Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Салхинцэцэг өвчний тууралтад метилин хөхийг хэрэглэхээ больсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

Тархвар судлалын эмч Д.Нарангэрэл хаврын улиралд сэдэрдэг халдварт өвчнүүдийн нэг болох салхинцэцэг өвчний талаар дараах анхааруулга, зөвлөгөөг өглөө.

Тэрбээр, Салхинцэцэг өвчний тууралтад метилин хөхийг хэрэглэхээ больсон. Эмчилгээний заавраас хасагдсан. Намайг залуухан эмч байхад тууралт дээр түрхдэг байсан. Тэр үеийн хүүхдүүд дархлаа сайтай, агаар, орчны бохирдолгүй, эрүүл хүнс хэрэглэдэг байсан болохоор ч тэрүү гайгүй байсан. Харин одоо бол метилин түрхэх нь өвчнийг хүндрүүлж амархан идээт үрэвсэлд хүргэж байна. Тиймээс салхинцэцэг өвчний үеийн тууралт дээр вирусийн эсрэг тосон болон гельн түрлэг ( ацикловер, виферон .. гм) -ыг хэргэлнэ. Гэхдээ эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдийн нас, тууралтын байдлаас шалтгаалан хэрэглэнэ" гэлээ.

Мөн сар шинийн дараа салхинцэцэг нилээд тархах янзтай байна. Агаар дуслын замаар салхи шиг л халдвар амархан дамждаг. Ерөнхийдөө хөнгөн явцтай, хүндрэл харьцангүй бага хэдий ч дархлаа султай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны эмгэгтэй хүнийг онцгой анхаарах хэрэгтэйг сануулав.

Салхинцэцэг херпес омгийн вирусээр үүсгэгддэг халдвар юм. Дамжих зам нь:

  1. Агаар дусал,
  2. Ахуйн хавьтал (цэврүүний шүүдэс, арьс салст).

Эмнэл зүйн гол шинж тэмдэг: Нүүр, цээж, үе мөчнөөс эхлэн овгор, цэлцгэр цэврүүт тууралт гарах, загатнах, амны хөндий шархлах, халуурах, тунгалгийн булчирхай цочих зэрэг болно. Тууралтыг маажих тусам бохирдож идээлэх аюултай.

Урьдчилан сэргийлэлт:

  • Бага насны хүүхдийг дагуулж айл, олон нийтийн газраар явахгүй байх,
  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх,
  • Ам хоолойг давс, сод, сармисны уусмалаар зайлах ( 10-14 хоног ээлжлэн уусмалыг хэрэглэх),
  • Дархлаа дэмжих

Асаргаа сувилгаа:

  • Хүүхдийг өдөр бүр усанд оруулах, тууралтыг үрэхгүй байх,
  • Хүүхдийн хумсыг богино байлгаж тууралтыг аль болох маажуулахгүй байх, бага насны хүүхдэд бээлий өмсгөх,
  • Хөвөн даавуун зөөлөн сул хувцас өмсгөж, өдөр бүр угаах,
  • Гарын ариун цэврийг сайтар сахих (савантай усаар сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх)
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угаах, наранд тавих,
  • Бантан, зутан зэрэг шөлтөй хөнгөн хоолыг 3-4 цаг тутам өгөх, халуун ногоотой, их давстай хоол өгөхгүй байх,
  • Зөгийн балтай бүлээн шингэн зүйл бага багаар ойрхон уулгах, Ус, хярам, саахар багатай жүүс уулгах,
  • Амны шарханд цэвэр зөгийн бал түрхэх,
  • Саахар ихтэй болон хийжүүлсэн ундаанаас зайлсхийх,
  • Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж сайтар агааржуулалт хийх.
  • Өрхийн эмчээс утсаар зөвлөгөө авах.
  • Эмчийн зөвлөгөөний дагуу вирусийн эсрэг эм ( ацикловер, анаферон, эргоферон, кагоцел….гм)-ийг хэрэглэх,
  • Эмчийн зөвлөгөөний дагуу загатнаа багасгах харшлын эм хэрэглэх,

Дур мэдэн антибиотек, аспирин, ибупрофен зэрэг эмийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Тусгал.мн

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн байгууллагын барилгууд хамгийн хурдан баригддаг. Гэтэл эмнэлэг, сургууль хэдэн жил дамнан баригддаг
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн байгууллагын барилгууд хамгийн хурдан баригддаг. Гэтэл эмнэлэг, сургууль хэдэн жил дамнан баригддаг
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.