Манай хүүхдийн зохиолчид Ё.Далайжамц гэдэг хүнийг андахгүй. Их сайн танина, мэднэ. Тэрээр зохиолчдын дунд сэтгэл зүрхээрээ хамт байдаг хүн. Гэхдээ Ё.Далайжамц уянгын шүлэг тэрлэж, өгүүллэг тууж хөврүүлж байсныг нь санахгүй юм. Алтны дэргэдэх гууль шарлав гэдэг шиг саяхан нэгэн ном гаргаж амжжээ. “Би монгол хүүхэд” гэсэн баримтат танин мэдэхүйн ном ажээ.
1990-ээд онд Д.Давааням гэдэг хүн “Байхгүй юмгүй ном” гэсэн ганц гараар даамгүй зузаан ном гадаад хэлнээс орчуулан гаргаж монголчуудыг алмайруулсан. Зохиолч Ё.Далайжамцын ном хэмжээгээр томгүй ч агуулгаараа монгол хүмүүс бидэнд “Байхгүй юмгүй ном” –оос илүү үр өгөөжтэй, үнэ цэнтэй ном болжээ. Нүүдэлчин монголчуудын үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хийдэг бүх л ажил үйлийг энэ номоос мэдэж болно. Нүүдэлчдийн амьдралыг энгийнээр хүүрнэн тоочих биш мал аж ахуй эрхлэх арга ухаан, монгол хүний амьдралаа залгуулдаг арга эвийг ойлгуулан таниулсан үйл явдал, дүрслэл энд байна. Хөдөөгийн нүүдэлчин ардын амьдралыг дүрслэн бичсэн нь хааяагүй л байдаг энгийн зүйл. Харин номын агуулгад буй сэтгэлгээ нь “би мэднээ” л гэж мэдэмхийрэх аргагүй аж төрөх арга, ухаан аж. Хотожсон, суурингийн бидний мартсан, мартагдсан “амьдрал”-ыг энэ ном сэргээснээр төрийн шинэ сэргэлтийн бодлоготой яв цав таарч байгаа юм.
Энэ номыг хоёр хүүхдийн яриагаар зохиомжлон хүүрнэх хэлбэрээр бичсэн. Өөрөөр яаж бичих вэ дээ. Зохиолын гол баатар Ананд харь холын нутгаас Монголд ирсэн хамаатныхаа хүүхэд Бэлгүтэйг “монгол” болгож, хөдөөгийн амьдралыг тайлбарлан таниулна. Бичлэгийн арга барил нь энгийн мөртлөө үйл явдлын учир шалтгааныг тун үндэслэлтэй, ойлгомжтой хэлж, тэр нь хүүхдэд хүрч чадаж байна.
“Би монгол хүүхэд” номын хөндөж, дэвшүүлэн тавьж байгаа асуудал нь амьдралын фиолософийг задалж өгсөнд оршино. “МОНГОЛ ХҮН” энэ дэлхийд байх эсэх, монгол үндэстэн орших эс орших утга энэ номонд нэвт шингэжээ. Номын агуулгыг хоёр талаас ойлгож болно. Монголчуудын хойч үе, хүүхэд багачуулдаа монгол зан заншил, ёс уламжлалаа таниулах, нөгөө талаас монгол хүний үнэлэмж ямар шалгуураар хэмжигдэх ёстой юм бэ гэдгийг “хар хайрцаг”-ны бодлого шиг нууцлан хадгалуулжээ. Номын үнэ цэн энд л оршино. Энэ утгаар тус номыг авч үзвэл хүүхдэд хаягласан мэт боловч монгол хүн бүрийн унших ёстой шастир мөн.
Өөр нэг анхаарал татсан зүйл бол хүмүүсийн хот хөдөөгийн ялгаа. Үүнд эмзэглэх хүмүүс их бий. Ялангуяа хотод төрж өссөн хүмүүс. Нэг ёсондоо тэд үнэнийг ухаардаггүй, асуудлыг зөвхөн өөртөө хамаатуулж, аминчхан боддог. Энэ бол сайны ёр биш. Хотод төрсөн тэдэнд үнэхээр буруу байхгүй. Гэхдээ л хүлээн зөвшөөрөх ёстой нэг л зүйл нь, “би хотод төрж, өссөн болохоор хөдөөний амьдралыг мэдэхгүй “ гэдгээ л ойлгочихвол болох. Даанч өөртөө үнэн үг халдаахгүй “уснаас хуурай гарчихдаг, муу зуршил бидэнд байх юм.
“Монголчууд, тэр дундаа хөдөө нутгийн ард түмэн мал аж ахуйгаа эрхэлж, олон зуун жил малаа маллаж ирсэн, жилийн дөрвөн улирал, цаг агаартаа тааруулж байнгын нутаг сэлгэн нүүдэллэж”... /номын 12-р тал/ тэгэхдээ “малын онцлогт тохируулан нутаг бэлчээрээ сонгох, ямар улирал, ямар цагт авах малын ашиг шим өгөөж илүү их байдгийг таньж мэдсэн, мал маллагааны асар нарийн ухаантай ард түмэн” /тус номын 38-р тал/ гэжээ.
Нүүдэлчдийн байгаль цаг агаарыг шинжлэн таних болон мал маллах арга ухаан нь байгалаас заяадмал шинж гэдгийг тэдний амьдрал илтгэнэ. Нөгөө, төрийн соёрхолт, яруу найрагч Цэндийн Чимиддоржийн хэлдэгээр “мал маллах ухаанаа Маркс Энгельсээр заалгаагүй” гэдэг энэ. Малчдын энэ арга ухааныг яаж өвлөж үр хүүхэддээ удамшуулах вэ?
Дунд сургуулийн бага ангид хөдөө аж ахуй гэх цөөн цагийн хичээл ордог юм шиг байгаа юм. Тэнд юу заадаг бол? Сурах бичиг ч үгүй биз. Багш нар нь “цээжний бангаар авна”. Нэг ном хуулж ярьдаг, “морины буруу тал”-аас мордохоор мал аж ахуйн мэдлэгтэй хүн байвал яана. Ингэж л бид бие биеэ хуурсан “хуурай сургалт” явуулаад байгаа. Тэд “Би монгол хүүхэд “гэсэн ном байгааг багш нар мэдээсэй. Сургалт заах арга зүйн мэргэжилтнүүд нь энэ номыг олж үзэж, ашиглаасай гэж хүснэм.
Аливаа үндэстний бусдаас ялгарах СОЁЛ-ын том өв бол эх хэл байдаг. Хэл нь мэдээж үгээр л илэрхийлэгдэнэ. Малчдын хэл гэвэл утгагүй ч нүүдэлчдийн үг яриа, мал аж ахуйн арга ажиллагааны нэршил гэвэл их тод болно. Би үүнийг яах гэж яриад байна гэвэл “Би монгол хүүхэд” номыг л өөр өнцгөөс нээн харуулах гээд байна. Ё.Далайжамц ёстой нэг монгол хүн шиг энэ номоо монгол үгээр бичсэнд талархаж байна. Монгол хэл бусад хэлний адил өөрийн дархлаатай. Монгол хэлээр /үгээр/ хэдий чинээ олон хүн ярьж хэлж, түүнийгээ бичгийн хэлэнд тогтвортой суурилж өгвөл хэлний дархлаа төдий чинээ бат бэх болно. Нүүдэлч монголчуудын арвин баялаг үг яриа өнөө цагт хомсдох тал руугаа яваад байна шүү. Үүнийг сөрж “Би монгол хүүхэд” ном бичигджээ. Энэ бол монгол хэлний хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр. Хэрвээ аз тохиогоод Ё.Далайжамцын номыг өөр нэг хэл рүү орчуулах гэж оролдох аваас мөн ч их бэрхшээлтэй /хараалтай/ тулгарна даа. Ийм жанрын номыг орчуулах нөхцөл, боломж ч байхгүй юм.
Монгол үгийн утга бүдгэрнэ гэдэг бол “монгол”-оо алдаж байгаагийн шинж. Ё.Далайжамцын номноос харахад “хот айл, илүү гэр, хонин холбоо, тооно туших, бэлчээр, шүүдрийн ус, монгол мод, зэл, сэгс, чагт, үдээр, ивлэх, загсаах, ээдүүлэх, идэш, цагаан тос гэх мэт олон олон үгийн утга бүрхэг болж байна шүү.
Зохиолч Ё.Далайжамцын “Би монгол хүүхэд” ном гэрийн хүмүүжилд асар их ач холбогдол өгсөн нь илт. Энэ нь гадаадын аль нэг харь орноос хуулбарлаагүй жинхэнэ ардын сурган хүмүүжүүлэх ухаан эндээс харагдаж байна.
Монголчуудын хувьд гэрийн хүмүүжлийг голдуу эх хүн гардаж, эцэг нь ноён нуруу болон үлгэрлэж байдаг уламжлалтай. Эндээс юу ажигдагдана гэхээр гэрийн хүмүүжлийн гол цөм нь хүүхдийг багаас нь мал аж ахуй эрхлэх ажилд сургах, эргэн тойрон уул ус, газар нутгаа ажиглах, бэрхшээл саадыг даван туулах сэтгэлийн тэнхээтэй болгох. Энэ нь гэрийн үмүүжлийн суурь болох бөгөөд дараагийн нь алхам аав ээж, бурхан ном, багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх, тэдэнд үнэнч байх. Ийм л энгийн мөртлөө хүмүүжлийн суурь асуудлуудыг үе дамжин өвлүүлдэг байжээ.
Хөдөөгийн хүүхдүүд чинь ясли цэцэрлэгээс илүүтэй ах эгч нараа дагаж, тэдний асрамж, хайранд өсдөг. Энэ нь гэр бүлийг бэхжүүлэн гагнаж, гал голомтоо бадраан есөн үедээ уламжлан өвлүүлэх сэтгэлийн галыг асааж өгч байгаа холч ухаан юм. Нүүдэлчдийн гэр бүлийн эвтэй найрсаг харьцаа энэ номноос сэтгэл дулаацуулна.
Ё.Далайжамцын номонд “НАР ЗӨВ ЭРГЭХ ” гэх ухагдахуун хөндөгдөнө. Энэ үгийг Азийн монгол угсаатнаас өөр хүмүүс хэлдэг гэдэгт итгэхгүй байна. Нарны, хүмүүст үзэгдэх нэг өдрийн хөдөлгөөнийг монголчууд “Нар зөв эргэх” хэмээн бэлгэдэн, энгүүнээр “хоёр нарны хооронд амьдрах” гэж хэлдэг. Нар зөв алхаж байгаль дэлхий сав шимийн барилдлагад хүн болж оршихуйн тухай ухаарал нь Монгол ухааны том бичээс.
“Нар зөв” гэдэг үг монголчуудын үе улиран амьдарч ирсэн гэртэй холбоотой. Тус номонд гэрийн тухай өгүүлсэн бүтэн бүлэг байгаа. Гэрт туссан нарны цацраг хоймроор тойрдог. Үүнийг нар зөв эргэх гэнэ. Хөдөөгийн малчид үнээ малаа саах, хонь бэлчээх, хотлуулах зэрэгт гэрийнхээ тооноор туссан нарны тусгалаар цагийг баримжаалдаг байжээ. Энэ нь бас л шинжлэх ухааны үндэслэлтэй болох нь өнөө мэдэгдэж байна. Зүүн урагш хандуулан барьсан дөрвөн ханатай (тотгон дээрээ дөрвөн уньтай), 60 уньтай гэрийн хоёр унины хоорондох зай зургаан хэмийн өнцөгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг тохирдог гэж эрдэмтэд нотолжээ.
Зохиолч Ё.Далайжамцын монгол хүүхдийг “монгол хүн” болгох, монгол байлгах гэсэн санааг “АВАХ ГЭЭХ-ийн УХААН”-аар ойлгож хүлээн авах нь зөв болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл бид, монголчууд мал ахуй ,хөдөө орон нутаг гэхээр л "мэднээ мэднэ, тэрийг мэдэхгүй хэн байх вэ” гэж дөвчигнөдөг. Хэрэг дээрээ байгалийн зураг харж байгаа юм шиг өнгөний ойлголттой байдаг шүү дээ. Тийм учраас ийм номыг сонирхон унших ч үгүй. “Мэддэг” учраас. Тэгвэл энэ ном шал өөр асуудлыг хөндөж байгааг би олон удаа хэлээд байгаа. Ямар асуудлыг?
Ё.Далайжамц номынхоо эхнээс эцсийг нь хүртэл “монгол хүүхэд” гэж хэн бэ? гэсэн асуултыг үг өгүүлбэр бүрт шингээн тавиад, түүнийгээ “МОНГОЛ ҮНДЭСТЭН” гэсэн үг гэж хариулжээ. Энэ гаргалгаа маш оновчтой болжээ.
Үндэстэн гэдэг ухагдахууныг тодорхойлоход амаргүй. Мань мэтийн хийдэг ажил биш. Гэхдээ эрдэмтэн мэргэдийн хэлснээс уншаад баримжаа авчихаж болно.
Францын сэтгэгч Эрнест: “Үндэстэн “(nation) нь амин сүнс, оюун санааны зарчим юм гэж хэлжээ. Үнэндээ оюун санааны зарчмыг бүрдүүлдэг хоёр зүйл байдаг бөгөөд нэг нь өнгөрсөнд, нөгөө нь өнөөгийнх юм байна. Түүний үзэж байгаагаар орчин үеийн үндэстний цорын ганц бүрэлдэхүүн хэсэг нь НИЙТЛЭГ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ юм. Ингэж монгол хүн бүрийн сэтгэлд монголоо гэсэн, монгол удам угсаагаа гэсэн хүсэл эрмэлзлэл буй болоход зохиолч Ё.Далайжамцын ном ач холбогдлоо өгнөө.
Уншигч миний хувьд энэ номыг их дээгүүр үнэлж байгаа. Дашрамд хэлэхэд, монголчууд бидний “монгол” цус оргилон, ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ сэргэж, айл өрх бүхэн Их Эзэн Чингисийнхээ хөргийг хоймортоо залж, “Монголын нууц товчоо”-г номын тавиуртаа дэлгэх болсон нь сайшаалтай. Тэгээд цаана нь багахан зай байх аваас “Би монгол хүүхэд” номыг тэнд байрлуулчихвал тэр айлын оюуны ертөнц дүүрээд явчих бол уу гэсэн төсөөлөл надад байна.
Тэгвэл Их хаанаасаа бид юуг авч үлдсэн билээ? Тасарч үсэрсэн ч, тайрагдаж хэрчигдсэн ч дэлхийн том тамга хэвээрээ үлдсэн асар уудам газар нутаг, нэгдэн хүчирхэгжсэн зүрх сэтгэл, бахархал бардамнал, омог онгирлыг авч үлдсэн. Гэхдээ Монголыг цаашид Монголоор нь авч үлдэх зүйл бол энэ бүхнээс илүү ҮНДЭСНИЙ ОЮУН САНАА юм гэж манай нэг яруу найрагч Т.Баянсан хэлснийг энд тэмдэглэе.
Нүүдэлчин монголчуудын мал маллах арга ухааны талаар зөндөө ном зохиол гарсан. Одоо ч бичсээр байгаа. Харин Ё.Далайжамцын номын хувьд бол бичлэгийн эв зүй, найруулах эрдэм чадал бусдаас өөр. Мал адуулах бүх үйл, ухагдахуун, нэршил нь утга сүлжилдэн нягтарч яг л чөдөр зангидах мэт тийм уран бичигдсэн юм шүү.
Хэн нэгэн өөрийгөө монгол үндэстний цусны тасархай гэж үзэж боддог бол тэр хүнд үндэстний үзэл байна гэсэн үг. Зөвхөн үндсэрхэг үзлийг эдгээр соёлын системтэй холбосноор үндэстний утга учрыг жинхэнэ утгаар нь ойлгох боломжтой.
Үндэстний үзэл гэдэг бол хүмүүс өөрийгөө ямар нэг бүлэг хүмүүст харьяалагдаж байгаа гэдгээ ойлгож, өөрийгөө тэдэнтэй адил соёл уламжлалтай гэх мэдрэмж юм гэж Сетон-Ватсон 1977 онд тодорхойлж байжээ.
Өнөө цагийн монгол хүүхдүүд маань эрүүл чиирэг бие бялдартай, аялгуу сайхан монгол хэлтэй ч тэдний сэтгэлгээ, амьдрах арга нь монгол хүүхэд биш болчихоод байна шүү. Жинхэнэ монголчууд өвөг зан заншил, амьдрах ахуйгаа тээгээд нэг соёл иргэншлээс нөгөө рүү НҮҮЖ байна. Уншигч та бүхэн зохиолч Ёндонжамцын Далайжамцын “Би монгол хүүхэд” номыг уншиж, өөрөөрөө нэг бахархан омогшоорой.
Монгол орон, монгол үндэстнийхээ хэдэн зууны цаадахыг төсөөлөн амьдарч, үүний төлөө үр удмаа үлдээдэг хүнийг, ТАНЫГ монгол хүн гэж хэлнэ. Монголчуудын үр сад өнөр өтгөн болж, өнө удаан жил оршин амьдрах болтугай.
Л.САМБУУ