Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалт, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарынхантай уулзлаа. Энэхүү уулзалтад барилга байгуулалт, төлөвлөлтийн компаниудын удирдлага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, нийслэлийн харьяа байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын санал хүсэлтийг сонсож, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр салбар бүрийнхэнтэй уулзаж эхэлсэн. Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, тав тухтай холбогддог гэдэг утгаараа барилга бол хамгийн чухал салбаруудын нэг" хэмээв.
Улаанбаатар хот хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу барилгын салбартай холбогдох цөөнгүй ажлыг хийж буйг тэрбээр мөн онцолсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Засгийн газраар батлуулсан. Энэ хүрээнд баримт бичиг, зураглалыг УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн “Шил” ажиллагааны хүрээнд барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн.
Түүнчлэн хот төлөвлөлтийн асуудлыг хэлэлцдэг Мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр шууд дамжуулдаг болсноор барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд зураг төсөл зохиогч болон иргэд, олон нийт хяналт тавих боломж бүрдээд байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга онцолсон юм.
Мөн хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгон, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор "ebarilga" нийслэлийн цахим системийг нэвтрүүлж буй. Энэхүү системд олон нийтэд хэрэгтэй мэдээллийг оруулснаас гадна Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан билээ.