Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Элийрэгч“ буюу Ц.Уянга: Шулуухан л хэлье. МАН төрийн эрхэнд гарснаас хойш бүх юм нууц, хаалттай болсон

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
24 минут 25 секунд

Твиттер сүлжээнд "Элийрэгч" нэрээр танигдсан жиргээч Ц.Уянгатай сүүлийн үед түүнийг тойрч яригдаж буй зарим асуудлууд болон цахим сүлжээн дэх эрх чөлөө сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Үүдээр орж ирэхэд ханан дээрх зурагнууд анхаарал татлаа. Үзэсгэлэн гаргах гэж байгаа гэсэн үү?

-Бид өмнө No War буюу дайныг зогсоох чиглэлд дуу хоолойгоо илэрхийлж байсан шүү дээ. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Оросын ЭСЯ тэр байтугай төр засагаас нь хүртэл дарамт шахалт орж ирж нухчин дарж байх жишээтэй. Одоо бид дайн ба энх сэдвээр үзэсгэлэн гаргах гэж байгаа юм. Бид дайныг сонгох гээд байна уу аль эсвэл энх тайвныг сонгох гэж байна уу гэх чиглэлтэй. Уг нь өнөөдрөөс нээх гэж байсан боловч тодорхой асуудлууд гараад түр хойшилсон л байна. Энэ долоо хоногтоо багтаад нээх байх.

-Таныг Монголд түр хугацаагаар ирсэн гэж сонссон. Гадаадад хэр хугацааг өнгөрүүлэв?

-Ирээд нэг сар болох гэж байна. Хувийн ажлаар ирсэн. Тайланд улсад Чанмай хотод ковидын жилүүдэд ажиллаж амьдарсан. Ковидын жилүүдэд эх орондоо ирэлгүй бараг дөрвөн жил болсон байна. Цаашид хийж байгаа ажил маань хэр бүтэмжтэй байхаас шалтгаалж хэзээ явахаа шийднэ. Компанийн маань зарим үл хөдлөхөө багасгах, борлуулах, хасалт хийлгэх гэх мэтчилэн ажлуудаа бүтээгээд буцах санаатай ирсэн юм. Одоогийн байдлаар улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа учраас төлөвлөснийг бодвол хугацаа шаардагдах юм байна л гэж бодож байна даа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийн тань Орос улсын ЭСЯ-ны гадна талбайд дайныг эсэргүүцэн зогсож байр сууриа илэрхийлж буй зураг цацагдсан. Ер нь тухайн үед ямар процесс өрнөсөн талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Сошиал сүлжээнд гэлтгүй улс оронд болон олон улсад болж байгаа бүхий л үйл явдал, мэдээ мэдээлэл, үзэл санааны солилцоо, маргаан мэтгэлцээн бидний нүдэн дээр харагдаж байгаа шүү дээ. Дайныг болон дабл стандартыг эсэргүүцэж байгаа нийгмийн төлөөллийн дуу хоолойг хүргэхэд сошиал дээр ч тэр дэмжлэг нөлөөллөө хүргэсээр ирсэн. Намайг яваад ирсэний дараахан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү зэрэг залуус хоригдлоо л доо. “No War” хөдөлгөөнийг бүтэн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллага тэр дундаа шүүх, прокурорын бүх шатанд айлган сүрдүүлж, нухчин дарж байгаа нь харагдсан. Гол зорилго нь энэ хэдэн залуусыг бус цаашаа нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх, айдас төрүүлэх, залхаан цээрлүүлэх байдлаар Засгийн газраас өгч буй мессэж гэж ойлгож байна. Би ч гэлтгүй. Маш олон хүмүүс ингэж тодорхойлох байх. Энх тайвны төлөө дуугарсан залуусын үзэл санаа, үзэл бодлыг нь улс нь өөрөө улс төржүүлээд, хууль хүчний байгууллагаараа дамжуулан залхаан цээрлүүлж шийтгэдэг механизм болгож байгаа бол үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ харуулж байгаа ухаантай. Энд үлдсэн зарим залуусыг маань Зөрчлийн, эрүгийн бүх л төрлийн шийдвэрээр хилийн хориг тавих, зорчих эрхийг хязгаарлах, цахим гав зүүлгэх зэргээр оролдож л байна.

Зөвхөн Монгол Улсын хэмжээнд бус ардчилсан тогтолцоотой бүхий л улсын баримталдаг конвенцийн хүрээнд үгээ хэлж, үзэх бодлоо илэрхийлэх, улс төрийн байр сууриа хамгаалахад өөрсдөө оролцож, дархлаагаа тогтоох хүч болно гэдгээ харуулах акц гэх юм уу зорилготой байсан л даа. ЭСЯ-ны гадна ямар нэгэн бүгд цуглараарай, тэмцэе гэж уриалсан зүйл байгаагүй. Дайны эсрэг гэдэг нь улс төр гэхээсээ илүүтэйгээр олон улсын хараанд байгаа асуудал. Энд төр оролцох ямар ч шаардлага байхгүй. Тэр дундаа түрэмгийлэгч улсын хийж байгаа харгислал орчин цагт хүн төрөлхтний, хөрш улсуудынхаа эсрэг гэмгүй номхон иргэд, хүүхдүүдийн эсрэг хийж байгаа цус аллагыг зогсоохыг шаардаж байгаа энх тайвныг уриалсан дуу хоолой улс төржих асуудал биш. Энэ асуудалд өөрсдөө л хүчээ авсан. Бодвол цаана нь үүнээс айх шалтгаан байгаа байх. Бид хэлж мэдэхгүй юм. Гэхдээ их л сүрийг авч, олон цагдаа ирсэн. Нөгөө талдаа цагдаагийн ерөнхий газрын хэв журмыг хангуулах газраас яарч сандрөн зөвлөмж өгөөд байсныг ойлгосонгүй. Ганцхан хүн зогсож байхад жагсаал болдог гэдгийг би мэдэхгүй юм. Хамгийн харамсалтай нь иймэрхүү байдлаар жагсаал ч, цуглаан ч залуус иргэдийг айлгаж сүрдүүлдэг ийм аргатай болчихсон юм байна гэж л ойлгосон. Яагаад гэвэл цуглаан гэдэг чинь тусдаа ойлголт. Жагсаал гэдэг ч тусдаа ойлголт. Нэг хүн зогсож байхад “Танд өөрийн чинь эрх үүргийг танилцуулах гэж байна гэдэг байдлаар ямар нэгэн хуулийн сануулга өгөөд байгаа болтой юм. Тэнд гарын үсгээ зур гэдэг. Тэр нь амьхандаа жагсаал цуглаан зохион байгуулж байна гэж надаар хүлээн зөвшөөрүүлэх арга юм шиг. Би ч түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байхад хүмүүс үзэл санаагаараа нэгдэж нэмэгдээд ирэхэд намайг хариуцагчаар татья гэж бодсон ч юм уу, бүү мэд. Нөгөө талаар цагдаагийн албаны хуулиа биелүүлээд л явж байгаа байх. Гэхдээ хууль ёсны шаардлагаа хангахын оронд иргэдийг яаж үзэл бодлыг нь илэрхийлүүлэхгүй байх вэ, яаж 2-5 хүнийг нэгдмэл нэг зорилготой байлгахгүй байх вэ гэдэг л арга барил руугаа орчихсон юм уу гэж харагдлаа. Энэ бол тухайлсан нэг цагдаагийн асуудал биш. Бүхэл бүтэн нэг систем түүнийг удирдаж байгаа хууль хяналтын байгууллагын “толгой” болон хуулийн үйл ажиллагаанд хүний эрхийг нэн тэргүүнд хангах ёстой процессийн ажиллагаа тэр чигтээ алдагдаж байгаа эрх баригч намын бодлого байна л гэж би харж байна.

-Мэдээж хэрэг ардчилсан улс оронд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэхдээ өөрийн тань эл үйлдлийг олон нийт хоёр орны харилцааны сөргөөр нөлөөлөх вий гэдэг байдлаар ч харлаа?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс бие даасан, тусгаар тогтносон, хараат бус бодлоготой улс орон. Гадаад дотоод хүчин зүйл, геополитикийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан бид хоёр их гүрнээр хүрээлэгдэж байгаа нь ч үнэн. Гэхдээ их гүрнийхээ дургүйг хүргэхгүйгээр томоотой амьдрана гэдэг нь өөрсдийнхөө үнэт зүйлийг үл хүндэтгэх, үзэл баримтлалаас ухрах тэр тусмаа хүний эрх ардчиллын дархлааг худалдаж арилжаад өөрийнхөө улс оронд иргэд нь эрхээ хязгаарлуулаад сууна гэсэн үг биш шүү дээ. Нэг ширхэг иргэн, нэжгээд улсын иргэн ч бай бүгд тийм ухамсартай, зөв бодлоготойгоор явна гэж байхгүй шүү дээ. Бидний хийж байгаа үйлдлийг Засгийн газар юм уу төр төлөвлөсөн зүйл болохгүй. Түүний тулд төр засаг гэж юм байгаа. Хөрш орнууд Ц.Уянга гэдэг хүнтэй ирж харилцахгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Эсвэл Ц.Уянгын байр суурийг хэлэлцээд явахгүй нь ойлгомжтой. Хэрвээ би буруу байр суурь илэрхийлээд Оросын Засгийн газар болон бусад хөрш орнуудын ЗГ-т таалагдаагүй үйлдэл хийлээ гэхэд тэрнээс хамаараад хоёр улсын хоорондын харилцаанд үүсдэг зөрчил гэж байхгүй. Яригдахад ч инээдтэй асуудал. Үүнийг албан ёсны статустай, эрх бүхий албан тушаалтнуудын үг байр суурь, ЗГ-ын бодлого л тодорхойлдог. Бид ардчилсан улс учраас тэднээс ялгагдах зүйлтэй. Засгийн газартаа нийгмийн дуу хоолойг хүргэх, эсэргүүцлээ илэрхийлэх, нийгмийн захиалгыг шаардах эрхүүд байгаа. Хятад аль эсвэл Оросын дургүйг нь хүргэсэн үйлдлийг иргэн нь гаргаж байна гээд бид Үндсэн эрхээрээ олгогдсон эрхээсээ татгалзах ёстой юу. Нэн тэргүүнд иргэнийхээ эрхийг хамгаалж, дархлаажуулах асуудал явагдаж байгаа. Хоёрдугаарт, олон улсын гэрээ, конвенц, фактын эсрэг их гүрний дээрэнгүй бодлогоор хавчин гадуурхдаг энэ бодлогыг Монгол Улс хөрш орнуудааса зөндөө л амслаа. Хүлцэнгүй, ноомой байдлаар явж ирлээ. Зарим зүйлийг нь тэвчиж ирсэн. Гэтэл Украинд болж байгаа үйл явдлыг бид өөр дээрээ авч үзвэл шударга бус үйл явдал гэж би үзэж байгаа. Цэргийн ажиллагаа гэж нэрлээд байгаа юм. Энэ бол дайн. Энгийн хот суурин, сум тосгодын хүн амыг цэргийн ажиллагаа нэрийн дор хомроглон устгаж байгаа явдал.

-Би шулуухан л хэлье. МАН төрийн эрхэнд гарснаас хойш бүх юм нууц, хаалттай болсон-

-Таныг твиттер сүлжээнээс олон нийт мэдэх болсон. Энэ утгаараа асууя гэж бодсон юм. Твиттер хуудас гэлтгүй цахим сүлжээ хэр эрх чөлөөтэй байна?

-Ганцхан твиттер ч гэлтгүй л дээ. Цахим сүлжээг л яриад байгаа боловч бидний амьдрал дээр ч эрх чөлөө гэх асуудал гарч ирж байна шүү дээ. Жагсаж цуглахаас авхуулаад л. МАН 7-8 жил эрх барих энэ хугацаанд байж боломгүй хамгийн бурангуй, увайгүй үйлдлүүд нь улайм уайндаа гарчихлаа л даа. Жишээлбэл, иргэд нь өөрсдийнхөө эрхийг эдэлснийхээ төлөө ял авдаг, байцаагддаг, дуудагддаг. Өнөөдөр цагдаагийн байгууллага нь хийх ажилгүй болчихсон юм уу. Монгол Улсад шалгах ёстой эрүүгийн гэмт хэргүүд зогсчихсон юм уу. Ядуурал нэмэгдэж, эдийн засаг нь унаж нийгмийн чанар унаж байна. Энэ хэрээрээ гэмт хэрэг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл газар авч байна. Гэтэл цагдаагийн алба хаагчийн үндсэн ажлыг нь хийлгүүлэхгүй эрх баригчдад тэрсэлсэн аль эсвэл гомдоож, уурлуулсныг нь шалгадаг ажил болж хувираад байна. Энэ нь эргээгээд хүний язгуур эрх ашгийг үгүй хийж устгаад эхэлж байгаа юм. Өмнө сошиал орчинд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө тэмцдэг л байсан. Учир нь тэр үед ч одоогийнх шиг эрх баригчдын зүгээс амыг нь барих гэдэг тодорхойлолт байсан. Гэхдээ өнөөдрийн Засгийн газрын хэмжээнд хүртэл хэмжээнд байж үзээгүй шүү дээ. Бид хэний ч өмнө төгс төгөлдөр, туйлын ухаантай хүн болгонд таалагддаг, ёс зүйн дээд хэмжээг сахисан аль эсвэл зөв гэдэг хэмжүүр гаргачихаад түүндээ багтаж амьдрах ёстой хүмүүс биш шүү дээ. Хуулиар олгогдож байгаа эрхийн хүрээнд хэлэх үгээ хэлэх эрхтэй. Хуулиас гадуур зөрчил гаргасан зүйл байвал хариуцлага хүлээх нь зөв. Гэтэл хуульд үл хамаарагдах зүйлийг хүчээр хуульд хамаатуулаад яваа нь өөрөө хүний эрхийг ямар байдлаар хумих вэ гэдэг арга хэмжээ л яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр би шулуухан л хэлье. МАН төрийн эрхэнд гарснаас хойш бүх юм нууц, хаалттай болсон. Хэзээ ийм байлаа. Үүнээс сайхан нийгэм рүү очно, эрх чөлөө рүү тэмүүлнэ, иргэний нийгэм рүү очно гэдэг итгэлтэй явж байсан хүмүүс өнөөдөр ийм байдалд хүрчихсэн байхад цаашид итгэх итгэл байхгүй. Хууль өөрөө үйлчилдэггүй. Ялангуяа энгийн иргэдэд. Хууль иргэнийг хамгаалахаа больчихсон. Иймээс л өнөөдөр залуусын маань нүд итгэлгүй байна. Ганц бодож байгаа зүйл нь Монголоос явах аль эсвэл улс төр рүү орох. Түүнээс биш хамгийн сайн чаддаг зүйлдээ тэмүүлэх бодолгүй болчихсон байгаа нь харамсалтай.

-Хоолноосоо, мөнгөнөөсөө, хувцаснаасаа илүү нэн тэргүүнд эрхэмлэх зүйл бол ЭРХ ЧӨЛӨӨ-

-Надад өөртэй тань уулзвал асууя гэж бодсон зүйл байлаа. Таныг олон жилийн өмнөөс твиттерт мэдэх юм байна. Ер нь жиргээ магадгүй үг, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хэчнээн удаа хууль хяналтын байгууллагын хаалгыг татсан бол?

-Ер нь байнга шүү дээ. Миний нөхцөлд хуулийг хэрэглэх нөхцөл байдлыг урвуулан ашиглах бололцоог нь олгохгүй байна гэдэг давуу талтай зүйл л дээ. Зарим асуудал нь шалгагдаад, хэрэгсэхгүй болсон хэргүүд ч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асантай хүртэл шүүхдэлцэж л явсан. Нэр төрд хадлаа, гутаан доромжиллоо гээд л шүүхээр явж байсан. Манайхны хуучны социалист аргаар хүнийг айлган дарамталдаг ойлголт хуулийнханд бий болчихсон байна л даа. Уг нь хамгийн түрүүнд хүний эрхийг хангаж байж процесс нь явагдах ёстой. Процессийг дандаа эсрэгээр нь хийгээд сурчихсан байна. Тэгэхээр миний хувьд яг одоогийн байдлаар тодорхой хэмжээгээр ял шийтгэл хүлээсэн зүйл алга. Шалгуулаад юм уу шүүх цагдаагаар явах асуудал байсан.

-Өөртэй тань адил кейстэй хүмүүс танд хэр хандах юм?

-Зөндөө шүү дээ. Бүг д бичээд ороод ирдэг юм. Би ч өөрөө юу мэдэх вэ дээ. Өөрт тохиолдсон зүйлээ л ярьдаг. Өмгөөлөгч нар л мэднэ. Хууль бол хоёр талын мэтгэлцээн шүү дээ. Хамгийн гол нь бид нар шударга шүүхийн процессоор хангагдах бүрэн бололцоог алдаж болохгүй.

-Эрх баригч нам бол аль ч сонгуулиар солигдож болно. Тэгвэл төр засаг гэх өнцгөөсөө бус хувь хүн эрх, эрх чөлөөгөө хэрхэн хамгаалах ёстой юм бэ. Таны бодлоор?

-Тийм шүү. Ямар ч мундаг хүмүүс төрийн эрхэнд гарсан одоо байгаагаасаа илүү л эрх мэдэлтэй байхыг хичээнэ шүү дээ. Тэгээд ирэхээр нийгмийн оролцоог аль болохоор хумихыг оролдоно. Нийгмийн оролцоо өөрөө өндөр шаардлага тавина, хяналт тогтооно. Ийнхүү хяналт тавиад ирэнгүүт эрх мэдэл хумигдаж эхэлдэг, дураараа аашилдаг байдал багасаж шууд болон нээлттэй ардчилалтай болно. Бид нарт үлдэж байгаа нь эрх чөлөө л байна шүү дээ. Эрх чөлөө хамгийн үнэтэй зүйл шүү гэдгээ бид ойлгох ёстой. Хоолноосоо, мөнгөнөөсөө, хувцаснаасаа илүү хамгийн түрүүнд эрхэмлэх зүйл бол эрх чөлөө. Эрх чөлөөтэй байж эх оронтой байна. Эрх чөлөөгүй эх оронтой байгаад бил яах юм. Тиймээс иргэд маш сайн оролцоотой байх ёстой. Эрхээ бүх газар эдлэхийг шаарддаг байх ёстой. Төр засгаас мэдэх эрхээ байнга нэхдэг байх ёстой. Мэдэх эрхийг нь хангахгүй байгаагийн цаана л авилга, хулгай явж байгаа шүү дээ. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхүүд бүгд үүнд багтана. Нэг нь оролцоод ирэхээр бүх юмыг эсэргүүцэж байдаг гээд байх юм бол хэн дугарах юм. Хэн ч дугарахгүй болоод ирэхээр дугарсан нэгэн нь нухчин дарагдаад эцэстээ эрх чөлөө гэдэг зүйл байхгүй болно.

-Авлигалтай тэмцэнэ гэдэг нь МАН-ын хувьд нам доторх бүлэглэл хоорондын зодоон-

-Та ер нь МАН-ыг авилгалтай хэр тэмцэж чадаж байна гэж харж байна. 2023 оны Авлигалтай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа шүү дээ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олон ч асуудал энэ цаг үед олны анхаарлын төвд байна. Энэ тал дээр хувь хүний байр суурь тань ямар байгаа вэ?

-Авилга гэдэг бол сүүлийн хэдэн жил топ сэдэв болчихлоо л доо. Бүгдээрээ л авлигалтай тэмцэх талаар ярьдаг ч бодит байдал дээр энэ авлигалыг ямар бүлэг нь авах вэ, түүнийг хэн нь хянах вэ гэдэг л зодоон явагддаг. Өнөөдөр ч гэсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шоу хийж байна. Телевизээр олон янзын шоу гардаг даа. Үүнтэй л ялгаагүй. Өнөөдөр ямар хэрэг илэрсэн юм бэ. Тэрний, энэний гэж бүлэглэлийнхээ хулгайг яриад байгаагаас биш сүлжээг нь задалчихсан, зохион байгуулалтыг нь гаргаад тавьчихсан зүйлгүй л байна шүү дээ. Б.Ганхуягийг баривчлаад шоронд хийлээ л гэсэн. Эцэстээ гэхэд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө л томилсон биз дээ. Өөрийнх нь итгэж томилсон хүмүүс хулгайч юм бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ямар ч чадамжгүй юм байна шүү дээ. Нүүрснийхэн тэглээ, ингэлээ л гэх юм. Ямар нүүрсчид илэрсэн юм бэ. Х.Нямбаатар нь хүртэл ичихгүй БНХАУ-ын талаас тусламж үзүүлэх боломжгүй гэсэн гээд яриад зогсож байсан шүү дээ. Хоёр улс хоорондын хамтын ажиллагаа үргэлжилж л байгаа асуудал шүү дээ. Хэзээ зогсдоггүй процесс байхад тэнэг хүмүүсийг хуурч байгаа аятай худлаа яриад байх юм. Энэ бол нам доторх бүлэглэлүүд хоорондын зодоон гэж бодож байгаа. Би энэ Засгийн газрыг авлигалтай тэмцэх ямар нэгэн үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Энэ бол цэвэр шоу.

-Төр оролцдоггүй бизнесийн орчин хэрэгтэй байна-

-Та бол бизнес эрхлэгчдийн нэг төлөөлөл. Ковидын цаг үе олон ч бизнес эрхлэгчдэд хүндхэн сорилт болсон. Таны бизнест ямар байдлаар сорилтыг авч ирэв?

-Цар тахал дэлхий дахиныг л хамарсан. Манайхны хувьд хүмүүсээ л халах л юм бол арга хэмжээ авна гээд Засгийн газар нь мэдэгдээд байсан шүү дээ. Тэр хүртэл татварыг зогсооно, харж үзнэ л гээд байсан. Хоёр жил алдаг оног үйл ажиллагаагаа явуулж, үүдээ барихын наагуур ажиллалаа. Манай хөрөнгө оруулалтын зуучлалын чиглэлийн үйл ажиллагаа бүр зогссон. Хөрөнгө оруулалт ч байхгүй болохоор. Гэхдээ бүх ажилчдаа аваад л явсан. Байгаа боломжоороо цалинг нь тасалдуулалгүй, сүүлчийнхээ талхыг хуваана гэдэг шиг л ажиллаж ирлээ. Гэтэл Засгийн газрын амлаж байсан зүйлүүдээс яг юу нь хэрэгжсэн юм бэ. Татвар нь хөнгөлөгдсөн үү, хойшилсон зээлүүд нь бөөгнөрч өр болоод эхнээсээ шүүх цагдаа болоод л явж байна. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлүүдийнх нь хүү ч хөнгөрсөн зүйл байхгүй шүү дээ. Эцэс сүүлд нь чи зээл авсан юм чинь төл гээд л байж байгаа. Ингээд л ковидын цаг үеийг давж хэвийн амьдралдаа ороод явья гэхээр чадахгүй байгаа байхгүй юу. Хоёр жил тэвчлээ. Ковидын дараах жилтэй тооцвол одоо дөрвөн жил болж байна. Илбэчин биш л бол энэнээс цааш яаж тэсэх вэ дээ. Компаниа бүр хаачихаж болохгүй байгаа учраас байж болох санхүүгийн дарамт үүсгэдэг үйлчилгээгээ хааж, ажилчдаа цомхотгож, хамгийн цомхон бичил хэлбэрээр оршихоос өөр аргагүй болчхоод байна л даа.

-Тэгвэл бизнес эрхлэгчдэд ямар бизнесийн орчин хэрэгтэй байна гэж та харж байгаа юм бэ?

-Төр оролцдоггүй л орчин хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчдийн эдийг засаг нь өөрсдийн буруугаас бус төрийн хийж байгаа бодлогоос хамаарч савлаж байдаг зүйл. Компани байгуулах нь шийтгэл юм шиг, хаах нь шоронд орох хэмжээний асуудал болдог учраас хаачихаж ч болохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хиймэл бүртгэл үүсгээд л яваад байна гэсэн үг шүү дээ. Тиймээс муу хуультай байсан ч нэг зарчмаар мөрдөгддөг байх хэрэгтэй. Төр зах зээлийн орчинд нь оролцдоггүй л байх хэрэгтэй. Зөнгөөр нь орхиход хувь хүн эрх чөлөөгөө даагаад явахад хэндээ гомдох юм бэ.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Г.Ганболд гишүүн сонсголоо зохион байгуулж чадахгүй “нүүрсний хулгайг“ БҮДГЭРҮҮЛЖ байна
Г.Ганболд гишүүн сонсголоо зохион байгуулж чадахгүй “нүүрсний хулгайг“ БҮДГЭРҮҮЛЖ байна
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.