Их хотын соёл, өнгө үзэмжээс хойш татаж, арагш зулгаасан ТҮЦ гээчийг халах цаг нь болоогүй юм байх даа, амь бөхтэй оршсоор л байх аж. Эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй худалдааны ийм жижиг мухлаг нийслэлд ямар хэрэгтэй юм бэ.
Орчноо цэвэрлэдэггүй, эргэн тойрноос нь шээс баас нэвт үнэртсэн, нус цэр, хог новш хөглөрсөн дээр нь бэлэн гоймон, хэд хоносон нь ч бүү мэд шарсан ороомог, чанасан өндөг, чихэр бохь, ширхэгийн тамхи зардаг гаднаа ч паланцаг, дотроо ч паланцаг ийм заваан газруудаар хэн үйлчлүүлэх вэ. Учрыг нь ухаж сайн мэдэхгүйгээрээ бага насны хүүхдүүд үү, тэгээд тэд эрүүл мэндээрээ, бүр цаашилбал амь насаараа хохирох уу.
Ганцхан жишээ дурдъя, ТҮЦ-нээс хаяг шошго нь бүрхэг, боловсруулаад хэд хонож байгаа нь ч үл мэдэгдэх ороомог, чанасан өндөг авч идээд түүнээсээ хордлого аваад өвдчихвөл, бүр үхчихвэл хэн хариуцлага хүлээх вэ, ТҮЦ л лав биш. Мөн аливааг сонирхож, танин мэдэж яваа өсвөр насныханд ширхэгийн тамхи нууцаар зарж ирээдүйгээ бурууд ташуурдаж байгаа нь ч урхагтай. Гэх мэтээр тоочоод байвал ТҮЦ гээчид хамаарах халгаатай асуудал олон. Тиймээс ТҮЦ-нээс түдгэлзэх нь их хотын соёл болоод ирээдүй хойч болсон үр хүүхдэд минь өлзийтэй санагдана.