Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бум-Очир: Хорвоог орхиж байгаа буурлуудтай хамт асар их хэмжээний оюун санааны соёлын өв бүдгэрч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 55 секунд

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний анхдугаар зөвлөгөөн болж эрдэмтэн судлаачид хууль эрх зүйн орчинд тулгамдаж байгаа асуудлын талаар санал золилцож зөвлөмж гаргасан юм. Тодруулбал, Монгол Улсад соёлын биет бус өв болох оюун санааны уламжлалт өв тээгчдийн соёлыг хадгалж хамгаалах, уламжлан авч үлдэх арга хэрэгслийг хамгаалсан хууль эрх зүйн орчин байхгүй байгааг сануулж байна. Бид энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх, доктор Д.Бум-Очиртой ярилцлаа.

-Соёлын биет өвтэй холбоотой олон асуудлууд яригддаг. Гэтэл Монголын уламжлалт ахуй, зан заншил, үлгэр домог, ардын хууч ярианаас үүсэлтэй биет бус өвийг хамгаалах асуудал хаягдаж ирсэн. Соёлын өв судлаачид үүн дээр яаж анхаарч байгаа вэ?

-Соёлын өвийн аюулгүй байдлын тухай асуудал яригдаж байхад бид оюун санааны аюулгүй байдлыг нэгдүгээрт ярих ёстой гэж би боддог. Өөрөөр хэлэх юм бол бид оюун санаа, үзэл санааны хувьд соёлын өвөө зөвөөр ойлгодог, мэддэг, үнэлдэг байх ёстой. Товчхоноо бид өөрсдөдөө байгаа соёлын биет болоод биет бус өвийг оюун санаа, итгэл үнэмшил, мэдлэг боловсролын хувьд үнэлэх чадваргүй байвал энэ нь хамгийн том үндэсний хэмжээний аюул болов уу гэж бодож байна.

Тэгэхээр үүний ард соёлын өв “үнэгүйдэх” асуудал яригдана. Энэ бол зөвхөн Монгол Улс соёлын өвөө алдах асуудал биш Монголчууд бид өөрсдөө хоосрох тухай асуудал. Бид оюун санааны хувьд өөрийн гэсэн суурьгүй болж байна гэсэн үг. Яагаад гэвэл аливаа үндэстэн ард түмэн юун дээр түлхүү төвлөрч оршдог вэ гэхээр түүх соёл. Гэтэл энэ сэдвийг ярихаар бид соёлоо хамгаалж хайрлаж байгаа гэж ярьдаг. Гэтэл бидний оюун санааны дархлаа, Үндэсний аюулгүй байдал, оршин тогтнохуй гэж хэлээд байгаа энэ нэг баганыг маань сүүлийн 100 гаран жил янз бүрийн үзэл санаанууд, судалгаа шинжилгээнд бол онолууд үгүйсгэж, дайрч давшилсан байдаг.

Жишээ нь хөгжлийг номлодог гол онолуудаас Нийгэм соёлын хувьслын онол, Модернизацийн онол, чөлөөт зах зээлийн онол орно. Ингээд хүн төрөлхтний хөгжлийг номлодог гол үзэл санаанууд дотор соёлыг үгүйсгэсэн утга агуулгууд нэлээд байсан. Гэхдээ эдгээр онолуудыг бүгдийг нь үгүйсгээгүй. Тухайн онолууд дотор соёлын өвтэй зөрчилдөх агуулга, үзэл санаанууд байсан юм гэдгийг л хэлээд байгаа юм. Тэгэхээр бидний дунд хөгжих явцад уламжлалт соёл гэдэг зүйл чөдөр, тушаа болж байна гэсэн ойлголт бараг 100 орчим жил явсан байхгүй юу.

Тэгэхээр хөгжил гэдэг зүйл нь өөрөө маш харьцангуй ойлголт гэж хэлж болно. Тухайлбал, энэ шилэн байшинтай байхыг хөгжил гэж хэлэх юм уу, оюун санаа, ёс суртахууны хувьд өндөр байхыг хөгжил гэж хэлэх юм уу гэдэг нь агуулгаараа өөр ойлголтуудыг бий болгодог гэсэн үг.

-1990 оноос хойш Даяаршлын эрин үе гэж нийгмээрээ ярьж, уламжлалт ахуйн соёлууд аажимдаа барууны соёлтой уусаж, боловсрол, соёлын үйл ажиллагаанууд ч гадаад хэл соёл, шашин шүтлэг, аж байдлаас авхуулаад эрчимтэй нэвтрэх болсон шүү дээ. Дангааршил, даяаршил гэдэг ойлголтын сул болон давуу талыг та юу гэж тайлбарлах вэ?

-Яах вэ, даяаршил гэдгийг эрдэмтэд сайн, муу олон талаас нь тайлбарладаг. Мэдээж үүнд олон эерэг үр дагаврууд байгаа л дээ. Тухайлбал, өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн ард түмэн бие биеэсээ суралцдаг, хоёр бараа бүтээгдэхүүн байлаа гэхэд илүү сайн технологиор хийгдсэний нь шилж авдаг ч гэдэг юм уу олон эерэг талуудыг үүнд онцолж болно. Ямар сөрөг үр дагавар гарч ирж байна вэ гэхээр зарим тал дээр шинэ цагийн колоничлол, эсвэл хараат байдлыг бий болгоод байгаа юм биш үү гэдэг ойлголт гарч ирж байгаа.

Аль нэг үндэстэн, ард түмэн эдийн засгийн хувьд хөгжингүй улс орнуудаас хараат байх, энэ цааш даамжирвал орчин цогт бий болоод байгаа нэгэн зүйлийн колоничлол юм биш үү гэдэг асуудал үүсдэг. Тэгэхээр бид даяаршлаас бүрэн ухрах арга байхгүй. Тэртээ тэргүй дэлхий даяар тархчихсан түгээмэл процесс учраас.

Харин үүнийг хэрхэн зөв хослуулах вэ, бидэнд олгож байгаа олон боломжуудыг хэрхэн давуу тал болгож ашиглах вэ, нөгөө талаараа даяаршлаас бидэнд ир болох сөрөг үр дагавруудаас бид өөрсдийнхөө уламжлалт соёл, зан заншлыг хэрхэн хамгаалах вэ гэдгийг маш сайн бодох ёстой.

- Монголчууд оюун санааны өв соёлыг хамгаалах, дэлгэрүүлэх чиглэлийг үйл ажиллагаа манайд хэр явагдаж байгаа гэж та хардаг вэ? соёлын өвийг хамгаалах хууль, эрх зүйн орчин ямар байна?

-Соёлын өвийн хамгааллын тал дээр бид учиргүй хоцрогдчихсон, эсвэл дэлхий ээр болж байгаа янз бүрийн үзэл санааны нөлөөнд тэр чигээрээ авчихсан, мунхарчихсан байгаа гэж бодохгүй байна. Тэгэхээр нэг талаараа бид ард иргэдээ зөвхөн өөрийн соёлоо хардаг, дэлхийн соёлыг хардаггүй байж болгож болохгүй шүү дээ. Тэгэхээр хэм хэмжээг нь тааруулж явах нь чухал.

Тодорхой хэмжээгээр таарч ч байгаа болов уу гэж бодож байна. Ялангуяа 1990-д оноос хойш Монголын өв соёлыг хайрлан хамгаалах, түүх соёлоо сэргээн судлах хөдөлгөөн бол эрчимтэй эхэлсэн байдаг. Нэг талдаа даяаршлын гэгдэх хөдөлгөөн, нөгөө талдаа үндэсний гэгдэх хөдөлгөөн хоёр бол миний ойлголтоор зэрэгцэж өрнөсөн гэсэн үг. Гэхдээ нийгмийн зарим нэг бүлэг хүмүүс хэт барууныг баримталж даяаршлыг эрхэмлэж туйлширч Монгол өв соёлоо үгүйсгэдэг хэсэг бол бий.

Жишээ нь Монгол бичиг. Социализмын үеэс л энэ бараг бүдүүлэг зэрлэг, феодалын үе гэж хаясаар байгаад одоо тэр хэл соёлоо бүрэн авч үлдэж чадалгүй эрэмдэг болгосон. Олон нийт ч гэсэн өдөр тутмынхаа амьдралд түүртээд ч юм уу үүнийхээ үнэ цэнийг бүрэн ухаарч чадахгүй яваад байна.

Харин сүүлийн хэдэн жил Соёлын яамтай болсноор өв соёлын тухай асуудал илүү тод томруун болж асуудал илүү анхаардаг болж ирж байна. Алсын хараа-2050 дээр бол үндэсний нэгдмэл байдал, өв соёлын асуудал маш тодорхой туссан. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ч мөн зарим орхигдоо байсан зүйлсийг зохицуулах заалтууд туссан байсан. Одоо бидэнд хэрэгтэй байгаа дараагийн нэг хууль бол биет бус өвийн тухай хууль байгаа. Энэ магадгүй Монгол Улсад хамгийн их эрсдэж байгаа хууль.

Ямар нэг хөшөө, баримлыг бид хамгаалж болж байгаа. Гэтэл хүний оюун санаанд байгаа, ялангуяа ахмад үеийнхний оюун санаанд байгаа биет бус соёлын өв болох нэг үлгэр, домог ч юм уу, байгаль дэлхийтэйгээ харьцах арга, мал маллах арга ухаан ч байж болно. Эдгээр нь дандаа биет бусаар тэр өв тээгчид уламжлагдаж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр асуудлын гол бол өв тээгчийн уламжлалт оюун санааны соёлыг яаж ач үлдэх юм бэ гэдэг асуудал харамсалтай нь хаягдсан.

Тэгэхээр энэ чиглэлээр манай бодлого барьж байгаа гол байгууллагууд соёлын биет бус өвийн тухай хууль дээр ажиллаж байгаа гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нэг ахмад настай өв тээгч өөд боллоо гэхэд түүнтэй хамт асар их хэмжээний мэдлэг үгүй болж байдаг. Тэгэхээр бид цаг хугацаа алдалгүйгээр энэ биет бус соёлын өвийн зүйлсийг бүртгэх, хамгаалах чиглэлд анхаарах шаардлагатай байгаа.

ТОДРУУЛГА: Өнөөдөр “Бурхан багшийн эхийн ач“-ийг хариулсан хэл ам, хэрүүл тэмцэл хийхгүй, сайн үйл хийвэл зохилтой
ТОДРУУЛГА: Өнөөдөр “Бурхан багшийн эхийн ач“-ийг хариулсан хэл ам, хэрүүл тэмцэл хийхгүй, сайн үйл хийвэл зохилтой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.