Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Архи худалдаалахын тулд 20 сая төгрөгийн ХАХУУЛЬ өгдөг байдлыг халж, зөвшөөрлийг ЦАХИМЖУУЛСАН

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
6 минут 43 секунд

Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Зөвшөөрлийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Өмнө нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор заасан байдаг ч яваандаа 1600 болж үлэмж томорсон. Тусгай зөвшөөрөл олголт олширсон нь авлига газар авах нэг шалтгаан болсон гэж хууль санаачлагчид шүүмжилж байна. Тэгвэл энэ оноос хэрэгжих Зөвшөөрлийн тухай хууль дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Зөвшөөрлийн тухай хуулийн 2 дахь хэлэлцүүлэг хийгдэж дэмжигдсэн байгаа. Энэ долоо хоногт УИХ-аар орж соёрхон батлах ёстой. Үүний дараа ерөнхийлөгчийн хориг тавих эсэх хугацаа гүйцсэнээр хууль албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Хууль батлах үндсэн шалтгаан нь ердөө л энэ асуудал. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд хуульд заагаагүй олон зөвшөөрлийг зохиомлоор олгож ирсэн нь эрх бүхий албан тушаалтнуудын авлига авах гол "урхи" болж байсан гэж хэлж болно. Харин шинэ хууль батлагдсанаар иргэн, ААН-үүдээс зөвхөн хуульд заасан зөвшөөрлийг л төрийн болон төрийн бус байгууллага таниас шаардах боломжтой. Товчхондоо хуульд заагаагүй ямар ч шаардлага, шийдвэрийг зөвшөөрөл гэж үзэхгүй гэсэн үг.

Гол давуу тал нь бүх зөвшөөрөл ямар нэгэн журмаар зохицуулах шаардлагагүйгээр хуульд заасан хугацаандаа гардаг болно. Хоёрдугаарт, бүх мэдээлэл шилэн болно гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл хүссэн иргэн, ААН-ийн мэдээлэл цахим үйлчилгээний системд байршиж, түүнийгээ хүсэлт гаргагч өөрөө хянаад явах боломжтой болно. Ингэхээр төрийн хүнд суртал, дугаар дараалал үүсгэх, хүлээлт бий болох шаардлагагүй гэсэн үг.

Гуравдугаарт, тусгай зөвшөөрөл хүссэн материал төрийн үйлчилгээний тодорхой мэргэжилтэн, албан тушаалтны шүүгээнд цоожлогдоод уддаг. Тэгвэл шинээр батлагдаж байгаа хуулиар тусгай зөвшөөрлийг 30 хоногт, энгийн зөвшөөрлийг 22 хоногт багтаан олгохоор тусгасан. Хэрвээ тухайн төрийн албан хаагч зөвшөөрөл хүсэгчийн материалыг хугацаандаа судалж, шийдвэрлээгүй тохиолдолд зөрчлийн болон төрийн албан хаагчийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор тусгасан.

Мэдээж бүх зөвшөөрлийг энэ хуульд хамруулах боломжгүй. Тухайлбал 40 гаруй зөвшөөрөл тусгайлсан хуулийн дагуу шийдэгдэж байгаа. Зөвшөөрөл ямар нэгэн лоббигүй явагдана. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл байгуулагдана. Зөвлөлийн 9 гишүүний зургаан гишүүн хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөл байх юм. Тухайн зөвлөл нь зөвшөөрөлд хяналт тавьж, шаардлагатай бол аудит оруулж нээлттэй сонсгол явуулах хүртэл үйл ажиллагааг хангана.

-Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа шилэн болно гэж хэлж байна. Ямар платформоор дамжиж иргэдэд цахим үйлчилгээг үзүүлэх вэ?

-Одоогийн байдлаар 5-6 платформоор хэрэгжүүлж болно. Нэгдүгээрт Эдийн засаг, хөгжлийн яам дээр хийгдэж байгаа License.mn гэсэн цахим программаар дамжуулан үйлчилгээ авах боломжтой. тус хаяг дээр сангийн яам, татвар, гааль зэрэг төрийн бүх зөвшөөрлүүдийг нэгтгэж байна. Мөн E-Mongolia цахим хаягаар хандаж болно. Аль эсвэл тухайн салбар яамныхаа цахим үйлчилгээний системд хандаж болох юм. Харин энгийн зөвшөөрлүүдийг ТҮЦ машинаас ч авч болохоор зохицуулсан байгаа.

-Цахимаар хүсэлт, өргөдөл авдаг болсноор бүрдүүлэх бичиг баримтын тоо хэр буурах вэ?

-Төрийн болон хувь хүн, ААН-ийн мэдээллийн сангаар дамжуулан зөвшөөрөл хүсэгчээс шаардах материалуудыг автоматаар цуглуулж хянах боломжтой. Ингэснээр заавал цаасан материал бүрдүүлэх шаардлагагүй. цаг хугацаа, санхүү ч хэмнэнэ. Шинээр бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том асуудал бол олон байгууллагын хаалга тогшиж, зөвшөөрлийн бичиг хөөцөлдөх ажил. Энэ бэрхшээлийг халж байгаа гэсэн үг. Мөн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө зөвшөөрөл олгодог байгууллага нь цахимаар мэдэгдэл хүргүүлдэг болж байна. Хэрвээ эрх бүхий байгууллага заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн зөвшөөрлийг олгосонд тооцно.

-Ялангуяа үйлчилгээний байгууллагын хамгийн том зовлон зөвшөөрөл авах байдаг шүү дээ. Найман нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд 4-6 төрлийн зөвшөөрөл багадаа шаарддаг гэж байна. Нийтлэг үйлчилгээний байгууллагат олгодог зөвшөөрлийг хэрхэн хялбаршуулж байгаа вэ?

-Бид хуульд өмнө нь олгодог байсан 1600 гаруй зөвшөөрлийг 362 болтол нь бууруулсан. Үүн дотор жишээлбэл саяын дурдсан жижиглэсэн зөвшөөрлүүдийг цомхон болгож нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд зөвхөн архи, тамхины тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэвээр үлдээж бусад дагалдах зөвшөөрлүүдийг шаардлагагүй гэж үзсэн.

Мөн гарааны бизнес эрхлэгчид томоохон компаниудтай нэг талбарт зэрэгцэн өрсөлдөх боломж бүрдэж байна. Тодруулж хэлбэл, том компаниуд тусгай зөвшөөрөл хүсэхдээ дэргэдээ мэргэжлийн албадуудтай байдаг. Цаашлаад тэгш бус ялгамжтай байдал үүсэх бэрхшээлийн цаана авлига нуугддаг үзэгдэл байхгүй болж хүнд суртал арилна гэсэн үг.

Хамгийн наад зах нь 2022 оны 6 сард үйлчилгээний төвүүдийн архи худалдан борлуулах үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цуцалчихсан байсан. Үүнээс болж тухайн зөвшөөрлийг авахын тулд эрх бүхий албан тушаалтанд 20 сая төгрөгийн хахуул өгдөг байсан шүү дээ. Тэгвэл шинээр хэрэгжих гэж байгаа хуульд архины тусгай зөвшөөрлийг хүртэл цахимаар олгодог болгохоор зохицуулсан нь 20 сая төгрөгийн хахууль авдаг байдал үгүй болж байна гэж ойлгож болно.

-Ярилцсанд баярлалаа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -20 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -20 хэм хүйтэн
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.