Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрсөн ч өдөр бүр бүсгүйчүүд өөрсдийнхөө эрхийн төлөө дуугарах ёстой. Хүч тэнхээ муутай, зөөлөн, дөлгөөн хэмээн элэг барьж, бүсгүйчүүдийн эрх ашгийг төрөл бүрээр зөрчдөг, жендерийн мэдрэмжгүй үйл хөдлөл, үг хэллэг өнөөдөр ч нийгэмд ажиглагдсаар. Магадгүй үүнийг комеди шоунаас ч үзэж байсан байх. Тиймээс эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш бус байдлыг хэрхэн хардаг талаар “Big sistas comedy crew” клубийг үүсгэн байгуулагч, хуульч Б.Золзаяатай ярилцлаа.
-Өдрийн мэнд. Юуны түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Өдрийн мэнд. Намайг Б.Золзаяа /Зола/ гэдэг. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг. Мөн “Ар Ай Эс И Консалтинг” ХХК-д зөвлөх хийдэг. Хуульч, хөгжил судлал, жендерийн шинжээч мэргэжилтэй.
"Монголын эмэгтэйчүүдийн сан", "ЛГБТ" Төв, "Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо" зэрэг ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Мөн Хүний Эрхийн Үндэсний комиссын орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2008 оноос хүний эрх, жендерийн тэгш эрх, иргэний боловсролыг түгээх чиглэлээр олон нийт рүү чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг удирдан дотоодын болон олон улсын түвшинд сургагч багш, зөвлөх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн “Big sistas comedy crew” клубийн үүсгэн байгуулагч, комедиан.
-Хүмүүс “Big Sistas” комеди клубийн талаар багагүй мэддэг болсон шүү дээ. Анх яаж тус клубийг байгуулах санаа орж ирсэн бэ?
-Би гаднын комеди шоуг их үздэг. Түүнээс гадна Монгол комедиг ч сонирхдог байлаа. Гэвч манай комедиан эрчүүдийн ихэнх нь хүний эрх, жендерийн мэдрэмжгүй, аль нэг хүйстнийг дорд үзсэн, ялгаварлан гадуурхал болон хүчирхийллийг тоглоом шоглоом болгосон байдал нэлээн ажиглагддаг байсан. Түүнээс гадна манайд эмэгтэй комедиан ч цөөхөн байсан. Цөөхөн байснаараа эмэгтэйчүүд тэр салбарт нэгдэх, түүнээсээ эргээд хөгжих, хөгжилдөх боломж, орон зай бага байна гэж би хувьдаа харсан.
Хүн ямар үед илүү ихээр инээдэг вэ гэхээр, өөртэй нь холбоотой санагдсан үед их инээдэг. Дийлэнх комеди эрчүүдийн түүх, туршлага, мэдрэмж дээр суурилсан байсан учраас комеди ертөнцөд эмэгтэйчүүдийн түүх, туршлага, бидэнд тохиолдсон хөгжилтэй явдал, эмэгтэйчүүдийн амьдралын амтлаг байдлыг оруулах нь чухал гэж үзсэн.
Ерөнхийдөө Австралиас сургуулиа төгсөөд ирэхдээ энэ санаагаа өвөртлөөд ирсэн гэж хэлж болно. Миний хувьд энэ санааг дэвшүүлсэн хэдий ч маш олон бүсгүйчүүд надтай нэг бодолтой, нэг зорилготой байсан шүү.
-Таны хувьд хуульч, комедиан гээд маш олон ажлыг зэрэг амжуулдаг юм шиг санагдлаа. Ер нь таны нэг өдөр маш завгүй өнгөрдөг байх. Яаж энэ бүх ажлыг амжуулдаг вэ. Магадгүй зарим тохиолдолд хүндрэл тулгардаг болов уу?
-Комедиг хобби болгон чөлөөт цагаараа хийдэг гэж хэлж болно. Шинэ сорил, челленж гэж харж байгаа. Харин үндсэн ажил маань үнэхээр л намайг завгүй байлгадаг гэж хэлж болно. Хааяа хамтад нь амжуулах амаргүй байдаг ч шинэ хобби маань их таалагдаж байгаа. Тийм ч учраас цагийн менежментээ боловсруулаад, ажлуудаа амжуулдаг.
-Комедиг зөвхөн эрэгтэй хүн хийдэг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Ийм жендер дээр суурилсан шүүмжлэлийг юу гэж боддог вэ?
-Эрэгтэйчүүд л комедиг хийдэг, эмэгтэйчүүд ийм сэдвээр ярьж болохгүй гэсэн хандлага их ажиглагддаг. Хэн ч ямар ч сэдвээр ярьж болно. Гэхдээ зөвхөн ямар өнцгөөр ярих вэ гэдэг л чухал. Нэгэнт тогтчихсон хэвшмэл ойлголтыг шүүмжлээд, шоолоод ярих тийм ч хэцүү биш. Харин хэн нэгний эрхийг зөрчихгүй, эвгүй байдалд оруулахгүй, доромжлохгүйгээр хошигноно гэдэг тодорхой хэмжээний мэдрэмж, мэдлэг, ур ухаан шаарддаг гэж боддог. Тиймээс бид хэвшмэл ойлголтоос өөр байдлаар хандахыг зорьдог. Мэдээж амаргүй. Анхнаасаа төгс зүйл гэж байдаггүй шиг хийж буй хугацаандаа суралцдаг юм байна гэдгийг ойлгоод явж байна.
-Хэдхэн хоногийн өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Эл өдрийг тохиолдуулан "Нэг тэрбумаар тэмцье 2023" “Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө алхалт” хөдөлгөөн боллоо шүү дээ. Энэ хөдөлгөөн бол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, жендерийн ялгаварлан гадуурхалтын эсрэг ажил байсан тул таны хувьд зайлшгүй оролцох ёстой хөдөлгөөний нэг байсан байх?
-“Нэг тэрбумаар тэмцье” гэдэг хөдөлгөөн дэлхий даяар явагдаж байгаа. Харин Монголд 10 дахь жилдээ “Хөөрхөн зүрхний аян” ТББ удирдан манлайлан өрнүүлж байна. Бидний зүгээс сайн дураар эмэгтэйчүүдийн эрхийн үүднээс хүчээ нэгтгэн, үзэл бодлоо илэрхийлж энэхүү хөдөлгөөнд оролцсон. Энэ нь эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, асуудлыг зангидаж чаддагаараа ач холбогдолтой. Зөвхөн бодлогын нөлөөлөл гэхээсээ илүүтэй олон нийт рүү чиглэсэн, бүтээлч, урлаглаг, олон төрлийн арга зүйг ашигладагт нь талархсан.
-Нэгэнт хүний эрхийн талаар дурдсаных эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан, дэмжсэн хууль тогтоомж хэр санагддаг вэ. Хангалттай сайн байж чадаж байна уу. Хуульч хүний зүгээс байр сууриа илэрхийлбэл?
-Мэдээж аль улс оронтой харьцуулахаас ихээхэн шалтгаална. Жендерийн эрх тэгш байдлын олон улсын индекс үзүүлэлтээр Монгол Улс дундаж байр суурийг эзэлдэг. Дотор нь задлаад авч үзвэл өөр, өөр үзүүлэлтүүд гарна л даа. Тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоороо сүүл мушгин явж байгаа. Дэлхийн 146 орноос үзүүлэлтээрээ 112 дугаар байранд яваа.
Мөн Монголд гэр бүлийн хүчирхийллийн асуудал маш өргөн хүрээнд тархсан. Дээр нь ажлын байрны бэлгийн дарамт, ажлын байрны дутуу үнэлэлт, жендерийн тэгш бус байдал шат шатанд илэрхийлэгддэг нь судалгаагаар батлагддаг.
Хууль тогтоомж байлаа гээд хэрэгжүүлэлт, төсөв, хөтөлбөр байхгүй бол бүрэн шийдэгдэхгүй. Эдгээр хууль хэрэгжээд, олон нийтийн дунд мэдээлэл түгээд ирвэл жендерийн эрх тэгш байдал нь бүх иргэдэд ээлтэй. Эрэгтэй, эмэгтэй, ЛГБТ, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд бүрд үйлчилнэ. Жендерийн эрх тэгш байдлын бодлого, хөтөлбөр нь өөрөө энэ улсын бүхий л хүнд ээлтэй гэдгийг бусад улс орны жишээн дээрээс харж болно. Тэр дундаа хүний хөгжлийн индекс нь дээшилдэг, дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгддэг, амьдралын чанар сайжирдагаар батлагддаг.
-Хүний эрхийн талаар мэдээ мэдээлэл дулимаг байдаг учир иргэд эрхээ зөрчүүлсэн ч анзаарахгүй өнгөрөх тохиолдол их гардаг. Уг зөрчлийг шийдвэрлэхийн тулд юу хийвэл зохимжтой вэ?
-Хүний эрхийн талаарх ойлголт, мэдээ мэдээллийг Монгол Улсын Засгийн газар мөн БШУЯ, Хүний эрхийн Үндэсний комисс тодорхой хэмжээнд хүргэх, тараах, түгээх үүргийг хүлээдэг.
Үүнийг хэрэгжүүлээд явбал, уг асуудлаар урагшлах боломж бололцоо бидэнд бий. Олон жилийн өмнөхтэй харьцуулбал одоо цагт харьцангуй хүний эрхийн мэдээлэл сайтай болсон. Тэр дундаа орчин цагийн залуус маань хүний эрхийн талаар, эрх чөлөөний талаар, бие даасан байдлын талаарх ойлголт эрс нэмэгдсэн ажиглагдаж байгаа нь талархууштай.
Хүний эрхийг зөрчихдөө албаар гэхээсээ илүүтэй маш энгийн зүйлс дээр мэдэхгүйгээсээ болоод зөрчил гаргадаг. Тиймээс аль болох олон нийтэд мэдээллийг түгээн дэлгэрүүлэн Засгийн газар болон төрийн, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг шаардаж, түүний хэрэгжүүлэлтэд хяналт тавих нь маш чухал юм.
-Ер нь эмэгтэйчүүд гуравдугаар сарын 8-ны өдрөөр л өөрсдийнхөө эрхийг хөнддөг. Бусад өдрүүдэд тийм ч анхаардаггүй мэт санагддаг л даа. Үүнээс харахад эмэгтэйчүүд өөрийн эрхийн төлөө тэмцэх байдал нь сул байна уу. Магадгүй зүгээр яриад өнгөрөх бус өөрөөр хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ?
-Гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг онцгойлон анхаарч хөнддөг. Дэлхий даяар 365 өдөр энэ тухай ярилцаж, хэлэлцэж, эрхээ шаардаж байх ёстой гэдэг. Харин энэ өдөр бол глобал түвшинд, улс орны түвшинд энэ асуудлыг онцгойлон авч үзэж, ямар боломжууд байна, яаж урагшлах, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт төвлөрдөгөөрөө онцлогтой. Мэдээж жендерийн тэгш байдал гэдэг эрэгтэй, эмэгтэй, ЛГБТ зэрэг бүх хүмүүст хамаатай асуудал. Гэсэн хэдий ч илүү ихээр эрх нь зөрчигдөж, хохирч буй эмэгтэйчүүдийн асуудлыг хоорондоо анхааран, хөндөх, ярилцах, хэлэлцэх, эрх зүйн орчноо сайжруулахын тулд тодорхой байдлаар гуравдугаар сарын 8-ны өдөр болгон онцолж байгаа хэрэг.
Зайлшгүй анхаарах ёстой зүйл бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулах, нэмэгдүүлэх. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдсэнээр Монгол Улсын бүхий л иргэдэд ээлтэй, хүний амьдралд нийцсэн төрийн бодлогууд бий болох магадлал өндөрсөнө.
Хоёрдугаарт, шинжлэх ухаан, техник технологийн салбарт эмэгтэйчүүд үргэлж ард нь хоцорсоор ирсэн. Одоо цагт инновац, дижитал орчинд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм.
Тиймээс бид өдөр бүр эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах, хамгаалуулахыг сануулж байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа
Д.Дөлгөөн