Б.Болорцэцэг хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулж “Ахан дүүс” таеквондогийн клубийг хамаатны ахынхаа хамт нээн ажиллуулаад байсан ч коронавирусний улмаас үйл ажиллагаа нь зогсжээ. Гэвч тэрээр хичээллэх байр гаргаад өгвөл үнэ төлбөргүй хүүхэд багачууддаа таеквандогийн клубээ ажиллуулна хэмээн мэдэгдээд байгаа юм.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Баатарын Болорцэцэг гэдэг. Сувилагч мэргэжилтэй, одоо улсын эмнэлэгт мэргэжлээрээ ажилладаг.
-Та өөрийнхөө цахим хуудсанд “Байр л гаргаад өгчих. Би хүүхдүүдэд таеквондо спорт клубээ үнэгүй ажиллуулъя, нэг ч төгрөгний ашиг харахгүйгээр” хэмээн мэдээлсэн байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Би СБД-ийн 18-р хороонд оршин суудаг. Манай хорооны нутаг дэвсгэрт хүүхдэд зориулсан нэг ч үйлчилгээ байдаггүй байсан юм. Тэгээд 2018 оны сүүлээр хамаатны ахтайгаа хамтран захын дүүрэгт амьдардаг хүүхдүүдэд зориулсан "Ахан дүүс" нэртэй таеквондо клуб нээн ажиллуулж эхэлсэн.
Манай хамаатны ах таеквондогийн тамирчин, мэргэжлийн багш хүн байдаг учраас үүн дээр нь түшиглээд зээл хөөцөлдөөд ахыгаа дэмжээд энэ ажлыг эхлүүлж байсан. Гэвч энэ оны 1 сараас эхлэн Коронавирусний халдварт өвчин дэгдэж хөл хорио тогтоосноос болж түр зогссон. Манай клубд ихэвчлэн 16-с доош бага насны хүүхдүүд хичээллэдэг байсан болохоор хуулиараа хориглоод байсан юм.
Түрээсийн байр ашигладаг байсан тул үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор түрээсээ төлж чадалгүй байраа суллаж өгсөн.
Саяхан хүүхдүүд тоглох тоглоомын талбай байхгүйгээсээ болж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдэд зориулсан клубээ ажиллуулах хэрэгтэй юм байна гэж бодон тус постыг оруулсан.
-Та өөрөө таеквандогоор хичээллэдэг үү?
-Миний хувьд яг спортын хүн биш л дээ. Хүүхэд багачуудад зориулсан чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх төв хотын захад байх хэрэгтэй гэж бодож хүсэлдээ автаад л эхэлж байсан. Гэвч иймэрхүү үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээгээр бусдын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг юм байна.
-Таеквандо хичээллүүлэх байрны түрээс хэдтэй байна вэ? Дунджаар
-Манай түрээслүүлэгч биднийг харьцангуй дэмжиж сард 500 мянган төгрөгөөр түрээслүүлдэг байсан. Гэвч гэр хороолол учраас байрны урсгал зардал, тогны мөнгө өндөр зэрэг асуудлуудаас үүдэн бидний хүүхдийн төлбөр эргээд зардалдаа арай л гэж хүрдэг байсан юм.
Таеквондо хэрэгслүүдээ бүгдийг нь худалдаж авч шинээр нь зээл авч эхлүүлсэн болохоор ашиг гэхээр юм бараг байгаагүй ээ. Одоо бүх хэрэгслүүдээ зүгээр л хураачихсан байгаа.
-Хичээл заадаг багш нь анх хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? Ямар нэгэн зэрэг цолтой юу?
-Манай багшийг Ц.Батхүү гэдэг. ITF Таеквондо хар бүс 4-р дантай. Охин нь бас одоо 5-р ангид сурдаг. Мөн хар бүс 1-р дантай. Багш маань 50 орчим настай, насаараа л энэ спортоор багшилж байгаа хүн байгаа. Ер нь спорт нь насны ангилалтай байдаг. Манай багш маань бага насны ангилалд илүү ажилласан туршлагатай.
-Одоо клубээ ажиллуулж эхэлвэл хэдэн хүүхэд хамрагдах боломжтой вэ?
-Одоо ч хүүхдүүд утсаар байнга асуусаар л байгаа. Ер нь сардаа 20-30 хүүхэдтэй хичээллэх бүрэн боломжтой. Бэлтгэл нь 7 хоногт 3-4 удаа 2-3 цаг үргэлжлэн ордог.
Спорт учраас дотоод гадаадын тэмцээн уралдаан гээд зөндөө болдог. Тэр үеэр илүү бэлтгэлтэй болдог. Хүүхэд эхэндээ маш их сонирхож, сонирхлоороо явж эхэлдэг боловч шантрах, болих асуудал зөндөө гардаг.
-Ер нь энэ төрлийн таеквандогийн клубууд хэр их байдаг вэ?
-Ер нь олон байгаа. Гэхдээ хотын захын дүүрэгт бараг байдаггүй.
-Ер нь иймэрхүү үйл ажиллагаа явуулж, хэрэгжүүлэх эцсийн зорилго нь юу вэ? Үр дүн нь ямар байгаасай гэж хүсч байна?
Хотын захын дүүрэгт амьдардаг хүүхдүүд ч бас хөгжих боловсрох, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчинтой байгаасай гэж хүсдэг. Заавал хотын төврүү явж дугуйланд хамрагдах шаардлагагүй, байгаа орчиндоо спортоор, урлагаар, иогоор, теннисээр гэх мэт хичээллэдэг байгаасай гэж маш их хүсдэг. Ингэж бодоод л анх Таеквондо клубээр энэ ажлыг эхлүүлж байсан.
Нөгөө талаар өнгөрсөн жилийн хугацаанд ажиглаад байхад хүүхдүүд хэт спортод дурлаад ирэхээрээ хичээл ном нь орхигдох талтайг ээж аавууд нь ч хэлж байсан учраас дэргэдээ номын сантай, бэлтгэлийн өмнө эсвэл дараа ч юмуу гэрийн даалгавраа хийчихдэг, дуртай номоо уншиж суудаг тийм зүйлүүдийг хийх хэрэгтэйг ойлгосон.
Тиймээс зөвхөн таекванда клуб гэлтгүй охидод зориулсан бүжиг, жирэмсэн ээжүүддээ зориулсан иог, бясалгал, ширээний теннис, бяцхан номын сан байгуулах гэх мэт маш их хүсэл тэмүүлэл байдаг шүү.
-Та энэ хүслийнхээ дагуу ажил хэрэг болгож, ямар нэг байгууллагатай хамтрах хүсэлт гаргаж, дэмжлэг хүсч байсан уу?
-Яг ч хүсч явж үзээгүй л дээ. Гэхдээ эхлээд нэг ажил маань жаахан жигдрэг гээд л явж байсан юм. Анх 2019 оны 2 сараас уг клубээ эхэлсэн юм. Гэтэл хөл хорио болж ажил маань зогссон.
Бид спорт бол хүмүүжил гэж хэлэх дуртай, таеквондогийн спортоор хичээллэсэн хүүхэд бусдыгаа хүндлэх, тэвчээртэй бас амжилтанд хүрэх том зорилготой болдогт би хөндлөнгөөс харж байхдаа маш их урмыг авч байсан шүү.
Та "Сувилагч гэж хэлэхдээ тийм тааламжтай байдаггүй байсан. Нийгэмд сувилагчийг тиймэрхүү л үнэлдэг болохоор. Харин одоо сувилагч гэж хэлэхдээ өөрөөрөө бахархаж байна" гэж хэлсэн байсан. Ажлынхаа онцлогоос сонирхуулаач? Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйл нь юу вэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
-Тиймээ би сувилагч мэргэжилтэй. Арав гаруй жил ажиллаж байгаа. Ер нь манайд сувилагч мэргэжлийн үнэлэмж их доогуур байдаг. Цалин хөлс бага, ажлын ачаалал маш их гээд сувилагчийн ажлаас сувилагчид маань маш их халширч орхидог. Эсвэл эмчээр сурчихаад өөр мэргэжлээр ажиллаад явах тохиолдол зөндөө байдаг шүү. Би эрчимт эмчилгээний тасагт ажилладаг. Байнгын маш хүнд өвчтөнүүдтэй ажилладаг. Заримдаа ажлаасаа халширна, амь тэнссэн үхэл амьдралын зааг дээр байсан өвчтөн маань сэргээд босоод ирэхэд өөрийн эрхгүй бас урамшина.
Миний ажлын сайхан зүйлс олон бий. Хүний алтан амийг аврахын төлөө цаг наргүй, нойртой нойргүй ажиллаж байгаа мөртлөө авч байгаа цалин маань даанч бага байдаг нь олон сувилагчдын маань ажлаа солих гол шалтгаан болдог байх. Мөн сувилагч хүн ганцхан тариагаа хийгээд, өвчтөнөө сувилаад гүйдэггүй шүү дээ. Хажуугаар нь маш их бичиг цаас хөтлөх гээд бүтэн шөнөжингөө гүйгээд ч ажил нь амждаггүй үе зөндөө байдаг. Одоо ч энэ байдал хэвээрээ.
Сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа өвчтөнийг эрүүл болгоход чухал нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ талаар та юу гэж бодож байна?
Мэдээж тэгэлгүй яах вэ. Сайхан үгэнд нь хэний ч сэтгэл санаа өөдрөг болдог шүү дээ. Сайхан харилцаа, зөв хандлага бол бидний мэргэжлийн нүүр царай юм. Мэргэжлийн ур чадварыг ажил дээр гараад сурч эзэмшиж болно.
Та өөрийн цахим хуудсандаа хамгаалалтын хувцастай нэг зураг оруулсан байсан. Та коронавирустай иргэдийг эмчлэх, тусгаарлах багт байсан юмуу?
Би одоо монгол япон эмнэлэгийн эмнэлэгт ажилладаг. Би тэр багт ажиллаагүй шүү. Миний оруулсан пост бол бид коронвирустай халдвартай тохиолдол гарахад ажиллахад бэлтгэж байсан зураг.
Хэдийгээр эмнэлэгийн мэргэжилтэнүүд яг ХӨСҮТ-н тухайн багт ажиллаагүй ч бид бүхэн өдөр бүр байнгын бэлэн байдалд ажиллаж халдвар хамгаалалын хувцасаа хэрхэн аюулгүй өмсөж тайлах, эрчимт эмчилгээнд хүнд хүн ороод ирэхэд хэрхэн аппаратанд авах гэх мэтчилэн ЭМЯ, ДЭМБ-аас гаргаж байсан зөвлөмжүүдээр байнгын сургалт хийдэг.
Б.Жаргалмаа