Өнгөрөгч зургаадугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг эцэслэн баталсан билээ. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмэхээр тусгасан. Тэгвэл халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөний нөхөн олговрын асуудлаар ХНХЯ-наас мэдээлэл хийлээ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгохоор болсон. Ингэхдээ хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүд хүсэлт дахин гаргахгүйгээр наадмын өмнө авч байсан данс руу нь нөхөн шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэхдээ Үндэсний их баяр наадмын өмнө шилжүүлэхээр болж байна" гэлээ.