Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Баярмаа: Мэргэжлийг сайн муу, сайхан муухай, ирээдүйтэй, ирээдүйгүй гэж ялгах нь алдаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
18 минут 43 секунд

Сэтгүүлч,  орчуулагч, сэтгэл судлаач Э.Баярмааг урьж ярилцлаа. Тэрээр өөрийн цахим хуудсандаа нийтлэхдээ: “Хувь заяаг бүхэлд нь шийдэх хоёрхон гол сонголт бий. Нэг нь мэргэжил сонголт, нөгөө нь хань сонголт. Эдгээр сонголтуудад алдаж, амьдралаараа хохирч буй мянга мянган залуусыг харж сэтгэл өвдөж байна. Таны дүү, таны охин, таны хүү, таны найз сонголтоо зөв хийхэд тусалж мэдээлэл дамжуулаарай. Сонголт хийхэд мэдрэмж, зөн совин, хувь заяа нөлөөлдөг байж болох ч мэдлэг, мэдээлэл, мэргэжлийн тусламж үйлчилгээ мөн адил чухал нөлөөтэй” гэсэн юм. 

Э.Баярмаа “Одоо цагт амьдрах урлаг”, “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг”, “Өөртөө итгэлтэй болох сэтгэл зүйн нууц аргууд” зэрэг 10 гаруй ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон. Саяхан “Мэргэжил сонголт таны амьдралыг шийднэ” номын агуулгаараа олон нийтэд мэдээлэл хүргэж эхэлсэнтэй холбогдуулан мэргэжил сонголтын асуудлаар түүнтэй ярилцлаа. 

-Мэргэжлээ сонгоход эцэг эх, ах эгч, хамаатан садан, багш, найз нөхөд олон талын зөвлөгөө өгдөг. Аль зөвлөгөөг дагахаа мэдэхгүй болих үе олон. Энэ үед яах ёстой вэ? 

-Хүн бүр үзэж туулсан амьдралынхаа хүрээнд бусдад зөвлөгөө өгдөг. Хэрэв хэн нэгэн танд өөрийн алдаа, оноон дээрээс олж авсан үнэтэй туршлагаа хуваалцаж байгаа бол юун түрүүнд анхааран сонсоорой. Алдсан хойноо харамсаж суухгүйн тулд бусдын амьдралын туршлагаас төрсөн ухаарлыг сонсох нь тустай. Ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг шүү дээ. 

Бусдын зөвлөгөөнөөс авах зүйл их бий. Гэхдээ хаях зүйл ч их бий гэгийг бүү мартаарай. Учир нь хүн бүр дахин давтагдашгүй амьдралын түүхтэй. Хэн нэгний амьдралыг бүхлээр нь гэрэлтүүлсэн үнэтэй зөвлөгөө өөр хэн нэгний амьдралд онцын ач холбогдолгүй тэр ч бүү хэл сөрөг үр дагавартай байж болно. 

Өөрийгөө олсон хүмүүс бол бусдын зөвлөгөөнөөс алийг нь авч, алийг нь хаяхаа мэддэг. Гэвч хүүхэд, залуучуудад энэ нь төвөгтэй. Тиймээс өөрийгөө таньж, өөрийгөө олж, өөрийгөө нээх хүртлээ, өөрийгөө бүтээж чаддаг болох хүртлээ амьдралын чухал шийдвэр гаргах үедээ мэргэжлийн хүнд хандаж сурах хэрэгтэй. Мөн  эцэг, эх, багш нар нь үүнд чиглүүлж өгөх нь чухал.

-Хүмүүс бие биедээ зөвлөгөө өгөөд сэтгэл зүйч болон ажил мэргэжлийн зөвлөхөд хандах нь ховор. Мэргэжлийн хүнд хандахын ач холбогдлыг товч тайлбарлаж өгөөч?  

-Хэн нэгэн хувийн туршлагаасаа үндэслэн зөвлөгөө өгөхдөө зөвхөн өөртөө үнэн санагдсан мэдээллийг өгнө.

Тэрхүү мэдээлэл хэсэг бүлэг хүмүүсийн хувьд ач холбогдолтой байж болох ч бүх хүнд тохирох зөвлөгөө биш. Магадгүй таны онцлогт тохирохгүй байж болно. Учир нь таныг ямар онцлогтойг тэд судалж тодорхойлоогүй. Танд туслах тодорхой батлагдсан арга зүйгүй.
Харин сэтгэл судлалын шинжлэх ухаан нь зөвхөн хэн нэг хүний юм уу хэсэг бүлэг хүний хувьд биш нийт хүн төрөлхтний хувьд үнэн байж чадах мэдээлэл өгдөг. Илүү өргөн хүрээнд, илүү олон хүний амьдралыг үе дамжин гүн гүнзгий судалсны үндсэн дээр бий болдог. Мөн хүн бүр өөрийн онцлогтой гэдгийг харгалзан үзэж түүнийг судалж таньсны эцэст онцлогт нь тохируулан зөвлөх, чиглүүлэх, засах, туслах арга зүйтэй. Хэн нэгний хувийн амьдралын туршлагаас төрсөн зөвлөгөө болон сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны үндсэнд төрсөн зөвлөгөө хоёр үүгээрээ ялгаатай. 

-Амжилтад хүрэхийн тулд өөрийн зан чанартаа тохирсон мэргэжил сонгох ёстой юу?

“Амьдрал хүн бүхнээс өөр өөр шалгалт авдаг. Гэтэл ихэнх хүн бусдын амьдралыг хуулах гэж алддаг” гэсэн мэргэн үг бий. Хэн нэгнийг дуурайх юм уу эсвэл бусдын зөвлөгөөг өөрийн ухамсраар шүүн тунгааж авах гээхийн ухаанаар хандалгүй сохроор итгэж дагах нь хамгийн эрсдэлтэй. Тиймээс өөрийнхөө онцлогийг мэдэж, түүндээ тохируулан мэргэжлээ сонгох хэрэгтэй. Ажил мэргэжилд тухайн хүний төрөлхийн хэв шинж хамгийн чухал нөлөөтэй. 
Үр тогтохоос эхлээд л бид өөр, өөр генийн бүтцийг өвлөдөг. Нэг эцэг эхийн хүүхдүүд бүгд өөр ген бүхий эсээс бүтсэн. Нэг өндгөн эсийн ихэр биш л бол ихрүүд ч өөр өөр гентэй. Түүнээсээ шалтгаалаад өөр өөр хэв шинжтэй. Төрөлхийн хэв шинжийг тодорхойлох олон аргууд байдаг. 

Эдгээрээс Мэйрс-Бригсийн хэв шинжийн оношилгоог онцлон дурдъя. Энэ оношилгоогоор хүн бүрт давуу шинж болон сул шинж гэж байдаг. Давуу шинж гэдэг нь тухайн хүнд зонхилон илэрдэг шинж чанар юм. Өөрөөр хэлбэл таны хамгийн сайн чаддаг зүйлсийг багтаана. Давуу шинж бол хөлөг хаашаа явахыг мэдэж захиран жолооддог ахмад гэсэн үг. Харин сул шинж бол хамгийн сул хөгжилтэй шинж чанар. Таны чаддаггүй зүйлсийг багтаана гэж ойлгож болно. Одоо давуу болон сул шинжийг жишээгээр үзүүлье. Шийдвэр гаргахдаа үргэлж зөн совин болон мэдрэмжээ дагадаг бөгөөд логик сэтгэлгээрээр бодож эргэцүүлэхдээ тааруу гэж төсөөлье. Тэгвэл мэдрэмжээ дагах нь тухайн хүний давуу шинж. Бодож эргэцүүлэх нь түүний сул шинж юм.  
Мэргэжил сонголт хийхдээ давуу шинждээ тулгуурлах нь хамгийн үр дүнтэй. Зарим хүн хичнээн их хичээсэн ч сонгосон ажилдаа тааруухан мэргэжилтний тоонд ордог.Тэд чадваргүй хүмүүс биш. Харин өөрийгөө таньж чадаагүй учраас салбараа буруу сонгосон хүмүүс юм. Гэтэл зарим хүн хичээл зүтгэл бага гаргасан ч амжилтанд хүрч салбартаа тэргүүлэгчдийн тоонд ордог. Тэд бусдаас онцгой төрсөн хүмүүс биш. Харин тэд өөрийн онцлогтоо тохируулан сонголтоо зөв хийсэн хүмүүс. 

Амжилттай ба амжилтгүй хүмүүсийн хооронд нэг л ялгаа бий. Энэ бол сонголт. Мэргэжлээ зөв сонгосон хүн амжилтанд хүрдэг. Авьяасгүй, чадваргүй хүн гэж үгүй. Харин мэргэжлээ зөв сонгосон уу, буруу сонгосон уу гэдгээс бүх зүйл шалтгаална.

-Зарим залуучууд мэргэжил эзэмшихээр зорьж сурчихаад, яагаад түүгээрээ ажиллахгүй байна вэ?

-Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа таньдаг хүнээ дурдаач гэхэд хэн ч нэг их бодож түүртэлгүй хэд хэдэн хүнийг нэрлэнэ. Энэ бол мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүмүүс олон гэдгийг харуулж байна. Эдгээр хүмүүсийг ерөнхийлөн ангилбал өөрийн хүслээр мэргэжлээсээ өөр ажил хийж буй хүмүүс, зайлшгүй шаардлагаар өөр ажил эрхэлж буй хүмүүс гэж ангилж болох юм. 
Зарим тохиолдолд мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ур чадвар хүрэлцдэггүй. Эсвэл мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхолгүй. Эзэмшсэн мэргэжлээсээ өөр салбарт сэтгэл зүрх нь татагддаг гээд хувийн олон шалтгаан байж болно. Нөгөө талаар мэргэжилдээ сонирхолтой, авьяастай ч гэсэн амьдралын шаардлагыг нь хангахгүй байгаатай холбоотойгоор өөр салбарт ажиллах нь бий. Тухайлбал цалин хүрэлцээгүй, эсвэл мэргэжлээрээ ажиллах ажлын байр олдохгүй гэх зэрэг хүндрэл тохиодог.  

-Ихэнх хүмүүс тухайн амьдарч буй улсад нь маш эрэлттэй байгаа, цалин өндөртэй мэргэжлийг өөрийн хүсэл сонирхлоо харгалзан үзэлгүйгээр сонгохыг эрмэлздэг. Гэтэл ямар ч эрэлтгүй, цалин муутай мэргэжил байсан үнэхээр тухайн мэргэжилдээ дуртай л бол маш амжилттай явна гэсэн бодолтой хүмүүс бас байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 

Та таньдаг хүмүүсийнхээ тухай бодоод үзээрэй. Эрэлт ихтэй ховор мэргэжил, ирээдүй сайтай сайн ажил гээд сонгосон боловч амжилтанд хүрч чадахгүй байгаа хүн таны эргэн тойронд байна уу гэж асуувал хүн бүр дор хаяж нэг хүнийг нэрлэнэ. Гэтэл “Энэ мэргэжлээр яадаг юм” гэж зэмлүүлсээр, ад шоо үзэгдсээр байсан ч эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж, аз жаргалтай амьдарч яваа хэн нэгнийг таних уу гэвэл хэн ч байсан үгүй ядахад нэг хүнийг нэрлэх болно. 

Амьдрал дээр элбэг байдаг энэ жишээ юуг харуулж байна вэ? Мэргэжлийг сайн муу, сайхан муухай, ирээдүй ирээдүйгүй гэж ялгах нь алдаа. Тухайн мэргэжил нэр хүндтэй, цалин сайтай, ирээдүйтэй, эрэлттэй байлаа ч танд тэр мэргэжлээр ажиллах ур чадвар, авьяас билэг, хүсэл сонирхол, халуун сэтгэл дутвал тухайн мэргэжил эрэлттэй байгаад ч нэмэргүй. 

Мэргэжил сонгоход моод хөөх нь хамгийн том алдаа. Солилгүйгээр маш удаан өмсөх хувцас сонго гэвэл танд огт зохихгүй, эвгүй хувцасыг моодонд орж байгаа гэдэг шалтгаанаар сонгох уу, эсвэл моод харгалзалгүйгээр өөртөө зохисон, эвтэйхэн хувцас сонгох уу? 

Ажлын байр олдохгүй байсан ч өөрөө ажлын байр үүсгэн бий болгодог хүмүүс ч байдаг. Нөгөө талаар ажлын байргүйгээс болоод хүсэж эзэмшсэн ажлаа хийж чадахгүй байгаа хүн ч бий. Тэгэхээр гол анхаарах ёстой зүйл бол таны өөрийн чадавх боломж юм. Бие даагаад өөртөө ажлын байр үүсгээд явах боломжгүй хүнд ажлын байргүй мэргэжил санал болгох нь бас тийм ч зөв алхам биш байж болно. Тиймээс өөрийгөө л таних хэрэгтэй. Өөрийнхөө чадавх боломжийг бодитой үнэлэх хэрэгтэй. 

-Сэтгэц оношилгооны сорилд хэрэглэж буй аргууд хэр үр дүнтэй, бодитой байдаг вэ?  

-Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар нотлогдсон оношилгооны арга зүй нь мэргэжлийн хэлээр хэлбэл баталгаат болон тохироц чанарыг хангасан байдаг. Энгийнээр хэлбэл оношилгооны арга зүйг тодорхой шалгуураар тодорхой давтамжтайгаар шалгаж, найдвартай эсэхийг судалж баталгаатай болохыг нотолсны дараа хэрэглээнд нэвтрүүлдэг. Оношилгооны аргууд бол судалгаагаар нотлогдсон учир итгэж болно. Гэхдээ оношилгоог хийж буй сэтгэл зүйчийн мэдлэг, чадвар, туршлагаас их зүйл хамаарна. 
Өөрөөр хэлбэл сэтгэл судлалын шинжлэх ухаан, сэтгэл судлаачийн ур чадвар хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үүнийг энгийнээр тайлбарлая. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг агуу их далайтай зүйрлэе. Тэрхүү шавхагдашгүй их далайгаас сэтгэл судлаач бүр өөр өөрийн хэмжээгээр хутган авдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл судлаач бүрийн мэдлэг, чадвар, туршлага харилцан адилгүй. Тиймээс хандах хүнээ, хандах байгууллагаа зөв сонгож очих нь чухал. Мөн нэг төрлийн оношилгоонд бүрэн найдахаас илүүтэйгээр олон талын оношилгоо хийлгэж, үр дүнг хооронд нь харьцуулж үзэх хэрэгтэй. 

-Ерөнхий боловсролын сурагчдын дийлэнх нь төгсөх ангидаа тулж ирээд мэргэжлээ сонгох шаардлагатай тулгарсны эцэст сонголтоо яаравчлан хийдэг. Сурагчдад энэ талын алдаа гаргахгүй байх зөвлөгөө өгөөч?

-Духны дэлбэнгийн өмнөх хэсэг буюу энгийнээр хэлбэл духны хэсэг нь зан үйлээ зохицуулах болон оновчтой шийдвэр гаргах зэрэг ухамсрын үйл ажиллагааг хариуцдаг. Энэ хэсэг 21-25 насанд бүрэн хөгжилдөө хүрдэг гэж тархи судлалын эрдэмтэд нотолсон. Өөрөөр хэлбэл оновчтой шийдвэр гаргахад нөлөөлдөг тархины хэсэг 21-25 нас хүртэл бүрэн хөгжөөгүй байдаг гэсэн үг. Тиймээс сонголт хийхэд эцэг эх, багш, насанд хүрэгчдийн дэмжлэг туслалцаа, мэргэжлийн хүний оношилгоо зөвлөгөө чухал үүрэгтэй. Ингэхдээ цаг нь тулсан хойно яаравчлан сонголт хийхгүйн тулд эртнээс өөрийгөө таньж, сонирхол, авьяас чадвараа нээхэд нь туслах хэрэгтэй. Бүх насныханд зориулсан оношилгооны аргууд өргөн дэлгэрсэн. Мэргэжлийн оношлогоо хийж зөвлөгөө өгдөг итгэж найдаж болох газрууд бий. Тэдэнд хандахаас гадна хүүхдээ багаас нь төрөл бүрийн дугуйлан дамжаанд хамруулж, төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцуулж, аль болох олон талын хүнтэй уулзуулж, тал бүрийн туршлага хуримтлуулахад туслаарай. Тэр дундаас хүүхэд юунд дуртай, юунд дургүйгээ олж нээх болно. 

-Хүүхэд гэлтгүй томчууд л ч өөрийн сонирхол, чадавхаа мэдэхгүй байх тохиолдол бий. Өөрийгөө юунд илүү сонирхолтой гэдгийг хэрхэн мэдэх вэ?

-Би юу ч сонирхдоггүй гэж хэлэх хүн цөөнгүй тохиодог. Энэ нь олон шалтгаантай. Заримдаа энэ нь сэтгэл гутралын шинж байдаг. Үнэндээ сэтгэл гутралд ороогүй л бол юу ч хүсдэггүй юу ч сонирхдоггүй хүн гэж байхгүй.Зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхлыг хараахан илрүүлээгүй яваа хэрэг юм.

Нөгөө талаар хүсэж буй хүсэл биелэхгүй гэсэн айдас далд ухамсарт байгаа тохиолдолд юу хүсэж байгаагаа ойлгохгүй болдог. Хүсэл сонирхлоо ойлгохгүй байгаагийн цаана сэтгэл зүйн маш нарийн бөгөөд том нууц бий. Үүнийг тайлбарлахад бүтэн ном бичсэн ч багадна.

Энэ асуудлаар дараа нь тусдаа мэдээлэл өгөх болно. Товчхон зөвлөхөд юу хүсэж байгаагаа ойлгохгүй бол юу хүсэхгүй байгаагаа өөрөөсөө асуугаарай. Юу хүсэж байна гэж асуухад хариулж чадахгүй атлаа юу хүсэхгүй байна гэж асуухад хүн бүр хариулж чаддаг. Юу хүсэхгүй байна вэ, түүний эсрэг зүйлийг та хүсэж байгаа. Гагцхүү тэр хүсэлдээ хүрч чадах эсэхдээ эргэлзэх дотоод айдас нь хүслийг бүдгэрүүлдэг. Энэ тохиолдолд шидэт савааны аргыг санал болгоё. Хэрвээ танд шидэт саваа байсан бол, бүх зүйл боломжтой бол, болохгүй зүйл гэж байхгүй бол, айх эргэлзэх зүйлгүй бол та юу хийх байсан бэ? 

-Оройтлоо гэхэд 9-р ангидаа сонгох мэргэжлийнхээ чиг шугамыг гаргасан байх хэрэгтэй гэж та нэгэн ярилцлагадаа хэлж байсан. Тэгвэл өөрийгөө танин мэдэхэд тусалж сэтгэл судлалын үндэстэй хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй байх. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ? 

Сайхан асуулт байна. Оюуны боловсрол чухал. Түүний хажуугаар сэтгэл зүйн боловсрол мөн адил чухал гэдгийг бүү мартаасай гэж хүсдэг. Тиймээс 9-12 ангийн хүүхдүүдэд  сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэхэд нөлөөлөх хичээл ордог бол нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирна гэж боддог. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил гэдэг зүйл нэг хүн хичээгээд нэг өдрийн дотор бий болгодог зүйл биш. Нийгмээрээ ач холбогдлыг нь ойлгож, төр засгаас бодлогодоо тусгаж, сайн мэргэжилтэн бэлтгэж, бэлтгэсэн мэргэжилтнүүд багаар сайн ажиллаж байж нийгмийг хамарсан үр дүнд хүрнэ. Тиймээс хөгжил шат шатаар алхам алхмаар явагддаг. Нэг үеэ бодвол мэргэжил сонголтоо зөв хийхэд туслах арга хэмжээ их зохион байгуулагддаг болж, энэ чиглэлд мэргэшсэн хүмүүс нэмэгдэж байгаа нь баярлууштай.  Цаашид мэргэжил сонгох насны бүх хүүхдэд хүртээлтэй хэлбэрээр нэгдсэн арга хэмжээ авбал сайшаалтай. Гэхдээ мэргэжил сонголтын зөвлөгчийг бэлтгэхдээ академик боловсрол биш, практик мэдлэг чадвар олгох нь чухал байна. 

-Монголд 2300 шахам мэргэжлийн мэдээлэл гарсан гэж хэлж байсан. Тэгвэл эдгээр мэргэжлийн талаар сурагчид хаанаас мэдээлэл олж авч, илүү олон мэргэжлийн талаар мэдлэгтэй болж болох вэ?

-2013 онд Удирдлагын академийн судлаачдын баг “Мэргэжлээ сонгох” нь сэдэвтэй томоохон бүтээл хэвлүүлсэн. Тэрхүү бүтээлд 45 салбарын 2300 ажил мэргэжлийн мэдээлэл бий. Тухайн мэргэжлийг эзэмшихийн тулд шаардагдах ур чадвар, мэргэжлээ эзэмших арга зам, мэргэжлийн хүрээнд хийж гүйцэтгэх ажил үүрэг зэргийг багтаасан. 

Н.Золзаяа, Б.Жаргалмаа

Б.Болорцэцэг: Байр л гаргаад өгчих, Хүүхдүүдэд таеквандогийн клубээ үнэгүй ажиллуулъя
Б.Болорцэцэг: Байр л гаргаад өгчих, Хүүхдүүдэд таеквандогийн клубээ үнэгүй ажиллуулъя
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.