Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Тэгвэл уг хэрэгт үе тэнгийнхэн охид хамааралтай, охины толгойг трубагаар цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээлэл цацагдаад байсан.
Гэвч мөрдөн байцаалтын явцад охиныг үе тэнгийнхэн охид бус нагац эгч нь хөнөөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын БОЭТ-д толгойдоо оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэрэгт ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдан Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үндсэнд хэргийг түргэн шуурхай илрүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч Ж нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр толгойдоо цохиулж гэмтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Улмаар нэгдүгээр сарын 28-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг хохирогч охины гэр бүлийн хамаарал бүхий иргэн Ж гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон. Тиймээс Ж-д ЭХТА-ын 10.1-1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлаад, таслан сэргийлэх авах саналаа хүргүүлсэн. Цахим орчинд хохирогчийг сургуулийн орчинд 4 сурагч трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл байна.
Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хажуудаа байсан гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан 4 хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна" гэлээ.
Мөн тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг эх сурвалжаас баталгаажуулж мэдээлэх ёстой. Тиймээс уг мэдээллийг анх гаргасан хэвлэлд тодорхой хэмжээний хариуцлагын асуудлыг ярина" гэлээ.