэдгийг тодруулбал?
-Гол асуудал нь эдгээр хүмүүст олгогдож буй нийгмийн халамжийн мөнгөний зарцуулалтад тодорхой хяналт байхгүй байна. Бүртгэл судалгаа ч байхгүй. Гэтэл эдгээр эмчлүүлэгч нарт 2021 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн сард нэмэгдсэн байдлаар 288 мянган төгрөг олгож байгаа. Түүнээс өмнө 188 мянган төгрөг байсан. 190 орчим эмчлүүлэгч тухайн мөнгийг авдаг. Тухайн мөнгийг авч өөрсдийн хэрэгцээнд зарцуулах ёстой. Мөн эдгээр хүмүүсийн ар гэр нь нийгмийн халамжийн мөнгийг аваад байгаа асуудал ч байна.
Өмнө Мааньт гэж асрамжийн газар байсан. Түүнд ар гэр нь асран хамгаалах боломжгүй гэж үзсэн хүмүүсийг эмчилж байсан. Нэг төрлийн асрамжийн газар гэсэн үг. Тухайн газрыг татан буулгаж СЭМҮТ-д нийлүүлснээр асрамжийн гэх тасгуудыг нээсэн байдаг. Тэгвэл одоо асрамжийн тасагт байгаа хүмүүсийн нийгмийн халамжийн мөнгийг зарцуулахтай холбоотой тодорхой журам алга байна. Энэ асуудлыг хөндөж, эмнэлгийн удирдлагууд болон тасгийн эрхлэгчтэй нь ч уулзсан.
-Та бүхэн хяналт шинжилгээнийхээ үр дүн болон үүсээд буй асуудалтай холбогдуулан тухайн тасгийн эрхлэгч, эмнэлгийн удирдлагуудтай уулзахад ямар тайлбар хэлж байх юм?
-Тасгийн эрхлэгчийн зүгээс тухайн мөнгийг өвчтнүүд өөрсдөө зарцуулдаг л гэсэн тайлбарыг өгч буй юм. Гэхдээ бидэнд авагдсан мэдээлэл, зарим өвчтнүүд, ар гэрийнх нь зүгээс өгч буй мэдээллээр нийгмийн халамжийн мөнгөний зарцуулалт чиглэлд ямар ч мэдээлэл, хяналт бүртгэл байхгүй байна л гээд байгаа. Зарцуулагдчихсан байгаад байдаг. “Сувилагч явуулж юмаа авхуулдаг. Бидэнд авъя гэсэн зүйлсээс цөөхөн хэдэн зүйлийг нь л авч өгдөг. Тэгээд л мөнгө дуусчихсан байдаг” гэх мэт зүйлсийг судалгаанд оролцсон өвчтнүүд болох ар гэр нь ярьсан байдаг. Бидэнтэй ирж уулзсан ар гэр ч байгаа. Хэдийгээр орхичихсон ч гэсэн тухайн мөнгө нь өөрсдөд нь зарцуулагдаг гэсэн бодолтой ар гэр байгаа шүү дээ. Гэтэл эргэлтээр очихоор боломжийн хэмжээнд зарцуулагдаагүй байна гэх асуудлыг ярьж буй юм.
-Жилд 670 орчим сая төгрөгийг төрөөс олгодог гэж үзвэл сүүлийн таван жилийн буюу 2 тэрбум 500 орчим сая төгрөгийн асуудал яригдаж байна-
-Илэрсэн зөрчлүүдийн хүрээнд та бүхэн шаардлага хүргүүлсэн үү?
-Бид СЭМҮТ-ийн удирдлагуудад шаардлага тавьж, зөвлөмжөө ч хүргүүлсэн. Ингэхдээ дахин энэ төрлийн зөрчил гаргаж болохгүй, шаардлагатай арга хэмжээ авна уу, холбогдох албан тушаалтнуудыг шалгуулж асуудлыг эцэслэн тогтоолгох шаардлага тавьсан. Үүний дагуу тус тасгийн эрхлэгчийг цагдаагийн байгууллагад шалгуулсан юм билээ. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэх ёстой. Бүртгэл судалгаатай болох ёстой. Түүнчлэн ар гэр нь ямар үндэслэлээр авч зарцуулаад байна вэ гэдэгт ч анхаарах ёстой. Энэ бол бага мөнгө биш шүү дээ.
Он оноор нь аваад үзвэл, жилд асрамжийн тасагт байгаа хүмүүст жилд 670 орчим сая төгрөгийг төрөөс олгож байна. Сүүлийн таван жилээр аваад үзвэл 2 тэрбум 500 орчим сая төгрөгийн асуудал яригдаж байгаа гэсэн үг.
-Та сая яриандаа ар гэрийнхэн нь ч авч зарцуулдаг зүйл бий гэлээ. Ер нь асрамжийн тасагт байгаа иргэдийн хэдэн хувийнх нь ар гэр нийгмийн халамжийн мөнгийг авч захиран зарцуулж байгаа дээр мэдээлэл авсан уу?
-Энэ чиглэлийн мэдээллийг өгөх хүсэлт тавьсны дагуу СЭМҮТ-өөс авсан. Гэхдээ нарийн судалгаа гаргаж чадаагүй байсан. 50-иас илүү хувь нь ар гэр нь авч зарцуулдаг гэх мэдээллийг өгсөн. Гэхдээ нарийн тодорхой болгох ёстой. Ар гэр нь асрах хамгаалах үүргээсээ татгалзсан буюу эмнэлгийн байгууллагын байнгын асрамжинд өгчихсөн байна гэсэн үг шүү дээ.
-Зарцуулалт чиглэлд тодорхой дүрэм журам байхгүйгээс бүртгэл судалгаа гэхээр зүйл ч байгаагүй гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Дундын эрх зүйн зохицуулалт энэ байгууллагад шаардлагатай байна. Энэ чиглэлд холбогдох яамд руу нь зөвлөмж өгөхдөө дурдсан. Ажлын хэсэг гаргаад судалья гэж байгаа.
-ЦААШИД ЯАХ ВЭ: Сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн газрыг байгуулбал 70:30 системийг нэвтрүүлэх боломжтой-
Тэгвэл цаашид энэ асуудлыг хэрхэх юм бэ гэдэг асуудал үүсч буй юм. Энэ талаар тэрбээр үргэлжлүүлэн "Гарц гаргалгааны асуудлыг бид Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулсан. Тодруулбал, хуулиараа төрөлжсөн асрамжийн газрыг гаргах ёстой. Сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг тул энэ чиглэлд төрөлжсөн асрамжийн газартай байх хуультай юм. Гэтэл манайд байхгүй. Хэрвээ ийнхүү тухайн иргэдийг асрамжийн газрын үйлчлүүлэгч гэдгээр явж байгаа тохиолдолд ахмад настны асрамжийн хуулийн зохицуулалтын адилаар 70:30-ийн зарчимд оруулбал аль аль талдаа боломжтой байгаа юм. 70:30-ийн зарчим гэдгийг тайлбарлая л даа. Ахмад настны асрамжийн газарт үйлчлүүлж байгаа ахмад настнууд тэтгэвэр, халамжийн мөнгөнийхөө 70 хувийг өөрсдөө авдаг. Харин үлдсэн 30 хувийг тухайн асрамжийн байгууллагад шилжүүлдэг бөгөөд түүгээр тодорхой зардлуудад ашигладаг систем юм" гэв. Өөрөөр хэлбэл, төрөлжсөн асрамжийн газрыг байгуулбал аль аль талдаа өгөөжтэй системийг нэвтрүүлж, зарцуулалт тал дээр асуудал үүсэхээ болино гэж байна.
-НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ: Зарцуулалтыг бүртгэдэггүй байсан зөрчлийг арилгаж хоёр нийгмийн ажилтан бүртгэж, хяналт тавьдаг болсон гэжээ-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ажлын хэсэг өнгөрөгч оны есдүгээр сард хяналт шинжилгээ ийн хийхэд тодорхой бүртгэл, судалгаа хийдэггүйгээс үүдэж зарцуулалтад хяналт тавих боломжгүй нөхцөл байдал бий болсон байсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Үүний дагуу тус төвийн удирдлагуудад зөрчлөө арилгах зөвлөмж шаардлагыг аравдугаар сард хүргүүлэхэд 30 хоногийн дараа буюу 11 дүгээр сард хариу иржээ. 12 дугаар сард зөвлөмжийн биелэлтэд хяналт тавихад иргэдийн нийгмийн халамжийн мөнгөний зарцуулалтын мэдээллийг тус тасгийн хоёр нийгмийн ажилтан бүртгэж хариуцдаг болсон аж.
-Асрамжийн тасгийн дарга Я.Сампилд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаад харьяаллын дагуу АТГ-д шилжүүлсэн-
Асуудал явсаар хууль хяналтын байгууллагын "чихэнд хүрсэн". Тодруулбал, СЭМҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд нь ар гэр, асран хамгаалагчгүй эмчлүүлэгчдийн дансанд орсон халамжийн мөнгийг хууль бусаар авч зарцуулдаг талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирсэн байдаг. Үүний дагуу БЗДЦГ-ын гуравдугаар хэлтэс хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулаад СЭМҮТ-ийн тухайн асрамжийн тасгийн даргаар ажиллаж байсан Я.Сампилд холбогдох хэргийг энэ оны 2023 нэгдүгээр сард харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байна.
-Я.Сампил: Бид хяналт л тавихаас мөнгөний зарцуулалтад нь оролцоод байж болохгүй шүү дээ, тэд мөнгөө зарцуулах эрхтэй-
Тэгвэл эл асуудлын эргэн тойронд дахь мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс СЭМҮТ-ийн Асрамжийн албаны даргаар ажиллаж байсан Я.Сампилаас өөрөөс нь тодруулга мэдээлэл авлаа.
-Асрамжийн тасагт эмчлүүлж буй иргэдэд төрөөс олгогдож буй мөнгө өөрсдөд нь зарцуулагдахгүй байна уу гэх асуудал яригдаж байна. Хэд хэдэн удаагийн шалгалтаар энэ талын зөрчил илэрсэн гэсэн. Ер нь таны хувьд энэ тасгийг олон жил удирдаж ажилласан гэж байсан. Үнэхээр ийм асуудал байна уу?
-Тухайн тасагт ар гэр нь асран хамгаалдаггүй, байнгын эмчилгээ шаардлагатай, эмчилгээг зогсоовол өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй 200-гаад хүн байдаг. Өвчнийх нь онцлогоос хамааран асрамж 1, 2, гэр эмчилгээ гэсэн гурван тусдаа обьект бий. Эдгээр хүмүүс нийгмийн халамжид хамрагддаг. Манай тасаг өөрийн гэсэн нийгмийн ажилтантай байж байгаад сүүлийн жил гаруйн хугацаанд нийгмийн ажилтангүй болсон. Эрүүл мэндийн хяналт шинжилгээний газраас эрүүл мэндийн нийгмийн ажилтан байх шаардлагатай гэсэн.
Сүүлийн үед халамж тэтгэмжтэй холбоотой янз янзын л хэрүүл шуугиан нийгмийн ажилтангүй болсноос хойш гарах болсон юм.
-Зарцуулалтын тухайд та ямар мэдээлэл өгөх вэ?
-Тухайн эмчлүүлэгч нар төрөөс өөрсдөд нь олгож байгаа мөнгийг мэднэ. Би юу авах вэ гэдгээ урьдчилж хэлээд шаардлагатай зүйлсээ ч урьдаас төлөвлөчихдөг. Сард нэг л удаа буудаг мөнгө шүү дээ. Өмнө 180 орчим мөнгөн төгрөг байсан нь 100 мянгаар нэмэгдсэн байдаг.
Эмч, ажилчдын зүгээс тийм юмаа аваарай, энэ нь чамд хэрэгтэй, энэ нь хэрэггүй гэдэг зүйлийг л хэлдэг. Түүнээс биш бид мөнгийг нь аваад дэлгүүр хоршоо ороод яваад байдаггүй юм. Хяналт нь тавина уу гэхээс мөнгөнд нь оролцож болохгүй, өөрсдөө захиран зарцуулах эрхтэй гэдэг. Энэ байдлаас л хардалт сэрдэлт явагддаг.
Түүнчлэн энэ хүмүүсийн халамж тэтгэмжийн мөнгөний хугацаа нь дуусна шүү дээ. Сунгахын тулд хөөцөлдөх шаардлага гарна. Дүүргийн нийгмийн халамж, банк гээд хөөцөлдөх ёстой учраас эмч сувилагч нарыгаа явуулаад тусалдаг. Ингэхээр хүн бүхнийг л хардаж сэрддэг болж. Гуравдугаарт, эмчлүүлэгч нарт жаахан шаардлага тавиад ирэнгүүт эсэргүүцэх хандлага гаргаж, авья гэсэн зүйлийг авч өгсөнгүй, авхуулсангүй гэдэг байдлаар ярих нь бий.
-Та одоо тасгийн даргаараа ажилласан хэвээр байгаа юу?
-Өнгөрсөн 11 дүгээр сард ажлаа өгч өөрчилсөн. Одоо СЭМҮТ-ийн өдрийн эмчилгээний чиглэлд ажиллаж байгаа.
-Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ. Ямар шатандаа яваа вэ. Та мэдүүлэг өгөөд явж байгаа юу?
-Хууль хяналтын байгууллагуудад би гэрчээр мэдүүлэг өгсөн. Ер нь бид эдгээр хүмүүсийг эмчлэхээс гадна нийгмийн асуудлыг нь давхар хариуцаж яваа шүү дээ. Цагтаа Мааньт өртөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн асрамжийн газар гэж байсан юм. Асрамжийн газар нь татан буугдаж тухайн газарт нь архины албадан эмчилгээ орсон тул өвчтнүүдийг эмнэлэгтэй нийлүүлсэн.
Би Мааньтын асрамжийн газар байхаас нь л хариуцаж яваа хүн. Өвчтөн хэдэн төгрөг авдагаа мэднэ, дараагаар нь үзлэгийн эмч нь хяналт тавина, ахлах сувилагч, асрагч сувилагч нар нь хяналт тавина. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхол ороогүй гэж би ойлгож явдаг. Манай хамт олон ч тэгж ойлгож явдаг.
-ШИЙДЭЛ: Төрөлжсөн асрамжийн газраа барь аль эсвэл зарцуулалттай холбоотой журмаа батла-
Үе үеийн сайд дарга нарын үед оюун санааны хувьд бэрхшээлтэй, СЭМҮТ-ийн асаргаанд байгаа хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийг барих талаар ярьж хэлдэг ч замхарч орхидог талаар мэргэжлийн хүмүүс нь хэлж байна. Угтаа өнөөдөр хөндсөн энэ асуудал нэг талдаа эмнэлгийн байгууллага мөртлөө асрамжийн газрын үйлчилгээг хүргэж байгаа СЭМҮТ-д тухайн иргэдийн нийгмийн халамжийн мөнгийг хэрхэн зарцуулж, яаж бүртгэлжүүлж, хяналтаа тавих вэ гэдгийг чиглүүлээд өгчих журам ч үгүй сууж байгаагаас бөөн бөөн асуудлууд, хардалт сэрдэлт үүссэн. Харин нөгөө талдаа үнэхээр энэ төрлийн журам байхгүйг далимдуулж асрамжийн тасагт байгаа иргэдийн мөнгийг хууль бусаар авч зарцуулдаг уу гэх асуудал яригдаж буй юм. Тиймээс албаныханы хэлсэн гол шийдэл нь төрөлжсөн асрамжийн газраа барь аль эсвэл эдгээр иргэдийн нийгмийн халамжийг хэрхэн яаж зарцуулах талаар журмаа тодорхой болгож батла.
Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.