Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Өнөөдөр “Бурхан багшийн эхийн ач“-ийг хариулсан хэл ам, хэрүүл тэмцэл хийхгүй, сайн үйл хийвэл зохилтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 5 секунд

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тохиож буй юм.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Энэ өдөр бор дарс хэрэглэх, мах идэх зэргийг цээрлэдэг бөгөөд эхийн ачийг хариулахыг ямагт сануулдаг байна. Тиймээс бид Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож байна. Энэ өдрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Намрын адаг сарын шинийн 22-ны өдөр тохиодог. Энэ өдөр эцэг эхээ баярлуулах, ачийг нь санах, ачийг нь хариулах үйлүүдийг эрхэмлэвэл зохистой. Мөн сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг.

Түүнчлэн хэрүүл тэмцэл, хэл ам хийхгүй байх, архи дарс хэрэглэхгүй, тамхи татахгүй, мах идэхгүй байхыг эрхэмлэдэг.

-Та сая хэллээ. Архи дарс хэрэглэхгүй, тамхи татахгүй байх хэрэгтэй хэмээлээ. Түүнээс гадна мацаг барих болон цагаан хоол идэх, мах хэрэглэхгүй байх ёстой юу?

-Энэ өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг. Зарим лам нарын хувьд бүтэн өдрийн турш мацаг барьдаг. Мөн өдөр нар голлохоос урьдаж өдрийн хоол идээд, шүдэнд торох зүйлгүй буюу ус уух зэргээр буяны үйл хийдэг ч тохиолдол бий.

-Гандантэгчинлэн хийдийн зүгээс энэ өдөр ямар ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?

Маргааш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд

  • 06:00-06:30 цагийн хооронд Их хөлгөний тэтгэн ариусахуйн нэг өдрийн санваар
  • МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацангийн шунлайв гавж О.Батбаатар
  • 08:00-17:00 Бурхан багшийн чого хурна. /Гандан дуган/
  • 08:00-19:00 Дэмчогийн чого хурна. /Очирдарийн дуган/
  • 12:00-12:10 Эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийн мэндчилгээ МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гавж Д.Чойжамц
  • 12:10-12:40 "Эхийн ачийг санахуйн сургаал" сэдэвт айлдвар МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн хансур, гавж Ё.Амгалан
  • 12:45-13:00 Бурхан багшийн эхийн ачийг хариулсан шүтээний тайлбар МБШДээд сургуулийн урлахуйн ухааны тэнхимийн эрхлэгч шүтээн урлаач Ц.Шийрэвчогдан
  • 17:00-18:30 МБШДээд сургуулийн багш, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Эцэг, эх тахигдахууны дээд болой" хэмээх сургаалыг тайлбарлана.
  • Мөн Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах ахмадын асрамжийн газарт очиж настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг бэлэглэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

С.Одонтуяа: Дарханы замд 173 хүн нас барж, 206 хүн хүнд гэмтсэн
С.Одонтуяа: Дарханы замд 173 хүн нас барж, 206 хүн хүнд гэмтсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.