Нэг талд цалингаараа, нөгөө талд төрөөс өгч буй халамжаараа ч амьдралаа залгуулах хүн олонтой. Харин мөнгөгүй болж халаас хоосрох үед ломбардтай "найзлах" үе хэн хүнд тохиолдоно. Ажиглаад алхвал, нийслэл хотод арав алхаад л ломбардтай таарна. Энэ дүр зураг нийгэмд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардны бизнес "цэцэглэж" орхисныг илт батална. Харин энэ төрлийн бизнес хуулийн хүрээнд хяналттай явж ирсэн гэхэд эргэлзээтэй. Иргэний хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж, дагнасан хууль эрх зүйн орчингүй явж ирсэн салбар. Зарим бизнес эрхлэгчид нь аманд орсон хүүгээ хэлж, алданги тооцох тэр бүү хэл иргэдийн барьцаа хөрөнгийг гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр худалдан борлуулж зөрүүг олгодоггүй зэргээр эрх ашгийг нь зөрчдөг асуудал ч их гардаг.
Тэгвэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж буй ААН-үүдийн /ломбард/ үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдаж, өнгөрөгч сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Түүнийг дагасан таван журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлаад буй. Харин энэ талаар иргэд төдийлөн ойлголт мэдээлэл дутмаг байна. Үүнтэй холбоотойгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа буюу ломбардын хууль ямар байдлаар хэрэгжих талаар сурвалжиллаа.
Өмнө энэ төрлийн бизнес эрхлэгчид нь дагнасан байдлаар бус нэг компанийн нэр дээр олон талын үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авдаг байв. Харин хууль хэрэгжиж эхэлснээр ломбардууд дагнасан буюу барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулагч хуулийн этгээд хэмээх нэршилтэй болох юм. Эргээгээд СЗХ-нд бүртгэлтэй болж, төрийн зүгээс тодорхой хяналт тавих субъекттэй болж байна гэсэн үг.
Тэгвэл хуульд ямар онцлог заалт оров гэдгээс эхэлье.
-Зөвлөлөөс тогтоосон хүүгийн таазыг зөрчиж гэрээ байгуулсан бол хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана-
Хуульд заасанчлан мөнгөн зээлийн үйл ажиллагаа чиглэлд бодлогын зөвлөлийг байгуулж, тухайн зөвлөл нь ломбардуудын зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооно. Харин одоогоор зээлийн хүүгийн дээд хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байгаа юм. Бодлогын зөвлөл тун удахгүй байгуулагдаж энэ чиглэлд зохицуулалтыг нарийвчилж тодорхой болгоно гэдгийг СЗХ-ноос хэлж байна. Тодруулбал,
18.4.Зээлдэгч зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана. Ийнхүү үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгоно.
18.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
18.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.
18.7.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно зэргээр тусгажээ.
-ХҮЛЭЭЛГИЙН ХУГАЦАА 14 ХОНОГ, ХУГАЦАА ХЭТЭРЧ БАРЬЦААГ ХУДАЛДСАНЫ ЗӨРҮҮГ БАРЬЦААЛУУЛАГЧИД ОЛГОНО-
Харин хүлээлгийн хугацааг хуульд нарийвчлан зааж өгч байгаа бөгөөд үүнийг 14 хоног хэмээн тогтоож байгаа аж. Үүнд:
16.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлнэ.
16.2.Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажиллуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.3.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахыг хориглоно.
16.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 14 хоног байна.
16.7.Зээлдэгч энэ хуулийн 16.5-д заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно хэмээн заажээ.
-Байнгын ашиг олох зорилгоор бусдад мөнгө зээлдүүлдэг иргэдийг бүртгэлд хамруулна-
Тэгвэл эл хуулийг дагалдан гарсан журмуудыг талаар СЗХ-ны ББСБ-ын мэргэжилтэн Э.Замилангаас тодрууллаа.
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах буюу ломбардын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой холбогдох журмуудыг СЗХ-ноос баталсан юм байна. Журмын талаар нэгдсэн мэдээллийг өгвөл?
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь УИХ-аар 2022 оны 11 дүгээр сарын 04-нд батлагдсан. Санхүүгийн зохицуулах хорооноос тус хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаанд шаардлагатай журмуудыг боловсруулан батлуулсан. Энэхүү журамд бүртгэл, түүнд чиглэсэн сургалт сурталчилгаа, үйл ажиллагааны журмуудыг тусгаж өгсөн.
Тухайлбал, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам бий. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд эрх бүхий байгууллагад бүртгүүлэхэд тавигдах шаардлага, өргөдөл маягтыг хавсаргасан журам юм. Ингэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдээс гадна байнга ашиг олох зорилгоор үйл ажиллагаа эрхэлж буй иргэд бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн бүртгэлд хуулийн этгээд, иргэн ч хамрагдаж байна гэсэн үг.
-Өмнө барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд тодорхой бүртгэлгүй байсан гэсэн үг үү?
-Тийм. Өмнө нь Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлага байхгүй, нэгдсэн бүртгэлгүй, хяналт тавих эрх бүхий байгууллага тодорхойгүй байсан тус хууль болон дагалдах журам батлагдсаны үндсэн дээр албан ёсоор бүртгэлжүүлж байгаа гэсэн үг юм. Ингэснээр Монгол Улсад мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, ашиг олох зорилгоор мөнгө зээлдүүлж буй иргэдийг бүртгэлжүүлэх нөхцөл бий болж байна.
-Хуульд ашиг олох зорилгоор тогтмол бусдад мөнгө зээлдүүлдэг иргэд ч багтаж байгаа юм байна. Мөнгө хүүлэгч ч гэж ярих нь бий. Гэхдээ тэдний энэ төрлийн харилцааг хуульчилж өгөх нь давуу талтай юм бэ?
-Шинэ хуулийн этгээд гэхээс илүү санхүүгийн зах зээлд зохицуулалтгүй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан хуулийн этгээдүүдийг нэгдсэн зохицуулалттай болгож, тодорхой стандартын дагуу бүртгэлжүүлж, хяналттай болж байгаа. Ингэснээр энэ зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэгчид хууль, журмын дагуу бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлж, албан ёсны бүртгэлтэй болсноор хууль ёсны эрх ашгаа хамгаалах боломжтой юм. Жишээлбэл, бүртгэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс зээл авсан иргэн маргаан үүсгэвэл энэ зээлдүүлэгч хүү авах эрхээ алдах эрсдэлтэй юм. Тиймээс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хууль, журмын дагуу бүртгүүлснээр илүү чадавхжиж, энэ төрлийн бизнесийг тогтвортой эрхлэх боломж бүрдэх юм.
-Хууль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн. Журам нь батлагдчихлаа. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй газруудад мэдээлэл хүрсэн байгаа юу?
-Тус хуулийн хэрэгжилт нь гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар холбогдох журмууд батлагдсан. Үүний хүрээнд иргэн, хуулийн этгээдүүдэд батлагдсан хууль, журмын талаар мэдлэг мэдээлэл, гэрчилгээ олгох сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Хуулийн этгээд болон иргэд бүртгүүлэхдээ хаана хандах хэрэгтэй вэ?
-Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн ХНХ-ийн хэмжээнээс хамааран аймагт 100,000,000 төгрөг түүнээс дээш, нийслэлд 300,000,000 төгрөг, түүнээс дээш ХНХ-тэй үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд хандана. Харин Иргэний хувьд ХНХ, Мөнгөн хөрөнгийн хэмжээ 10,000,000 төгрөг түүнээс дээш тохиолдолд тухайн аймаг нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулагдах юм байна. Ямар чиг үүрэгтэйгээр ажиллах вэ?
-Тийм ээ. Тухайн зөвлөл нь СЗХ-ны дэргэдэх орон тооны бус зөвлөл байгуулагдах юм. Тодруулбал,тухайн зөвлөлийн бүрэлдэхүүн СЗХ, Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ, ШӨХТГ болон МҮХАҮТ, ЭЦА болон Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоодуудын төлөөлөлүүдээс оролцсон. Тус бодлогын зөвлөл нь зээлийн хүүгийн таазыг тогтоох, зээл олгох үйл ажиллагаандаа хэрэглэх зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг батлах мөн зээлийн хүү тооцох аргачлалыг батлах үүрэгтэй ажиллана.
-Ломбардууд дээр үүсдэг нэг асуудал нь барьцааг зарж борлуулаад зөрүүг нь өгдөггүй байдал. Ер нь барьцааг үнэлэх, борлуулах тал дээр ямар зохицуулалт орсон бэ?
-Барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож бодитой үнэлнэ гэж хуульд заасан байгаа. Мөн Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд тухайн санд бүртгэлтэй эд зүйлсийг барьцаанд авахыг хуулиар хориглосон байгаа үүнтэй иргэд болон барьцаалан зээлдүүлэгч нар хамтран ажилласнаар хулгайн гэмт хэргийг бууруулах юм.
-Бүртгэлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс зээл авсан иргэн зээлийн хүү төлөхгүй байж болно-
-Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй ломбардууд татвар төлөгч байж чадаж байна уу. Татвар төлөлт тал дээр ямар зохицуулалт орж байна?
-Тус хуульд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлагад үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлэгчид “Татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх” гэдгээр тусгаж өгсөн байгаа.
-Тайлан мэдээний хувьд?
-Тайлан мэдээгээ хагас жилээр, бүтэн жилээр дараа сарынхаа 20-ны дотор эрх бүхий байгууллагадаа ирүүлэхээр заасан.
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах буюу ломбардын хууль, түүнийг дагасан журмууд батлагдсанаар зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ямар ахиц гарна гэж та бүхэн харж байгаа вэ?
-Жишээлбэл, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлээгүй иргэн байнга ашиг олох зорилгоор хүү тогтоосон гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдахыг хуулиар зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, бүртгэлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс зээл авсан иргэн зээлийн хүү төлөхгүй байж болно. Мөн өдрийн зээл гэх мэт мөнгө хүүлэлтийн шинжтэй үйл ажиллагааг зохицуулалтад оруулах, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн.
-Сарын хүү 10 хувиас хэтрэхгүй гэсэн зүйл яригдаж байгаа-
Хууль эрх зүйн орчин бүрдлээ. Тэгвэл энэ төрийлн бизнес эрхлэгчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл Н “Холбооноос бидэнтэй уулзаж санал авсан. Журам нь батлагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүү хэрхэн тогтоох тал дээр журам дээрээ тодорхой болгоогүй байгаа гэж ойлгосон. Сарын хүү 10 хувиас хэтрэхгүй гэсэн зүйл яригдаж байгаа. Алт, монетан эдлэлийг сарын таван хувийн хүүтэйгээр авч болно. Харин цахилгаан барааг сарын хугацаагаар авах боломжгүй. Бүх юмны л үнэ унаж байна шүү дээ. Сүүлийн үед ялангуяа барьцаагаа дээд мөнгөн хэмжээнд нь тулгаж тавиад, хаях нь элбэг болчихсон. Хүлээлгийн хугацааг бараг л нэг сараар тогтоодог. Одоо 1-7 хоногийн 4 хувийн хүүтэй байгаа. 14 хоногийн 7 хувийн хүү тооцож байгаа” гэлээ.
-Хөрсөн дээр буусан хүү тогтоож өгвөл болно. Багадаа 6-8 хувийн хүүтэй байж үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ-
Дараагаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл н.Батбаяр “Хуультайгаа танилцсан. Нэг компанийн салбар болж барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэхдээ одоо тусдаа компани байгуулж хуулийн этгээд гэдгээр дагнасан үйл ажиллагаа эрхлэгчээр явах юм билээ. Дүүрэг дээр уулзахад “Нийслэлээс тодорхой үүрэг чиглэл өгөөгүй байна. Ямар журмаар ямар шалгуураар бүртгэх тал дээр чиглэл ирээгүй байгаа тул түр хүлээгээрэй” гэсэн.
Хүү тогтоосон нь зөв гэж бодож байна. Үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа хөрсөн дээрээ буусан хүү тогтоох нь зөв байх. Сүүлд л гэхэд ковидын үеэр гурван хувийн хүү тогтоосон нь бидэнд маш том хүндрэлийг бий болгосон. 6-8 хувийн хүү дээр тогтож байж л цаашид үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ. Гуравдугаар сарын 1-нээс хойш 5-6 хувиар хүү тооцож байгаа. Бид банк бус байгууллагатай дүйцэх хэмжээний хөрөнгө эргэлдүүлэхгүй шүү дээ. Өөрсдийн цуглуулсан хөрөнгөөр л бусдад тус болж, түүнээсээ ашиг олж байгаа. Бусад ломбардууд хүлээлгийн хугацаа дээр хэрхэн ажилладаг талаар хэлж мэдэхгүй юм. Манай ломбардын хувьд хүлээлгийн хугацаа дууссан ч тухайн хүн маань барьцаагаа авна л гэж байгаа тохиолдолд 1-2 сар ч хүлээсэн тохиолдол байдаг. Хүүгээ төлөөд авч чадаж л байвал сарын дараа ч авч болно шүү дээ. Гэхдээ хүлээлгийн хугацааг 14 хоног гээд тогтоочихвол нэг талаараа сайн талтай.
-Монополь ББСБ, банкуудад хүүгийн тааз тогтоогоогүй байж жижиг ломбардуудад хүүгийн тааз тогтоож болохгүй-
Хүүгийн дээд хэмжээ тогтоох тал дээр энэ төрлийн бизнес эрхлэгчид олон талын байр суурьтай байна. Тухайлбал, голын мөнгөн зээлдүүлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ө.Баярмагнай “Зээлдэгч нарын эрхийг хамгаалахын сацуу бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Барьцаа хөрөнгөөр нь иргэдийг хохироодог гэх ойлголт иргэдийн дунд байгаад байна шүү дээ. Үүнийг шийдэх гаргалгаанууд ч бий. Иргэдийн үүргийг тодорхой болгож өгөх ёстой. Хүүгийн таазын хувьд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд, банк бус санхүүгийн байгууллагууд ч жижиг ломбардуудын зах зээлийг булааж байгаа. Эдгээр байгууллагууддаа хүүгийн тааз тавиагүй байж ломбардуудад хүүгийн тааз тогтоож болохгүй. Бизнес эрхлэгчид хаалгаа барих хэмжээний хүүгийн тааз бүү тогтоогоосой гэж хүсэж байна. Бид өмнө иргэний хуульд зааснаар харилцаагаа зохицуулалт хийгээд явж ирсэн. Журам хэрэгжиж эхэлснээр бидэнд тулгарч магадгүй хүндрэл нь дуудлага худалдаа байна. Дуудлага худалдаа Монголд одоохондоо хөгжөөгүй байгаа. Дуудлага худалдаанаас хүний эдэлж хэрэглэж байсан зүйлийг хүн худалдаж авах уу гэдэг эргэлзээтэй. Энэ тал дээр зөв журам гаргаасай гэж хүсэж байна” гэв.
-Дагнасан хуульгүй байсан ломбардууд хууль хэрэгжсэнээр эмх цэгцэндээ орох уу-
Нийгэмд замбараагүй байдлаар оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулж байгаа ломбард буюу барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй иргэдийг хуулийн хүрээнд нэгтгэн бүртгэлжүүлэх боломж бий болж байгаа боловч одоогийн байдлаар тухайлсан зохицуулалтууд нарийвчлан мөрдөгдөж эхлээгүй байна. Ингэхдээ хууль хэрэгжиж эхэлсэн талаарх ойлголт дутмаг байгааг зарим бизнес эрхлэгчдээс ч харж болохоор байлаа. Ямартай ч ломбардууд төрд албан ёсны бүргэлтэй болж цаашид үйл ажиллагааны хувьд илүү хяналтын механизмтай болох дүр зураг харагдаж байгааг энд хэлэх нь зүй юм.