Пакистаны төрийн тэргүүн асан Первез Мушараф 2007 онд эх орондоо онц байдал зарлан, Дээд шүүхийг гишүүдийг баривчлах тушаал өгснийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Пакистаны тусгай шүүх цаазаар авах ял оноожээ.
Цэргийн дэглэмтэй улсын түүхэнд ийм шүүхийн тогтоол өмнө нь гарч байгаагүй юм. Цэргийнхний зүгээс шүүхийн шийдвэрийг хуулийн үйл явцын дагуу болоогүй гэж мэдэгдээд байгаа.
Армийн командлагч 1999 оны төрийн эргэлтээр эрх мэдэлтэй болж, 2001 оноос 2008 он хүртэл Ерөнхийлөгч байсан. Тэрбээр 2008 онд импичментийн асуудал сөхөгдөхөөс өмнө өөрөө огцорсон.
1999 оны төрийн эргэлтээр түлхэн унагаасан хуучин өрсөлдөгч болох Наваз Шариф 2013 онд Ерөнхий сайдаар сонгогдсоноор Мушарафт эх орноосоо урвасан хэргээр шүүх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Хэргийн шүүх үйл явц 2013 оноос хойш хүлээгдээд байсан.
76 настай Мушараф одоогоор Дубайд эмчилгээний тусламж авч байгаа. Энэ сарын эхээр эмнэлгийн орон дээрээс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ өөрийн хэргийг ямар ч үндэслэлгүй гэж хэлсэн.
Улс төрийн зорилгоор түүнд хэрэг холбогдуулсан, 2017 онд хийсэн үйлдэл нь засгийн газрын гишүүдээр зөвшөөрөгдсөн байсан гэж Мушараф мэдэгдээд байгаа. Гэсэн ч түүний тайлбарыг шүүхээс хэрэгсэхгүй болгож, хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд байсан.
Пакистаны үндсэн хуульд эх орноосоо урван тэрсэлсэн тохиолдолд дээд хэмжээний ял өгөхөөр заасан байдаг. Исламабадын Тусгай шүүхийн гурван шүүгчийн хоёр түүнийг буруутай гэж үзсэн байна.
Гэвч уг шийдвэр хэрэгжих магадлал тун бага. Мушарафт 2016 онд Пакистанаас гарах боломжийг олгосон бөгөөд одоо Дубайд оршин суудаг. Тэрбээр 2016 оноос хойш шүүхийн хэд хэдэн зарланг үл тоон, эх орондоо эргэж ирээгүй юм.