Монгол Улс нэг намын дарангуйллын тогтолцооноос чөлөөт ардчилсан улс төрийн тогтолцоонд шилжсэн ч засаглалд бодитоор оролцож буй улс төрийн намуудын чадавх сул, хэт явцуу ашиг сонирхолд тулгуурласан бодлого хэрэгжиж ирсэн нь өнөөгийн улс төрийн нам, цаашлаад намын системийн төлөвших үйл явцад саад болж байна хэмээн судлаачид тайлбарлаж буй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар засаглалыг сайжруулах шаардлагатай гэсэн бодлогыг баримталж байгаа юм. Тэгвэл бид энэ удаад МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяатай уг сэдвээр дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэж байна.
"Өнөөгийн тогтолцоогоор УИХ-ын гишүүн гэдэг хүн чинээлэг байх ёстой юм байна гэдэг ойлголт бий болчихсон"
-Хаврын чуулган 14 хоногийн дараа нээх гэж байна. Чуулганаар ирэх оны сонгуулийг урьтал болгосон хэд хэдэн чухал хуулийн төслийг эцэслэн хэлэлцэхээр зэхэж буй. Анхаарал татаж буй нэг хууль бол Улс төрийн намын тухай хууль. Цаашлаад Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хөвөрнө. Улс төрийн намын тухай хуульд намуудын санхүүжилтыг шилэн болгож авлигаас ангид байх асуудлыг тусгасан талаар тодруулбал?
-Улс төрийн нам өөрөө шилэн байя, санхүүжилтээ нийтэд ил байлгая гэсэн агуулга нь цаагуураа Сонгуулийн тогтолцоотой холбоотой. "Трансперенси Интернэшнл" судалгааны байгууллагын Монголын талын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал тавьсан илтгэлдээ улс орнуудын улс төрийн сонгуульд саналаа өгдөг сонгогчдын дунд хийсэн судалгаанаас Монгол Улсыг авч үзэхэд нийт сонгогчдын 13 хувь нь "саналаа худалдсан" гэсэн хариу өгснийг мэдээлсэн. Энэ нь хэдийгээр хөгжиж буй улс орнуудын дүнтэй адил түвшинд байгаа боловч зайлшгүй анхаарах шаардлагатай чухал асуудал мөн.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд албан ёсоор ухуулагчийн зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж болно гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ нь цаагуураа сонгуулийн зардлын хэмжээг маш өндөр болгодог. Албан ёсны гаргаж байгаа зардал нь 500 сая ба түүнээс дээш болдог. СЕХ-нд хүргүүлж байгаа нэр дэвшигчдийн сонгуулийн албан ёсны тайлан дээр хэдэн тэрбумын асуудал хүртэл яригддаг. Үүнээс ямар асуудал үүсэх вэ гэхээр ердийн малчин, багш, эмч, эрдэмтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл гээд оюунлаг мөртлөө бизнесгүй, хандивлагчгүй иргэдийн өрсөлдөх боломжийг өнөөдрийг тогтолцоо шууд утгаараа хаачихсан гэсэн үг.
Хэрвээ тийм их хэмжээний мөнгийг сонгуульт ажилдаа зарцуулаад нэгэнт сонгогдож байгаа юм бол эргээд тэр мөнгөө яаж олдог вэ гэсэн хардалт байна. Тухайн сонгогчдынхоо таалалд нийцэхийн тулд өнөөдөр тойрогтоо ажиллана гэж ярьдаг. Тухайлбал, үүний нэг хэлбэр нь аливаа баяр ёслолоор очдог, арга хэмжээ зохион байгуулдаг, бэлэг тараадаг, шагнадаг гэх мэт хэлбэрүүдээр илэрхийлэгдэж байна. Энэ бүх зардал нь хаанаас гардаг нь тодорхойгүй учраас өнөөдөр нийгэмд УИХ-ын гишүүн гэдэг хүн чинээлэг хүн байх ёстой юм байна гэдэг ойлголт бий болоод байна шүү дээ.
Тиймээс бусад оюунлаг, чадварлаг хүмүүсийн оролцоог хангахын тулд бусад улс орнуудын туршлагыг харахад сонгодог хувилбар бол сонгуулийн пропорциональ систем юм. Пропорциональ системийн давуу тал нь улс төрийн намууд жагсаалтаар тодорхой хэмжээнд хөрөнгө чинээгүй, нийгмийн олон талт оролцоог хангасан нэр дэвшигчдээ гаргадаг юм байна гэсэн агуулга. Өнөөдөр Монголын Улс төрийн намуудад энэ асуудал хурцаар тулгамдаж байна. Гагцхүү үүнийг шийдвэрлэхэд намын жагсаалтаа нээлттэй байлгах уу, хаалттай байлгах уу, хэн ямар шалгууртай жагсаалтад орох уу гэдэг дээр намууд нухацтай ярилцах ёстой.
"УИХ-ын гишүүд тойргийн улс төрөөсөө гарч чадахгүй байгаа учраас төсвийн үед улсын хөгжилд ач холбогдолтой асуудалд байр сууриа нэгтгэж чаддаггүй"
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намуудын авлигын асуудлыг арилгахын тулд "шилэн нам" болох бодлогыг дэвшүүлсэн шүү дээ. Хөрөнгөтэй нь намыг захиалдаг, хүсвэл нэгнийгээ намнадаг. Цаашлаад мөнгөний улстөрчид засаглалд хувийн ашиг сонирхлоороо ноёрхдог зэрэг шүүмжлэлүүд багагүй бий. Авлигаас хэрхэн ангид байх боломжтой вэ. Улс төрийн босгыг чангатгах уу?
-Авлигын системийг таслан зогсоохын тулд Монгол Улсын Засгийн газраас таван "Ш" ажиллагааг дэвшүүлсэн. Мэдээж нэгдүгээрт, авлига хаана байгааг тогтоохын тулд "шүгэл үлээгч" байх ёстой. Энэ бол зөвхөн Засгийн газар юм уу аль нэг үүрэг бүхий байгууллагын дангаараа хийх ажил биш. Нийгмээрээ идэвхтэй оролцох ёстой.
Хоёрдугаарт, Шүүр ажиллагаа. Өнөөдөр орлогоосоо давсан зарлагатай төрийн алба хаагч, эрх баригч байна уу гэдгээс хамаарч зарлага нь хэрвээ нотлогдохгүй буюу баталгаагүй эх үүсвэрээс олсон мөнгийг зарцуулдаг бол энэ нь өөрөө авлига гэж ойлгоно. Үүнийг хуулийнхан хянан шалгах шаардлага тулгарна. Нөгөөтээгүүр авлигын хэрэгт холбогдчихоод, аливаа хэрэг асуудал үүсгэчхээд Монголоосоо гараад зугтаасан хүмүүс ч байна. Үүнийг эргүүлэн авчирч хуулийн хариуцлага хүлээлгэх нь "шувуу" ажиллагаа юм.
Эцэст нь хамгийн чухал асуудал бол "шилэн" байх. Шилэн ажиллагаа нь зөвхөн улс төрийн шилэн байх тухай ойлголт биш улс төрийн намууд өөрсдөөсөө эхлэн ил тод нээлттэй байх тухай асуудал юм. Шилэн данстай байх ёстой. Сонгуулийн бүх зардлуудаа нээлттэй болгох шаардлагатай. Тиймээс сонгуулийн тогтолцоо энэ хэвээр үлдвэл тойргийн улс төртэй, мажоритар систем дан ганцаараа явбал тойрог тордсон мөнгөний сонгуулиас гарахгүй л гэсэн үг.
Тойргийн улс төрөөсөө гарч чадахгүй бол төсвийн хуваарилалт дээр жишээ татахад иргэд сонгогчдодоо таалагдахын тулд зөвхөн тойрогтоо ашигтай хөрөнгө оруулалтуудыг УИХ-ын гишүүд төсвийн үед тавьж оруулдаг хортой. Улсын хөгжилд томоохон ач холбогдолтой асуудлуудад нэгдсэн байр суурьтай хандах хандлага нь бага байдаг. Ийм учраас илүү бодлогын хэмжээнд асуудлуудыг шийддэг байхын тулд холимог тогтолцоо чухал гэж үзээд байгаа юм.
"Монгол Улсын хүн ам 1.5 сая байх үед УИХ-д 76 гишүүн төлөөлж байсан бол өнөөдөр 3.4 сая хүнийг төлөөлөх чадамжгүй болсон"
-ҮХНӨ оруулах замаар парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг ярьж байна. Одоогийн УИХ-ын 76 гишүүн нийт иргэдийг төлөөлөх чадамжгүй болсон учраас гишүүдийн тоог нэмэх саналыг бусад улс төрийн намуудын ихэнх нь дэмжиж байх шиг. Нэг хэсэг нь нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг өнцгөөс хүртэл хандаж байна шүү дээ?
-1992 онд Байнгын ажиллагаатай анхны парламент байгуулагдах үед Монгол Улсын хүн ам 1.5 сая байсан. Одоо бол 3.4 сая хүн амтай болж, 2 дахин тэлсэн. Тухайн үед УИХ 76 гишүүнтэй байсан. Одоо ч энэ нь өөрчлөгдөөгүй хэвээрээ. Тэгэхээр 1.5 сая хүнийг төлөөлж байсан 76 гишүүн өнөөдөр 3.4 сая иргэнийг төлөөлж чадах уу үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Хүн амтайгаа харьцуулаад үзвэл зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Тухайлбал, УИХ-ын нэг байнгын хороогоор орж байгаа хуулиудыг бараг л 4-5 хүн л шийдэж байна шүү дээ. Хүний амьдралыг тав, зургаахан хүн ширээ тойрч суугаад шийдэж байгаатай ялгаагүй. Тэгэхээр цөөхөн байх тусмаа тэр хүмүүсийн нөлөөнд автах магадлал маш өндөр байна гэсэн үг.
Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд ҮХНӨ оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ эрх баригч нам дангаараа мэдээж шийдвэрлэх боломжгүй. Бусад улс төрийн намуудын байр суурийг сонсох, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах, эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг авах шаардлагатай гэж үзэж үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
"Сонгуулийн пропорциональ системийг оруулвал намын жасгаалтаар орох хүмүүст тавих шалгуурыг чангатгах ёстой"
-Хэрвээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болбол намын жагсаалтаар орж ирэх хүмүүс дунд захиалгын улстөрч орж ирэх боломжгүй болно гэсэн үг үү?
-Тийм. 2012 оны нэг удаагийн холимог тогтолцоогоор гарч ирсэн хүмүүсийн асуудлуудыг хүмүүс жишээ татан асуудал болгож ярьж байна. Тодорхой хэмжээнд тойрогтоо очих нэр нүүргүй болчихсон, эсвэл жагсаалтын аль нэг дугаарыг худалдаад авчихсан юм биш үү, үүдээр гаргасан чинь тооноор ороод ирсэн асуудал давтагдах бий зэрэг хардалт, шүүмжлэлүүд гарч байна. Тэгэхээр өмнөх гашуун түүхүүдийг давтахгүйн тулд тодорхой хуулийн хүрээнд хэрхэн яаж хязгаарлах, намын хяналтын байгууллагуудын яаж сайн ажиллуулж, системийн хэмжээнд шийдвэрлэх ёстой талаар бид бүхэн ярилцаж байна. Үүний тулд бусад улс орнуудын жишээг мөн авах ёстой. Хэрвээ нээлттэй гэвэл жагсаалтад орж байгаа бүх хүмүүсийг жагсаагаад иргэд дугуйлдаг байх юм уу гэдэг хувилбарууд яригдаж байгаа. Гэхдээ энэ процесс өрнөвөл маш их хүндрэлийг дагуулах гээд байдаг. Гэхдээ мэдээж иргэд, сонгогчид ч гэсэн их соргог болчихсон учраас намын жагсаалтын ард нуугдана гэдэг ойлголт боломжгүй юм байна гэдгийг харсан байх.
-Сонгуулийн тогтолцоогоо шинэчлээд, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ч шуурхай хөндөж хэлэлцүүлж байна. Үүний цаана улс төрд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах шаардлагатай гэж харж байгаа вэ. Магадгүй намын жагсаалтаар орж ирэх хүмүүст энэ асуудал яригдах уу?
-Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоо бага байдаг учраас бусад улс орнууд үүнийг хэрхэн яаж шийдвэрлэдэг вэ гэхээр квотууд байдаг. Хоёр дахь нь сонгуулийн пропорциональ систем байж хөрөнгө чинээ бага хүмүүс орж ирэх боломж байна гэдэг дотор эмэгтэйчүүд бас ордог. Өнөөдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэр байгаа билээ. Ер нь зөвхөн мөнгөн дээр тогтсон сонгууль яваад байх л юм бол илүү бизнестэй, хөрөнгөтэй хүмүүсийн сонгууль болох магадлалтай байдаг. Тиймээс эмэгтэйчүүдэд боломж олгох нэг хэлбэр нь сонгуулийн пропорциональ систем хэрэгтэй. Нөгөө талаараа эмэгтэйчүүд өөрсдөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн асуудлууд ч давхар хөндөгдөх хэрэгтэй болно.
Б.Мягмарсүрэн