Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ.
Чингис хаан одонг нийт 14 удаа тус одонг олгосон байдаг бөгөөд энэ жил тус одонг хэн хүртэх вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна. Үүнтэй холбоотойгоор Чингис хаан одонг энэ жил Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржид өгөх болсон гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл эл мэдээллийг нягтлахаар Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбогдож тодруулахад "Чингис хаан одонгоор шагнагдах хүний нэрийг журмаараа ирэх долоо хоногийн Даваа гарагт зарлана. Шагнал гардуулахаас 3-4 хоногийн өмнө ЕТГ-аас зарлах ба тэр хүртэл эл мэдээллийг нууцлах ёстой байдаг. ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржид өгөхөөр болсон гэх мэдээлэл ташаа гэдгийг хэлье" гэх мэдээллийг өглөө.