Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Бид барилгын материалын үнээ 10-15 хувиар буулгасан. Одоо орон сууцны үнээ буулгах хэрэгтэй”

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 11 секунд

Урин дулаан цаг ирж барилгын “сезоны” үе эхэлж байна. Орон гэрээ засаж тохижуулах, хашаа байшингаа барих, зуслангийн байшингаа засаж сайжруулах хүсэлтэй иргэдийн ажил ид ундрах үе ч гэж хэлж болох юм. Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ ханш ямар байгаа талаар 100 айл худалдааны төвөөс сурвалжиллаа.

-Худалдаа эрхлэгч: Барилгын материалын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-15 хувиар буурсан-

Биднийг 100 айл худалдааны төвийг зорин очиход иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Иргэдийн зүгээс барилгын материал худалдаж авахаас илүүтэйгээр “Судалж байна, сонирхож байна” хэмээн хариулах нь элбэг.

Барилгын материалын үнэ ханшийн талаар худалдаа эрхлэгч Д.Отгонжаргалаас тодруулахад “Үнэ ханш өмнөх жилүүдийг бодоход буурсан. Миний бодож байгаагаар 10-15 хувиар буурсан байх учиртай. Бид үнээ буулгаад байхад үүнийг дагаад орон сууцны метр квадратын үнэ буурах учиртай шүү дээ. Гэтэл үнэ нь улам өсөөд байгааг гайхаж байна. Бодит жишээ ярья л даа. Манайх барилгын дээврийн хөөсөө 80 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан бол энэ жил 60 мянган төгрөгөөр худалдаалж байна. Дээврийн төмөр гэхэд 8500-10 500 төгрөгийн үнэтэй байгаа” гэв.

НЭМЭЛТ: Худалдаа эрхлэгчийн хэлсэнчлэн орон сууцны үнэ тасралтгүй өсөж буй. Тухайлбал, нийслэлд 0.2-11.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг ҮСХ-ноос танилцуулсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын өсөлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.3, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгдсэн аж. Шинэ орон сууцны нэг метр талбайн дундаж үнэ гурван сая 460 мянган төгрөг байна гэсэн үг юм.

-“Mак евро цемент”-ний үнэ 330 мянган төгрөг-

Харин барилгын материалын хамгийн гол түүхий эд болох цементний үнэ ханшийн талаар жижиглэн худалдаа эрхлэгчээс тодруулахад “Mак евро цемент”-ний үнэ 330 мянган төгрөг болсон аж. Харин жижиглэн худалдаа эрхлэгчид үнийн өсөлтийг ченжүүдтэй холбон тайлбарлаж байв. Тэдний зүгээс “Олдоц бага учир оруулж ирж байгаа ченжүүд нь амандаа орсон үнээ хэлдэг” гэлээ.

“Бүргэд хаалга болон модон хаалганы үнэ эрс буурсан”

Барилга, байшингийн дотор засалд хамгийн их хэрэглэгддэг барилгын материал бол ханын цаас. Материал, өнгө үзэмж, чанар, хэлбэр хэмжээ болон хаана үйлдвэрлэснээс шалтгаалан ханын цаасны төрөл ч олон. Эдгээрээс шалтгаалан 10х0.53-тай ханын цаас л гэхэд 7000-60’000 төгрөг хүртэлх үнийн ханштай байгаа аж. Обой худалдаачдаас үнэ ханшны мэдээллээс гадна иргэдийн худалдан авах чадвар аль зэрэг байгаа талаар тодруулахад “Хүмүүс сонирхож асуух нь их байна. Байшин барилгын дотоод заслын гол хэсэг нь обой тул хүмүүс байнга харж, нүдэнд тусдаг зүйлээ авахдаа их л зөвлөлдөж ярилцаж байж сонголт хийдэг юм. Эргэж ирээд авна гэсээр л явж байна даа” гэлээ.

Харин бүргэд болон модон хаалга худалдаалж буй иргэдийн хувьд “Бид хаалганыхаа үнийг буулгасан. Бүргэд хаалга чанараасаа хамаараад 400-11 сая төгрөг хүртэлх үнэтэй. Харин модон хаалга 160-220 мянган төгрөг болж өмнөх оныхоос 80 мянган төгрөгөөр буурсан" гэв.

Бусад бараа материалуудын ерөнхий дүнг дурдвал:

  • Anti Mos Q(5 литр) эмульс-75 000 төгрөг
  • Будаг(1 литр) - Солонгос, Орос, Хятад улсаас оруулж ирдгээс шалтгаалан 4500-15000 төгрөг
  • Дээврийн төмөр(1 метр) – 6000-9000 төгрөг
  • Вакум цонх- 190-600 мянган төгрөгийн хооронд (дунджаар)
  • Арматурын төмөр – 2.1 сая төгрөг (дунджаар)
  • Лампир, дүүжин тааз- 17 мянган төгрөг
  • Паркетан шал- 9-15 мянган төгрөг
  • Замаск- литр нь 9 мянган төгрөг

Худалдаа эрхлэгчдийн зүгээс барилгын зарим нэр төрлийн материалуудын үнэ буурсан гэх мэдээллийг өгч байв. Харин худалдан авагчдын хувьд үнэ өссөн талаар ч хэлж байлаа.

"Үнэ 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна"

Иргэн Т.Баттулга “Барилгынхаа доторх сангийн материалуудыг аваад явж байна. Хэдхэн юм авахад л гурван сая төгрөг болж байна. Арматур төмөр өнгөрсөн жил 12000-13000 төгрөгийн үнэтэй байсан чинь энэ жил 2000-3000 мянган төгрөгөөр нэмэгдсэн юм шиг санагдаж байна” гэлээ.

-Байшингаа засварлах гэсэн чинь байгаа төсөв маань хараахан хүрэхгүй нь бололтой-

Иргэн н.Анхбаяр “Ард түмэн бидэнд юу ч байсан үнэтэй л санагдана шүү дээ. Байшингаа засварлах гэсэн чинь байгаа төсөв маань хараахан хүрэхгүй нь бололтой. Одоо үнэ гайгүй байгаа мэт боловч ноолуур гараад ирэхээр үнээ нэмчих гээд байдаг талтай” гэв.

Барилгын материалын үнэ буурсан гэх асуудлыг иргэд ийнхүү үгүйсгэж байна. Харин нөгөө талд өмнөх жилүүдтэй харьцуулахад үнэ харьцангуй тогтворжсон гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм. Түүнчлэн хил гаалийн асуудал хэвийн байгаа учраас зах зээлийн зарчмаар буцаад үнэ буурна гэдгийг ч онцолж байлаа.

Өнгөрсөн онд төрийн албанд 7178 хууль бус томилгоо хийгдэж арга хэмжээ авхуулжээ
Өнгөрсөн онд төрийн албанд 7178 хууль бус томилгоо хийгдэж арга хэмжээ авхуулжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.