Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Тэтгэврийн тухай хуулийг шинэчлэн найруулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг нь 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгохдоо зургаа эсвэл долоон жилийн дундаж цалингаар тогтоолгосон ахмадууд өөрчлөх хүсэлтээ 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор НДЕГ-т өгөх боломж бүрдсэн.
Хүсэлтээ өгсөн ахмадуудын өөрчлөгдсөн тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн юм.Тэгвэл ахмадууд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
"Долоон жилийн дунджаар тогтоолгосон учраас одоо 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг”
Бидэнтэй тааралдсан эхний ахмад настан “Эмээ нь 2011 онд тэтгэвэрт гарч, тогтоолгосон учраас энэ өөрчлөлтөд нь орохгүй юм билээ. Уг нь хүсэлтээ өгчихмөөр л байх юм” гэсэн бол дараагийн иргэн “Хүсэлтээ өгч амжаагүй л явна. Миний хувьд таван жилийн дунджаар тогтоох нь зөв л гэж бодож байна. Би долоон жилийн дунджаар тогтоолгосон учраас одоо 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг” гэлээ.
Иргэн 3: Би тэтгэвэрт гараад удаагүй болохоор тодорхой мэдээлэл алга. Тэтгэврээ 550 мянгаар тогтоолгосон.
Иргэн 4: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгсөн. Гэхдээ би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байсан болохоор нээх сүртэй өөрчлөлт гарахгүй гэсэн. Намайг ажиллаж байх үед манай байгууллага цалингийн доод хэмжээгээр НДШ төлж байсан. Миний хувьд гагнуурчин учраас хөдөлмөрийн хүнд нөхцөл гээд 55 настайдаа тэтгэвэртээ гарсан” гэлээ.
Харин энэ талаар НДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Даваадуламаас тодруулахад, “Зургаа эсвэл долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон нийт 55 мянган тэтгэвэр авагч байна. Үүнээс,
таван жилийн дунджаар тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор 11589 нь цахимаар, 34750 нь биечлэн хандаж, бичгээр хүсэлтээ гаргасан буюу нийт 46285 иргэн хүсэлтээ гаргасан байна. Улмаар хүсэлтүүдийг 100 хувь шийдвэрлэсэн” хэмээн тайлбарлалаа.