Өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон Хонг Конгийн загвар өмсөгч, нөлөөлөгч Эбби Чойгийн цогцсыг хуучин нөхрийнх нь гэрээс олсон. Тодруулбал, түүний экс нөхрийн гэрээс хохирогчийн эд эрхтэнүүд, махны хөрөө, хутга мөн хүний махаар хийсэн шөл бүхий хоол олдсон гэж цагдаагийнхан мэдээлээд байгаа юм. Мөн хохирогч Чойгийн биеийн үлдсэн хэсгийг хайж байгаа аж.
Харин түүний хуучин нөхрийг хотын захын арлуудын нэг болох Лантау дахь Тунг Чунг дахь усан онгоцны зогсоол дээрээс зугтах гэж байхад нь баривчилжээ. Түүнийг ах, эцэг эхийнх нь хамт байцаалт авахаар саатуулсан байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирогчийн охин, хүү хоёрыг Чойгийн ээжийн асрамжид өгнө гэж цагдаагийнхан мэдэгджээ.
Загвар өмсөгч Чой нь олон улсад танигдаж байсан бөгөөд өнгөрсөн сард Францын Парис хотноо болсон 2023 оны хавар зун Elie Saab Haute Couture шоунд оролцсон аж. Мөн саяхан тансаг зэрэглэлийн L'Officiel Monaco сэтгүүлийн нүүр царайгаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: BBC