Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАЙРУУЛАГЧ Р.Эрхэмбүрэн: “OI”-ийг хэн ч танихгүйгээс өнөөдрийн “No rules” хүртэл явахад тусалсан Б.Одончимэг эгчдээ баярладаг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
22 минут 36 секунд

“Төр нь залуусаа торгож "хашраах" тал дээр хамгийн хурдан хөдөлдөг. Энэ шударга бус байдал нь буцаад тэднийг шударга бус л амьдрах ёстой гэсэн сонголт руу хөтөлдөг талаар No rules кино харуулна” хэмээн “OI” энтертайнментын Ерөнхий найруулагч, кино зохиолч Р.Эрхэмбүрэн хэлж байлаа.

Тэрбээр хоёр жилийн өмнө “Гайхамшигт ертөнц” киноныхоо маркетингаа хийхдээ “Ааваа зарна” гэх зар нийтлүүлсэний төлөө ШӨХТГ-аас 5 сая төгрөгөөр торгуулж байв. Харин олон сар, жил хүч хөдөлмөрөө шингээн хийсэн уран бүтээлийг нь хулгайгаар цацсан "tv24" телевизэд хариуцлага тооцоогүй нь өнөөгийн нийгмийн шударга бус байдлын нэг илрэл бөгөөд энэ мэт олон зүйлд эмзэглэж явдаг талаараа ярьсан юм. Түүний хувьд “Гайхамшигт ертөнц”, “Галзуу дурла”, “37-р точка”, “Солонго үүл”, “37-р гарам”, “Насан туршдаа”, “Манан зүсэгч”, “Би дурламаар байна”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “18 нас би чамд хайртай”, “Хүсэл”, “Хөтөч”, “NO RULES” зэрэг кинонуудад найруулагч, кино зохиолчоор ажилласан. Гэхдээ тэр “Би хийсэн шүү" хэмээн орилохыг хүссэнгүй. Харин ч чимээгүй оршжээ.

Түүнтэй хувь уран бүтээлчийн хувьд юун дээр эмзэглэж явдаг хийгээд кино урлагт юу дутагдаж байгаа талаар ярилцлаа.

-“No rules” олон ангит уран сайхны кино одоо дэлгэцнээ гарч буй кинонуудыг бодвол илүү бүтээлч болсон юм шиг санагдсан. Ерөнхийдөө тун сайн кино гэж хэлэхэд болохоор. Магадгүй би ганцаараа ч ингэж бодоогүй байх. Үзэгчдээс ирж буй "үнэлгээ" ямар байна?

-"Өөр өнгө төрхтэй харагдаж байна" гэж олон хүн хэлж, урмын үг илгээж байна. Манай продакшныханы уран бүтээлдээ хандаж байгаа хандлага уран бүтээлээр илэрч байгаа хэрэг. Хоёрдугаарт, зах зээл нь байгаа учраас яаж бусдаас давуу, илүү, эрэлттэй уран бүтээл хийх үү гэсэн зарчим баримталсных байх. Харин уран бүтээл талаасаа манай “OI” энтертайнмент найман жилийн хугацаанд харьцангуй туршлагажиж чанартай уран бүтээл туурвиж байна л гэсэн үг.

-Найман жил гэдэг багагүй хугацаа. Анх хийж байсан “Хүсэл” уран сайхны киног бодоход өнөөдөр ямар ахиц гарсан юм шиг санагдаж байна. Анх юун дээр алддаг байж дээ гэж та бодох юм?

-Анхны кино алдаа оноо ихтэй л байсан. Харин найман жилийн хугацаанд өсөж дэвжсэн зүйл гэвэл манай “OI”-ийн хувь уран бүтээлчид. Хамгийн гол нь багаараа хөгжиж байж амжилтад хүрнэ. Анх уран бүтээлүүдээ яаруу сандруу хийдэг байсан нь бидний гол алдаа байсан юм шиг санагддаг. Төсөв мөнгөндөө баригдаад ч гэх юм уу уран бүтээлдээ гаргах цагаа маш багаар тооцоолдог байж. Түүнчлэн зохиол муу бол кино муу болно шүү дээ. “No rules” киноны хувьд тайз, зураг авалт нь сайхан. Түүн дээр нэмээд агуулга нь зөв байсан. Агуулга зөв байхын тулд зохиол сайн байх хэрэгтэй. Тиймээс зохиол дээр л анхаарлаа төвлөрүүлж бясалгах хэрэгтэй болдог. Энэ мэт гол зүйл дээрээ илүү анхаардаг болсон байна гэж харж байгаа.

-Би буруу тоолоогүй бол та бүрэн хэмжээний 13 кинонд ерөнхий болон туслах найруулагчаар ажилласан юм билээ. "37-р точка" киноны хоёрдугаар найруулагч, "18 нас би чамд хайртай", "Хүсэл", "Гайхамшигт ертөнц" гэх мэт дандаа л сайн кинонд чухал үүрэг ролийг гүйцэтгэсэн байна. Гэтэл хүмүүс уран бүтээлүүдийг нь мэддэг хэрнээ гол ажлыг хийсэн найруулагч зохиолчийг нь сайн мэдэхгүй байх хандлага ажиглагддаг. Хувь хүний хувьд олонд танигдахыг хүсэхгүй байна уу?

-Өөрийгөө капитал болгож гүйдэггүй маань нэг талаасаа алдаа ч байж магадгүй. Нөгөө талаасаа одоогоор монголд найруулагч гэдэг мэргэжлийг үнэлж байгаа, гол хөдөлгүүр нь шүү гэдгийг ойлгож байгаа үзэгчид байхгүйтэй холбоотой байх. Мөн хийсэн уран бүтээл нь үзэгчдэд хүрэх ёстой болохоос би танигдахдаа гол нь биш. Уран бүтээлдээ хамаг анхаарлаа хандуулаад явах нь надад ч гэсэн илүү дээр.

"Би энэ киног би хийсэн юм аа" гээд орилох нь ч зохимжгүй. Р.Эрхэмбүрэнгээрээ биш хийсэн уран бүтээлээрээ танигдаж явах нь надад илүү таатай санагддаг.

“Манай уран бүтээлүүдэд хүний итгэлийн тухай гардаг. Хүний итгэлийг алдана гэдэг аймшигтай зүйл”

-Таны найруулсан кинонуудад нэг тийм ерөнхий үзэл санаа байх шиг. Зүрхээр яривал заримдаа хүчтэй, заримдаа ая дүн нь таарч цохилоод байх шиг. Яг тэр зүйлийг би хэлж мэдэхгүй юм. Та өөрөө хэлж өгвөл ямар вэ?

-Үзэл санаагүй, өөрийн гэсэн ертөнцгүй киног уран бүтээл гэж хэлэхэд хэцүү. Түүнийг бол хуулбар л гэж хэлнэ. Манай “Oi”-ийн 10 гаруй уран бүтээл хэн нэгэнд юуг ч сургаагүй. Тэгж амьдраарай гэж тулгана гэдэг нь бүдүүлэг. Харин миний харуулах гэж зорьдог нэг зүйл бол итгэлийн тухай. Итгэл алдах, алдрах ямар байдаг, жижигхэн зүйлээс амьдрах итгэлээ олж харсан хүн амьдралд яаж ханддаг зэрэг нь өөрөө гайхалтай зүйл. Хүний сэтгэлийг тэжээдэг хамгийн гол зүйл нь итгэл гэж боддог. Баг хамт олон бүрдэхэд хүртэл итгэл л тулгуур болж өгдөг. Тэгэхээр манай бүх уран бүтээлүүдэд болон аль нэг дүр текстэнд хүний итгэлийн тухай гардаг. Энэ бол хувь уран бүтээлчийн хувьд ч эмзэглэж явдаг зүйл маань. Хүний итгэлийг алдана гэдэг өөрөө маш аймшигтай зүйл. Бусдаар энэ зүйл бол туйлын үнэн бөгөөд зөв гэдгийг харуулна гэдэг үзэгчээ хүчиндэж байгаагаас өөрцгүй.

-Итгэл алдах гэгчээс гадна та нийгмийн харилцаанд оролцоод явахад юун дээр илүү эмзэглэл төрдөг вэ?

-“No rules” киноны дүрүүд бол өнөөгийн л нийгэм шүү дээ. Яагаад алдаж, оносон бэ гэдэг нь нэг дүрээс нөгөөтэй харьцаж байгаа итгэлийн л асуудал. Сайн анзаарах юм бол дүрүүд маань хүний итгэлийг алдсан учраас л алдаа гаргаад байх болно. Өнөөдөр иргэд маань улс төр болохгүй байна тэрийг цаазла гээд орилж байна. Энэ нь төрдөө итгэх итгэлээ алдсан байгаагийн илрэл. Цус нөж, хүнд сценүүдийг маань хүмүүс “дарк” зүйл гэж бодож байгаа байх. Энэ бол “дарк” зүйл биш шүү дээ. Аль ч нийгэм цаг үед хүний араатан чанар гарч ирдэг. Цаашдаа ч гарч л байх болно. Харин үүнийг зөөллөх ганц зүйл нь итгэл байх ёстой. Нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл итгэл. Итгэлийн араас л хайр цухуйна шүү дээ.

“Сэтгэж бодох нь өөрчлөгдөхгүй бол тогтоол ус өмхийрсөнтэй адил”

-Хүнд итгэхээрээ илүү хохирдог тохиолдол бий. Итгэсний эцэст хохирох нь утгагүй зүйл. Тиймээс итгэхгүй байх нь заримдаа зөв ч байж болох. Ингэж бодож үзсэн үү. Итгэлийг тань хэн нэгэн алдсан ч таны энэ бодол өөрчлөгдөхгүй юу?

-Өөрчлөгдөхгүй. Мөн чанар минь өөрчлөгдөж болохгүй шүү дээ. Харин ажлын орчин, сэтгэж бодох зүйл маань байнгын өөрчлөгдөхгүй бол тогтоол ус өмхийрсөнтэй л адил зүйл. Хоёр жилийн өмнө байсан зорилго өнөөдөр илүү том болсон байх учиртай. Үзэл бодол, зарчмаас бусад юм бүхэн өөрчлөгдөнө. Өөрчлөлтөө ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

“Бид ганцхан гавьяатын тэмдгийн төлөө ажиллаж байгаа жүжигчид биш”

-Найруулагчийн хувьд жүжигчдээсээ гадна болоод дотоод төрхөөрөө өөрчлөгдөхийг хэр их шаардаж байна. “Билэг”-ийн дүрийг бүтээсэн Б.Болорчулуун жүжигчнийг л гэхэд "No rules" кинонд тоглуулахын тулд олон кг жин хаяхад хүргэсэн гэж сонссон?

-Мэдээж өөрчлөгдөхийг шаардана. Шаардахдаа бид бүхэн түүнийгээ зорилго болгож бичдэг. Төсөл эхлэхийн өмнө энэ жүжигчин ийм, ийм сургалтад явж, энэ чадварыг эзэмшиж судалгаа хийсэн байх ёстой гэх мэтчилэн. Тэгэхээр жүжигчид маань дүр дээрээ илүү ажилладаг. Дүрийнхээ судалгааг хийсний дараа биеэ хөгжүүлэх ёстой бол хөгжүүлж, зохиол дээр юу гэж бичигдсэн байгааг хүртэл мэдрэх учиртай. Биеийн хэлэмж ямар байгааг ч судална. М.Наранмөнх, Б.Болорчулуун, Т.Нямдоржийг ийм дүр бүтээнэ гэж бодоогүй гэж үзэгчид хэлж байна гэдэг чинь тэдний хөдөлмөр судалгаа ямар байгааг илтгэж байгаа юм. Ер нь жүжигчид судалбар, лаборатори ажиллагаагаа сайн хийх хэрэгтэй. Манай энтертайнментын гол баримталдаг зүйл бол лаборатори ажиллагааг сайн хийх.

Зарим жүжигчид байгалиасаа төрчихсөн юм чинь гээд залхуураад байдаг. Байгальдаа итгээд байгалийн л жүжигчин байх буруу шүү. Харин маш их судалгаа хийж илүү хөдөлмөрч байх хэрэгтэй. Эцсийн эцэст бид ганц гавьяатын төлөө амьдарч байгаа хүмүүс бас биш.

Манай энтертайнментийн жүжигчид 100 хувь ажиллах ёстой бол яг үнэндээ цаг хугацаа, хөрөнгө мөнгөнөөс болоод 70 хувьтай л ажиллаж байгаа болов уу. Гэхдээ л бид маш их зүтгэдэг.

-Сая та хэллээ. 100 хувьд хүргэх гэхээр хөрөнгө мөнгө, цаг хугацааны асуудал байна гэж. Гэтэл танай салбар чинь бусдыг бодвол Соёлын яамтай биз дээ. Дэмжлэг туслалцаа ирдэггүй юм уу?

-Кино уран бүтээл хийснээс хойш сүүлийн хоёр жилд нь л Соёлын яамтай боллоо шүү дээ. Соёлын яам бодлогын хүрээнд ажлаа хийж байгаа байх. Гэхдээ бидэнд яамтай яамгүйн ялгаа үнэндээ алга. Соёлын яам хөрөнгө мөнгө ярьж суухаас илүүтэйгээр оюуны өмчийн асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр уран бүтээлчид өөрийгөө үнэлүүлж чадахгүй байгаа нь оюуны өмчийн асуудлыг шийдээгүйтэй шууд холбоотой. Монгол кино уран бүтээлчдийг гаднаас хулгай хийгээд байна л гэдэг. Үгүй байхгүй юу. Манай уран бүтээлээс гадагшаа санаа авсан өч төчнөөн тохиолдол байна. Жишээ нь, “Squad game “гэдэг кино манай “Гайхамшигт ертөнц” киноноос 20 хоногийн дараа нээлтээ хийсэн. Ерөнхий агуулга зарим зүйлс нь төстөй байгаа юм. Гэтэл манайх оюуны өмчөө баталгаажуулж чадаагүйгээс болж хуулсан болж таарч байгаа юм. 20 хоногийн дараа нээлтээ хийсэн киноноос шүү. Тэгэхээр энэ асуудлыг л шийдэх хэрэгтэй.

“Оюуны өмчийн зөвшөөрөлгүйгээр киног маань цацсан TV24 телевиз торгуулаагүй байхад “Ааваа зарна” хэмээн маркетинг хийсэн бид таван саяар торгуулсан. Торгосон ШӨХТГ-ын дарга нь өнөөдөр БОАЖ-ын сайд болчихсон байна”

-TV 24 танай “Гайхамшигт ертөнц” киног оюуны өмчийн зөвшөөрөлгүйгээр цацсан тохиолдол гарсан байх аа. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Тэр асуудал шийдэгдэлгүй өнгөрсөн. Маш шударга бус. Манай “Гайхамшигт ертөнц” киног ямар ч зөвшөөрөлгүйгээр tv24 хулгайгаар цацсан. IP TV-д ашгаа хийж байсан кино учраас бид гомдолтой байсан. Хүн мөнгөө төлөөд үзэж байсан зүйлийг шууд хулгайлаад үнэгүй цацчихаж байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр хэрэг шийдэгдээгүй. Тухайн телевизээс яриад тохиръё гэсэн. Мөнгө нь сонин биш шударга бус байгаа байдал нь таалагдаагүй учраас хүлээж аваагүй. Гэтэл Монголд ямар ч хууль зөрчөөгүй “Гайхамшигт ертөнц” киноны маркетинг болох “Ааваа зарна” гэх үгийн төлөө ШӨХТГ-аас биднийг 5 сая төгрөгөөр торгосон. Тухайн үед ШӨХТГ-аас тэр дор нь шахаж шаардаж, торгосон хүн өнөөдөр БОАЖ-ын сайд болчихсон сууж байгаа шүү дээ.

Гэтэл Тв24 нь өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй. Төр торгож авах юмаа сайн авч чадаж байна. Тухайн үед ШӨХТГ-ын дарга байсан Б.Бат-Эрдэнэ сайтууд ороод ирэнгүүт шал өөр зүйл яриад л попроод босоод ирсэн. Гэтэл биднийг үзэж байсан хүмүүс хэдэн шалдан бацаан л гэж харж байгаа юм. Сайтууд гараад хуульчтайгаа ороход шал өөр зүйл яриад эхэлсэн. Энэ мэт төр өөрөө ямар шударга бус, тэр нь залууст яаж нөлөөлж байгаа нь "No rules" дээр гарна. Шударга бус байдал нь залуучуудыг шударга бус л байх ёстой гэсэн нүх рүү аваачиж хийж байдаг.

-Энэ бүх шударга бус зүйлтэй уран бүтээлээрээ л тэмцэж байгаа гэж ойлгож болох нь?

-Тийм болохоор л илүү чанаржуулах хэрэгтэй болж таараад байгаа юм.

-Би таныг итгэлийн тухай буцаад шударга бусын талаар ярихаар их олон зүйлд шаналж явдаг юм байна даа гэж бодлоо. Ер нь нэг кино зохиол дээр дээд тал нь хэдий хэр хугацаа зарцуулж байна?

-Уран бүтээл болоогүй хоёр жил бичсэн зохиол байна. Өмнө нь хийгдэж байгаагүй сэдэв, жанрын кино учраас нөгөө л төсөв мөнгө их орох болчхоод байна. Бусад кинонууд дээр бол дээд тал нь 6-8 сар сууж байж гаргана. Зураг авалтыг бол мөн л адил сар орчим хийдэг.

-“Фантастик” продакшны хийсэн “37-р точка” кинон дээр хоёрдугаар найруулагчаар ажилласан. Ер нь тус продакшныхантай ямар харилцаатай юм бэ?

-Би хамгийн анх “Фантастик” продакшинд ажиллаж эхэлсэн. Анх кино найруулагчаар ажиллаж чадна гэж хэлж, хөшүүрэг болж байсан хүн бол тус продакшны Ерөнхий найруулагч Б.Тамир ах. Бид яалт ч үгүй тэдний дүү нар нь учраас нэр хүндийг нь унагаж болохгүй шүү дээ. Тэд биднийг уран бүтээл гаргасны дараа үүн дээр алдсан байна шүү гэж зөвлөдөг юм. Тэр хэмжээгээрээ ах нараа хүндэлнэ.

-Хэдий ах дүүс ч гэсэн илүү сайн уран бүтээл гаргачих юм сан гэсэн цэвэр өрсөлдөөн байна биз дээ?

-Уран бүтээлээрээ илүү байх гэж хичээх хэрэгтэй шүү дээ. Ганцхан “Фантастик”-ийн ах нараасаа ч биш бусад кино уран бүтээлчдээс өөр зүйлийг л хийж илүү байхын тулд хичээх хэрэгтэй биз дээ. Гэхдээ гол зорилго нь дээр, доор гарахдаа биш. Харин яавал кино урлагт илүү нэг алхам хийх вэ гэдэгтээ оршино. Бусдаар дотор байгаа хэдтэйгээ өрсөлдөөд яах вэ дээ. Алхам хийнэ гэдэг чинь өөрөө цаг хугацааны асуудал болчхоод байгаа юм. Өнөөдрийг хүртэл туршилт хийгээд явж байна.

-Зохиолгүй учраас кино төрөхгүй байна гэдэг асуудал яригддаг. Та өөрөө зохиож, найруулж байгаа нь давуу тал уу?

-Нэг талаараа сул тал ч байж болно. Найруулагч зохиолоо бичихийн давуу тал нь өөрөө бүхнийг тооцоолчихсон байдаг юм. Өөрийнх нь мэдрэмж орж өгдөг гэсэн үг юм уу даа.

-Монголд худалдаад авъя гэсэн ч сайн кино зохиолтой зохиолч байхгүй гэж үү?

-Байхгүй. Хатуу боловч үнэн үг. Хэрэв сайн зохиол байвал худалдаж авна шүү дээ.

Сайн зохиолч байхгүй учраас өөрсдөө бичиж байна. Өөрсдөө бичиж байгаагийн сул тал ч байна, давуу тал ч байна.

-Зохиол бичихэд дүрээ амилуулах л чухал. "No rules"-ийн Билэг, Хүлэгийн дүрийг сайн бичиж дээ гэж харсан. Хүлэгийн дүр бүр бодит хүнээс сэдэвлэсэн гэсэн байх аа?

-Дүр гэдэг хүн шүү дээ. "No rules" дотор байгаа хүн байхгүй юу. Ямар ч хүйтэн дотортой хүний цаана гал байдаг л байхгүй юу. Хүлэгийн дүрийн хувьд ч гэсэн үнэн бодит зүйлээс бий болсон. Нөгөө л шударга бус зүйлээс хохирсон найзаасаа сэдэвлэсэн байхгүй юу. Ер нь амьдрал чинь өөрөө кино, харин кино чинь өөрөө амьдрал шүү дээ.

-Тө өмнөх яриандаа Б.Тамир найруулагч өөрийг тань найруулагч болоход түлхэц болсон гэж хэлсэн шүү дээ. Яаж тэр вэ?

-Анх СУИС-д орохдоо хараахан тэнцэж чадалгүй улаан шугамын яг доор жагсаж байлаа. Азаар тэнцсэн хүүхдүүдээс нэг нь сургуульдаа орохоо больж би элсэж чадлаа. Төгсөөд кинонд дуу оруулж нэг хэсэг явсны эцэст F studio-н Амрий ах дээр ирж сүүлд нь Б.Тамир ах дээр очиж “Аз жаргалын шок” киног хийлцэж байлаа. Харин сүүлд нь юу хийхээ мэдэхгүй явсны эцэст ах нараасаа суралцсан зүйлээрээ өдийг хүртэл явж байна шүү дээ. Хамгийн анх удаа “Миний ах атаман” киноны зохиол дээр Б.Тамир ахыгаа хараад сууж байлаа. Түүнээс хойш зохиолоо өөрөө биччихдэг болсон гэхээр яалт ч үгүй түлхэц болсон хүн гэж хэлж болно.

-"No rules" season 2 дээр МУГЖ Н.Ялалт, МУСТА Б.Одончимэгээс авахуулаад нэлээд туршлагатай жүжигчид тоглосон байна билээ. Ер нь найруулагчийн хувьд ямар ч жүжигчинд гологдохооргүй хэмжээний болсон гэж бодож байна уу. Зарим жүжигчид тэр найруулагчийн кинонд л тоглочих юмсан гэсэн бодолтой байдаг даа?

-Б.Одончимэг эгчид үнэхээр баярлаж явдаг. Манай “OI” энтертайнментыг хэн ч тоохгүй, мэдэхгүй байхад Б.Одончимэг эгчид санал тавьж байлаа. Тэгэхэд тэр хүн шууд л эгч нь тоглоод өгье гэж хэлсэн. Цалингаа хүртэл гуйж түүж байхад эгч нь зүгээр ээ гээд л дэмжиж байлаа. Өнөөдрийг хүртэл дүү нарынхаа уран бүтээлд тоглосон ах эгч нартаа баярладаг ч Б.Одончимэг эгчдээ илүү их баярладаг. Тэр хүн хэзээ ч найруулагчийг голж үзээгүй. Өөрийн үе дундаа хөдөлмөр, авьяас, ур чадвараараа тэр эмэгтэйг давах эмэгтэй жүжигчин байхгүй. Тиймээс баярлалаа гэж хэлмээр санагддаг юм.

Ийнхүү бидний яриа өндөрлөж "Oi" энтертайнментийн залуус дараагийн уран бүтээлийнхээ объектийг сонгох маш яаралтай ажилдаа гарч явцгаасан юм.

“Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ирээдүй ба боломж“ уулзалт боллоо
“Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ирээдүй ба боломж“ уулзалт боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.