Хүүхдийн 100,000 төгрөгийг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ. Харин бүртгэлд хамрагдсан эсэхээ шалгах явцад алдаа гарч, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Тодруулбал, бүртгэлээр зарим хүний ам бүл, эд хөрөнгийн мэдээлэл зөрж хүүхдийн мөнгөний бүртгэлээс хасагдсан, хүүхдийн тоо хасагдсан, нэмэгдсэн зэрэг асуудал гараад байна. Энэ талаар ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхараас тодрууллаа.
-Хүүхдийн мөнгөний бүртгэлтэй холбоотой асуудал үүсээд байна. Үүнд яамны зүгээс хэрхэн анхаарч байна?
-Бид анх удаа захиргааны мэдээллийг ашиглаж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх алхмыг хийж байна. Үүнийг цахим засаглал, цахим шинэчлэлийн хүрээнд хийж байна. Төр, захиргааны байгууллагад иргэд болон өрхтэй холбоотой мэдээлэл бий. Уг мэдээллийг тодорхой аргачлалын дагуу үнэлээд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрхүүдийг буюу 91 хувийг тодорхойлсон. Гол нь төр, захиргааны байгууллагад байгаа иргэн, өрхтэй холбоотой мэдээлэл алдаатай байх тохиолдлууд гарч байна. Тиймээс иргэд алдаатай мэдээллээ засч, залруулаад хүүхдийнхээ мөнгийг авах боломжтой.
-Иргэд мэдээллээ засуулах гээд явна гэдэг бол асар их ажил байна. Мөн төрийн хүнд суртал байна. Алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцох уу?
-Энэ ямар нэгэн байгууллага юмуу, системээс гарсан алдаа биш. Иргэдийн мэдээлэл төр, захиргааны байгууллагад ямар бүртгэлтэй байна. Тэрүүгээр нь бүртгэсэн. Жишээ нь, шилжилт хөдөлгөөн хийсэн, хүүхдээ сургуульд оруулах гээд өөр бүртгэлд бүртгүүлсэн зэргээр мэдээллээ шинэчлээгүйтэй холбоотой. Тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг иргэн өөрөө бүртгүүлж, засуулж, шинэчлэх эрхтэй, үүрэгтэй байдаг. Тиймээс тухайн байгууллагад хүсэлтээ гаргаад энэ алдаануудаа засуулж болно. Засагдсаных нь дараа бид дахиад үнэлгээг нь гаргаад, хүүхдийн мөнгө олгох эсэхийг шийдчихнэ.
-Өрхийн орлогыг яг ямар аргачлалаар гаргаад байгаа юм бэ?
-Цалингийн болон цалингийн бусад орлого байна. Мөн үл хөдлөхийн хөрөнгө.
-Иргэд өөрсдөө мэдээллээ шинэчлээгүйтэй холбоотой алдаа гарч байна гэж та хэллээ. Гэтэл нөгөө талаасаа бүртгэлтэй хүүхэд нь бүртгэлгүй болчихсон байна. Энэ хэний алдаа вэ?
-Янз бүрийн жишээ гарч ирж байна. Нэг жишээгээр бүгдийг нь тайлбарлаж болохгүй. Хүүхэд өөр өрхөд бүртгэлтэй байх магадлалтай.
-Эцэг эхийн нэр дээрээ л байж таарна шүү дээ?
-Өрхөөр нь тооцож байгаа. Хүүхэд өөр газар бүртгэлтэй байвал өөр газар гарна. Тэгэхээр үүнийг залруулах боломжтой.
-Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бас зөрүүтэй байна. Байргүй, орон сууцгүй хүнийг 4-5 байртай гэж бүртгэсэн байна?
-Тийм асуудал гарч байна. Тухайн иргэд зарж борлуулчихаад шилжүүлээгүй байх боломжтой. Тэгэхээр засч, залруулах хэрэгтэй.
-Хороо, дүүрэг, бүртгэл рүү явна гэж ажиллагаа их байна. Цахимаар гаргаж болох уу?
-Болно. Тухайн хүний сонголтын эрх.