Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: “Нүүрсний“ гэх хэрэгт холбоотой 17 хүний нэрийг зарласан нь ХУУЛЬ БУС УУ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 43 секунд

No description available.Өнгөрсөн долоо хоногт нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг хууль хүчний байгуулагуудын хамтарсан багаас дэлгэж, олон нийтэд ил болгосон. Улс эх орныхоо боломжийг хулгайлж, эрх ашгаа ард түмнээс дээгүүрт тавьсан эл хэрэгт холбоотой гэх хүмүүсийг зарласан эл үйлдлийг олон нийт сайшаалтайгаар хүлээн авсан. Гэвч нөгөө талдаа хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийн нэрсийг ил болгосон нь хуульд нийцэж буй эсэх, цаашид хэрэг шалгагдах процесст ямарваа нэг байдлаар эрсдэл учруулах уу зэрэгт хуульчдын байр суурийг тодрууллаа.

-Хуульч Б.Эрхэмбаяр: 17 хүний нэрсийг ил болгосноор цаашил эл гэмт хэргийн шалгаж, илрүүлж, олж тогтоох үйл явц улам ХААГДМАЛ болно-

Монгол Улсын Засгийн газар, ХЗДХ-ийн сайд мөн АТГ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргаж байна. Нэг талаараа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талд ажиллаж байж магадгүй мэт үр дагавартай мэдэгдлүүдийг хийлээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тухай хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг нууцалж мөрдөн шалгах ажиллагааны явцад эл гэмт хэрэгт оролцсон хэргийн оролцогчийг задруулахгүй байх, гэрч холбогдох нотлох баримтуудыг устгуулахгүй байхтай холбоотой мэдээллийг нууцалдаг. Прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд ил болгодоггүй. Энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Гэтэл хууль хяналтын байгууллагууд нь 17 нэрсийг зарласан явдал нь хууль зөрчсөн үйлдэл.

Нэр нь зарлагдсан нэр бүхий 17 хүн нь одоогийн нөхцөлд шалгуулах гэж байгаа юм чинь нотлох баримт устгах, хил гарч зугатах, өөрийн өмч хөрөнгүүдийг зарах цаашилбал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа устгаж нуун дарагдуулах үйлдэл хийвэл хэн хариуцлага хүлээх вэ. Энэ мэдээлэл задарснаас шалтгаалж гэмт хэргийг шалгаж олж тогтоох, илрүүлэх явц улам хаагдмал, боогдмол болно.

-Хуульч Б.Түвшинтөгс: Нэрсийг ил болгож, гэм бурууг эхлээд шүүхийн байгууллага бус "массаар" шүүлгэх нь эргээд шүүхийн процесст нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгодог-

Одоогийн нөхцөлд мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хэргийн оролцогчоос бусад хүмүүст хаалттай буюу мэдээлэл задрах боломжгүйгээр явагдах ёстой. Жагсагчдын шаардлага аль эсвэл улс төрийн оролцооноос шалтгаалж нэр бүхий хүмүүсийн нэрийг зарлалаа. Хууль зүйн хувьд боломжгүй үйлдэл. Учир нь, хэрэгт холбогдуулж шалгаж буй хүний мэдээллийг нийтэд өгснөөр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад масст хүргэх нь шууд утгаараа хулгайч юм байна гэдэг байдлаар дүгнэлт хийхэд хүргэж буй юм. Өөрөөр хэлбэл, тэр хүнд гэмт хэрэгт холбогдолгүй хүн байвал хувь хүний болон ажил хэргийн нэр хүндээр хохирно. Нэрсийг зарлах нь хууль зөрчсөн асуудал.

Шүүхийн шийтгэх тогтоол гэм буруутайд тооцох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэх Үндсэн хуулийн зарчим бий. Гэтэл эхлээд гэм буруутай эсэхийг массаар шүүлгэчихэж буй үйлдэл болж байна. Энэ нь эргээгээд шүүхэд нөлөөлөх процесс болдог. Өөрөөр хэлбэл, шүүх бие даасан өөрийн үзэмжээр хэргийг шийдвэрлэж чадхааргүй нөхцөл байдалд орчихдог. Хэрвээ нэрс нь зарлагдсан 17 хүний хэн нэгнийг цагаатгаад шийдчихвэл энэ шүүгч авилга авсан гэх мэтээр болгоомжлол буюу шүүгчийн хөндлөнгийн хараат бус, бие даасан байдлаар шийдвэрлэж чадхааргүй нөхцөлд энэ үйл явдал хүргэж байгаа юм.

Шүүгч өөрийн итгэл үнэмшлээр хэрэгт авагдсан мэдээлэл, нотлох баримтуудад үндэслэн бие даасан байдлаар хэргийг шийдвэрлэх ёстой байтал массаар эхлээд явуулчихаар энэ мэт сөрөг үр дагаврууд ажиглагддаг. Нөгөө талдаа буруугүй этгээд байгаад хэрэгт нь улс төрийн ямар нэгэн нөлөө орсон байвал шүүхээр яллахад амар нөхцөл байдлыг үүсгэж буй юм. Хуулиа бариад ажиллавал жагсагчдын шаардлага, улс төрийн шаардлагаас хамаарсан ч бай мөрдөн шалгах ажиллагаа ингэж явагдах ёсгүй.

-Хуульч Ч.Өнөрбаяр: Сайд, улс төрчид олон нийтийн өмнө гарч ирээд мэдээлэл хийдэг, мөрдөн шалгах ажиллагааны талаар ярих болсон нь БУРУУ ЖИШИГ-

Хуулийн байгууллагууд прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгдөг шүү дээ. Прокурорын байгууллага мэдээллээ өгөөд явах ёстой гэж харж байгаа. Сая мэдээлэл дунд нь нэр дурдагдсан гишүүд нь хүртэл гомдол мэдүүлээд явж байна лээ шүү дээ. Хуулийн байгууллагаас биш манай намаас жагсаалт өгсөн гэх зүйлийг хэлж байна лээ. Хэрэв энэ үнэн бол ноцтой асуудал. Нэг нам хэдэн хүний нэрсийг захиалгаар өгдөг болчихвол том аюул. Тиймээс энэ асуудлыг ч хуулийн байгууллагууд нь хянаад явах байх.

Ер нь сайд, улс төрчид олон нийтийн өмнө гарч ирээд мэдээлэл хийдэг, мөрдөн шалгах ажиллагааны талаар ярьдаг байдал нь буруу жишиг. Хуульд нийцэхгүй. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх бодлого боловсруулдаг болохоос гэмт хэргийг шалгадаг, нотолдог, тогтоодог газар биш. Тиймээс Үндсэн хуулийнхаа зарчим руу энэ асуудлаа яриад явахгүй бол цаашид эрх зүйт төртэй улс байх эсэхтэй нүүр тулна.

Нотлох баримтгүй зүйлээр дүгнэж ярих боломжгүй. Хуулийн байгууллагууд нь хараат бусаар шалгаад нотлон тогтооно. Харин үүнд нь аль нэг улс төрийн нам, улс төрчдийн зүгээс шахалт үзүүлж болохгүй. Нөгөө талдаа, иргэдэд, хэвлэлд мэдээлэлд хардах эрх бий. Энэ эрх байх ёстой. Тиймээс аль аль талаас зөв хяналтыг тавьж нэг талдаа гарах ёстой л гэж харж байна. Миний харж буйгаар, нүүрсний хэрэг энэ 17 хүнээр тогтохгүй л байх. Энэ нь явж явж намын санхүүжилт, сонгуульд нь явсан болж таарна. Энэ мэт маш олон асуудлууд мухарлагдах хүртэл шууд дүгнэлт хийх нь өрөөсгөл юм.

-Хуульч Хонгорзул: Шүүх байгууллагаас өмнө ард нийтээр 17 хүнийг шүүлгэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл-

No description available.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа нууц гэж заасан байдаг. Нийтэд ил болгох нь ч өөрөө хуулийн зохицуулалттай. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр мөн прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болдог. Ингэхдээ тухайн хэргийн оролцогчийн нэр, хувийн нууцтай холбоотой мэдээллийг зарлахыг хориглодог гэсэн үг.

Саяхан өрнөсөн процесс нь шаардлага нь ч, шаардлагын дагуу нэр зарлаж буй процесс нь ч хууль бус гэж дүгнэж болохоор байна. Яагаад гэвэл, энэ ажиллагааны зорилго нь гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох зарчмыг зөрчиж буй явдал. Гэм бурууг шүүх эцэслэн тогтооно. Гэтэл ийм байдлаар ард иргэдээр гэм буруутай эсэхийг шүүлгэх гээд байна шүү дээ. Шүүхээс өмнө цовдлоно ч гэж ярьдаг. Тэгэхээр улс төрийн зорилготойгоор нэрсийг зарлаж байна гэж харж байгаа.

Түүнээс биш хэрэг шалгах ажиллагааны бүхий л нууцлал буюу тухайн хүний хувийн болон төр, байгууллагатай холбоотой мэдээллийг ил гаргахыг хориглодог.

Хоёрдугаарт, эдгээр хүмүүсийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох хүмүүс гэж нэршилтэй яваад байгаа. Гэтэл ийм нэршил байдаггүй. Оролцогч болон бусад оролцогч гэсэн нэр томъёо л байдаг. Товчхондоо, энэ бол шүүхийн бус журмаар ард нийтээр шүүлгэх, бусдын нэр хүндэд халдах, хуульд заасан журмаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл гэж харж байгаа.

Х.Нямбаатар: Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад АТГ-аас нүүрсний хулгайн асуудлаар хэрэг нээж, яллагдагчаар татсан
Х.Нямбаатар: Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад АТГ-аас нүүрсний хулгайн асуудлаар хэрэг нээж, яллагдагчаар татсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.