Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ХЭРЭГ: Хятадын талаас “Д.Мөнх-Эрдэнэ эрх ямбаа ашиглан контрабандын хэрэг үйлдэж байна. КОНСУЛААС нь эргүүлж татна уу“ хэмээн хэд хэдэн удаа дипломат шугамаар АНХААРУУЛЖ байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 17 секунд


Дипломат албатаас лайвчин хэмээх "гуншинтай" болоод амжсан Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт шүүх ямар шийдвэр гаргах бол гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна. Түүнийг Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдад хахууль өгсөн зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэсэн нь энэ.

Эргэн сануулбал, Д.Мөнх-Эрдэнийг 2019 оны зургаадугаар сард Засгийн газрын тогтоолоор Консулаас эргэн татсан байдаг. Тухайн үед түүнийг автомашины хууль бус наймааны асуудалд холбогдсон тул эргүүлэн татсан гэх мэдээлэл цацагдсан ч төд удалгүй намжиж орхисон. Тэгвэл иргэн Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхий консулаар ажиллаж байхдаа ямар хэрэгт холбогдсон, эл асуудалд Хятадын тал ямар байр суурь илэрхийлж байсан болон тухайн үед бий болсон нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэж байна.

-Д.Мөнх-Эрдэнэ автомашин хууль бусаар дамлан худалдаалсан нь тогтоогдсон гэж БНХАУ-ын ГХЯ-наас Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд хоёр ч удаа ноот бичгээр "АНХААРУУЛЖЭЭ"-

2018 оны 11 дүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх Land Rover болон Ерөнхий Консулын газрын нэр дээрх бүртгэлтэй гурван бенз гээд нийт дөрвөн автомашиныг тус улсын иргэд худалдан авч, ашиглаж байгаа бөгөөд Д.Мөнх-Эрдэнэ нь энэ дундаас тодорхой ашиг хүртсэн болохыг олж тогтоосон тул түүнийг хэргийн мөрдөн шалгах ажилд дэмжлэг үзүүлж, тайлбар өгч ажиллуулахыг хүсэж ЭСЯ-нд ханджээ. Эхний ноот бичгийг БНХАУ-ын ГХЯ-наас 2019 оны тавдугаар сарын 17-нд хүргүүлсэн байдаг бол дараагаар нь мөн оны зургаадугаар сарын 20-нд дахин ийнхүү ЭСЯ-нд хандсан аж.

БНХАУ-ын ГХЯ-наас Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Д.Мөнх-Эрдэнийн холбогдсон асуудалтай холбогдуулан хүргүүлсэн эхний ноот бичиг /2019.05.17/

-БНХАУ-ын ГХЯ Д.Мөнх-Эрдэнийг Ерөнхий Консулаас нь чөлөөлж өгөхийг хүсэж албан бичгээр хандсанаас 8 өдрийн дараа түүнийг эгүүлэн татах ЗГ-ын тогтоол гарсан-

Ингэхдээ хоёр дахь удаагийн албан бичигтээ "Хэргийн бодит нөхцөл байдал тодорхой байгаа бөгөөд Ерөнхий Консулын хийсэн уг үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ба энэ нь Хятад-Монгол хоёр орны хэвийн харилцаа болон хамтын ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлж байна" гэж дурджээ. Мөн БНХАУ-ын иргэдэд борлуулсан гэх автомашинуудыг хуулийн дагуу хураан авсан гэдгээ мэдэгдэж, хэргийн мөрдөн шалгах нотлох баримтыг цуглуулах шаардлагатай тул Монголын талаас Ерөнхий Консулаас нь чөлөөлж өгөхийг хүссэн байна. Хятадын талын эл хүсэлтээс хойш 8 өдрийн дараа буюу 2019 оны зургаадугаар сарын 28-нд Ерөнхий Консулыг эгүүлэн татах тухай Засгийн газрын тогтоол гарч, Д.Мөнх-Эрдэнийг дипломат албанаас нь чөлөөлсөн байдаг.

БНХАУ-ын ГХЯ-наас Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Д.Мөнх-Эрдэнийн холбогдсон асуудалтай холбогдуулан хүргүүлсэн удаах ноот бичиг /2019.06.20/

БНХАУ-ын талаас хэрэг гарсанаас хойш Хятадын талаас Д.Мөнх-Эрдэнийг ГЕГ-ын контрабандтай тэмцэх байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг удаа дараа хүссэн боловч бодитой хариу авч чадаагүй тул Консулаас нь чөлөөлж өгөхийг хүссэн нь энэ аж.

-УУЛЗАЛТ 1: БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын зөвлөх Ли Шян "Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ манай улсын хууль тогтоомжийг хүндэтгэн дархан эрх ямбаа хэтрүүлэн буруугаар ашиглахгүй байхыг хүсч байна" гэжээ-

Д.Мөнх-Эрдэнийн асуудал газар авч, тухайн үед дипломат шугамын хоёр ч уулзалтын үеэр яригджээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын зөвлөх Ли Шян-тай Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг уулзсан аж. Энэ үеэр Д.Мөнх-Эрдэнэтэй холбогдох асуудлыг хөндөж, Хятадын талаас уг асуудлыг аль болох чимээ шуугиангүй, хоёр улсын харилцаанд нөлөөлөл үүсгэхгүйгээр шийдвэрлэх байр суурийг илэрхийлсэн байна.

Ингэхдээ БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын зөвлөх Ли Шяны зүгээс "Д.Мөнх-Эрдэнэтэй хоёр удаа уулзаж, Хятадын талын хэргийг шалгах үйл ажиллагаанд хамтарч ажиллахыг хүссэн боловч тэрбээр эсэргүүцэх хандлага гаргасан" гэжээ. Үүний сацуу энэ асуудлыг төвдөө яаралтай уламжилж, хариу ирүүлэхийг хүссэн аж.

Түүнчлэн "Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ манай улсын хууль тогтоомжийг хүндэтгэн дархан эрх ямбаа хэтрүүлэн буруугаар ашиглахгүй байхыг хүсч байна. Элчин сайд таньтай уулзаж Ерөнхий Консулын уг асуудалд даруухан хандаж хятадын талын шалгалтын үйл ажиллагаанд хамтарч ажиллуулахад дэмжлэг хүсч байгаа юм. Энэ нь бид Д.Мөнх-Эрдэнэд арга хэмжээ авах гэж байгаа асуудал биш юм. Харин бидний хэрэг шалгах ажилд тусалж Хятадын тал энэ хэрэгт холбогдсон этгээдүүдийг хатуу шийтгэх ёстой гэж үзэж байна" гэжээ.

Үүний хариуд Элчин сайд Д.Ганхуяг "Тухайн асуудлыг төвдөө уламжилж, хариу мэдэгдье" гэсэн аж.

-УУЛЗАЛТ 2: Хятадын талаас Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт баттай нотлох баримт байгаа тул үүнийгээ хүлээж зөвшөөрч, уг асуудлыг аль болох эвтэй байдлаар шийдвэрлэе гэжээ-

Удаах уулзалт 2019 оны тавдугаар сарын 28-нд болжээ. Тодруулбал, Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ, ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Р.Азбаяр, атташе Б.Батмагнай нарыг БНХАУ-ын ГХЯ-ны ЁГ-ын дэд захирал Ван Лутон тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзсан аж. Эл уулзалтаар Хятадын талаас Д.Мөнх-Эрдэнийн автомашин хууль бусаар хил давуулан худалдаалсан хэмээн үзэж буйгаа илэрхийлж, баттай нотлох баримт байгаа тул үүнийгээ хүлээж зөвшөөрч, уг асуудлыг аль болох эвтэй байдлаар шийдвэрлэе хэмээх байр суурийг илэрхийлжээ.

Харин Монголын талын албаныхан зүгээс буруу ойлголт үүсгэсэн хэмээх байр суурийг илэрхийлэхийн сацуу энэ үеэр Д.Мөнх-Эрдэнийн зүгээс "Тодорхой нотлох баримт байгаа тохиолдолд миний бие хариуцлага хүлээхэд бэлэн" гэсэн аж.

-Д.Мөнх-Эрдэнэ ЗГ-тай шүүхдэлцсэн ч гурван шатны шүүх түүний гомдлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон-

Ерөнхий Консулыг эргүүлэн татах тухай Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоож өгөх нэхэмжлэлийг Д.Мөнх-Эрдэнэ гаргаж, шүүхэд хандаж эхэлжээ. Ингэхдээ түүний нэхэмжлэлийг 2020 оны нэгдүгээр сарын 28-нд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар Д.Мөнх-Эрдэнэ дахин давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний нэхэмжлэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг.

Харин Улсын Дээд шүүхэд хандсаныг 2020 оны долдугаар сарын 1-ны өдөр хэлэлцсэн аж. Хуралдаанд Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн зүгээс Засгийн газрын тогтоол нь бодит байдалд тохирсон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлсэн хоёр албан бичиг нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт гэх байр суурийг илэрхийлсэн байна. Түүнчлэн шүүхийг дипломат албаны тухай хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ. Харин шүүхийн зүгээс Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

СУРВАЛЖИЛГА: “Бид барилгын материалын үнээ 10-15 хувиар буулгасан. Одоо орон сууцны үнээ буулгах хэрэгтэй”
СУРВАЛЖИЛГА: “Бид барилгын материалын үнээ 10-15 хувиар буулгасан. Одоо орон сууцны үнээ буулгах хэрэгтэй”
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.