Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ажиллалаа.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны нэгдүгээр сард 7984 дуудлага мэдээлэл ирсний 1309 нь хүүхдийн эрх, хамгаалал, 728 нь зөвлөгөө хүссэн, 2973 нь мэдээлэл хүссэн, 2971 нь зорилтот бус буюу тасарсан, тоглосон дуудлага эзэлжээ.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар энэ оны эхний 2 сард нийт 101 хүүхэд үйлчилгээ авсан байна. Тэдний 34 хувийг 0-5 насны хүүхэд, 30 хувийг 11-15 насных, 24 хувийг 6-10 насны хүүхэд эзэлж буй аж. Мөн ирж буй хүүхдийн 55 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна. Үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй гол шалтгаан нь эцэг эх архины хамааралтайгаас үүдсэн болохыг тус төвийн мэргэжилтнүүд онцолжээ.
Дэд сайд С.Зулпхар, “Хүчирхийлэл, дарамтад өртөж, эрх нь зөрчигдсөн хүүхэдтэй ажиллах нь маш нарийн мэдлэг, мэдрэмж, ёс зүйг шаарддаг” болохыг онцлоод ажилчдын нийгэм сэтгэлзүйн тэнцвэр, ур чадварыг сайжруулах сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулах, ирсэн дуудлагад дүгнэлт шинжилгээ хийж, нийгэмд сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлэх, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулж, туршлага мэдээлэл солилцож, зөвшилцөх, үе тэнгийнхний дээрэлхэх, гадуурхах байдалд онцгой анхаарч олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эх багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт тохирсон зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах чиглэл өглөө.