ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, ЭЦГ-аас түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг цагдан хориод байсан. Улмаар үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо түүнийг өмгөөлөгчгүй, ажлын цаг дууссан гэсэн үндэслэлээр цагдан хорих саналыг хэлэлцээгүй байна. Ингэснээр түүний баривчилгааны 48 цагийн хугацаа дуусч суллагдсан байна.
С.Батдөл нь уг албан тушаалд 2021 онд томилогдсон ч маш богино хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгагдаж байгаа юм. Тэрбээр албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байна.
Сануулахад, тэрбээр өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.