Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: “Дефолт“ руу хөтөлсөн төсвийн алдагдал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 52 секунд
Ubn.mn

Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад зээл, тусламжийг дамжин өрийн таазаа нэмэгдүүлж иржээ. Энэ оны байдлаар авч үзэхэд гадаад зээл, тусламж болон зардлын санхүүжилт нийлээд 3.1 их наяд төгрөгт хүрч, энэ нь төсвийн нийт ачааллын 12 хувьтай тэнцэж байна. Гэтэл жилийн жилд алдагдалтай төсөв баталж, алдагдлаа гадаад зээл, бондын өрөөр орлуулж ирсэн нь ирэх онд Монгол Улсыг “дефолт” зарлах эрсдэл рүү түлхсэн гэж албаны эх сурвалжууд үзэж байна.

Тиймээс төсвийн тогтвортой байдлын хуулиа дагаж мөрдөх шаардлагатай байгааг өнгөрсөн 19 жилийн хугацааны төсөвт хийсэн дүн шинжилгээ харуулжээ. Тухайлбал, дээрх хугацааны зөвхөн дөрвөн жилд нь алдагдалгүй төсөв баталж байв. Цаашид төсвийн хуульд бодлогын өөрчлөлт хийж, дүрмийг тодорхой болгох шаардлагатайг судлаачид дүгнэжээ. Тэгвэл энэ удаад төсвийн алдагдлыг УИХ-ын гишүүд болоод эдийн засагчид хэрхэн дүгнэж байгааг хүргэж байна.

Т.Доржханд: 30 жилийн хугацаанд Монгол Улсын төсөв 55 дахин томорсон

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төсөв 55 дахин томорсон байдаг. Энэ хугацаанд эдийн засаг сайн, муу аль ч үед томроод л байсан гэсэн үг. Хамгийн их томордог үе бол сонгуулийн жил байдаг. Бүр огцом томролт бол сүүлийн дөрвөн жил буюу ковидын үеийн хүндрэлийг даван туулна гэдэг үндэслэлээр улсын төсөв сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин томорсон явдал. Энэ бол огцом томролт байсан гэсэн үг. Тэгэхээр төсөв томорч байгаа асуудалд хоёр үндэслэл бий.

Нэгдүгээрт, асар их хэмжээний сонгуулийн амлалт өгдөг “популизм” дээр суурилсан нийгмийн халамжийн бодлогыг 30 жил авч явлаа. Үр дүнд нь төсвийн урсгал зардлын хоёр төгрөг тутмын нэг нь халамж болчихсон. Ийм өндөр инфляцтай, ам.долларын ханш өсчихсөн байгаа тохиолдолд бид иймэрхүү алдагдалтай төсөв баталж болохгүй. Үр дүнд нь бодлогын хүү өснө. Зээлийн хүү дагаад өснө. Хувийн сектор, бизнесүүдэд зээл гарах боломжгүй болно. Цаашлаад бизнес хумигдаж, эдийн засаг агшина.

Хоёрдугаар шаардлага нь манай улс ирэх жил 1.3 тэрбум ам.долларын бонд төлнө. Хятадын төв банкнаас авсан 2.5 тэрбум ам.долларын зээлийг төлнө. Гэтэл манай улсын гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум ам.доллар байна. Харамсалтай нь зээлээ төлж чадахгүй бол дампуурна. Тийм болохоор өрийг төлөх үндсэн нөхцөл нь юу байна вэ гэхээр төсвөө алдагдалгүй батлах шаардлагатай.

Мөн ам.долларын ханш дээр дарамт өгч болохгүй. Үгүй бол нөөцөө бид улам шавхана. Энгийн логик нь төсөв тэлэх тусам хүмүүс мөнгөө аваад ам.доллар болгож солиулаад урагшаа очиж бараа болгоод авчихдаг шүү дээ. Тэгэхээр ханш өснө. Аль ч байдал нь Монголын нөхцөлд маш муу.

Ийм нөхцлөөс урьдчилан сэргийлэх зам нь импортыг дэмжсэн зарлагыг бууруулах явдал. Ялангуяа барилгын салбар импортыг 70 хувиар дэмждэг. Эцэст нь 30 жил хавтгайрсан халамжаа зогсоож, ядаж ирэх онд төсвөө ашигтай баталж чаддаггүй юм гэхэд алдагдалгүй батал гэдэг хатуу шаардлагыг тавьж байна.

Б.Пүрэвдорж: “Ирээдүйн өв сан”-д төвлөрөх орлогыг төсвийн алдагдалд тооцсон

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ирэх оны төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гэж ярьж байгаа боловч бодит байдал дээр гурван их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, АМНАТ-аас олж байгаа нийт орлогын 65 хувийг “Ирээдүйн өв сан”-д хуваарилдаг байсан. Гэтэл энэ жилийн хувьд “Ирээдүйн өв сан”-гийн хуримтлалыг “тэг” хувьтай байна гэж заагаад 1.5 их наяд төгрөг орох ёстой байсан бол түүнийгээ төсвийн зардалдаа оруулчихсан байна.

Өмнөх гурван жилийн хугацаанд бид 10 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан байна. Алдагдалтай төсвөө гадаадын бонд, зээлээр хаадаг. Ийм л болж хувирсан. Төсвийн алдагдал юунаас болж үүсээд байна вэ гэхээр хэт данхар төрийн зардал, үр дүнгүй хөрөнгө оруулалтаас шалтгаалж байгаа. Орлого талдаа их хэмжээний нүүрс гаргана гээд өөдрөгөөр төсөөлчихсөн.

Тухайлбал, 38 сая тонн нүүрс гаргана гээд түүндээ таарсан өндөр орлого төсөөлчихдөг. Гэтэл бодит байдал дээр 20 сая тонн нүүрс гаргадаг. Эндээс орлого тооцоолсон зөрүү гарч ирэхээр гадаадын зээлээр хааж байгаа нь бид хойч үедээ Монгол орныг юу ч үгүй хоосон, хамгийн ядуу орон үлдээх эрсдэл рүү аваачиж байгаа юм.

Ц.Цэрэнпунцаг: Төсвийн сахилга батыг сахих шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Эдийн засгийн байнгын хорооны байр суурь бол төсвийг болж өгвөл алдагдалгүй л батлах ёстой гэж илэрхийлж байгаа. Өр гэдэг зүйл өөрөө төсвийн алдагдал, худалдааны алдагдлаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн алдагдал гэсэн хоёр зүйл явсаар байгаад өнөөдрийн овоорсон өрийг үүсгэж байгаа байхгүй юу. Тиймээс бид цаашид төсвийн сахилга батыг чанд сахих шаардлагатай байна. Үгүй бол бид нар ирээдүйдээ “өрөнд идэгдсэн Монгол”-ыг л үлдээнэ.

Б.Баттөмөр: Ирэх оны төсөвт орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой санал тусгагдаагүй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төсвийн алдагдал урьд жилүүдийнхээс буурч байгаа. Алдагдлыг бууруулах хоёр арга зам байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын зардлаа хянах явдал. Тухайлбал, захиргааны зардлыг хянах, хөрөнгө оруулалтаа хянах боломж байгаа. Нөгөө арга нь орлогоо нэмэгдүүлэх. Монгол Улсад орлого нэмэгдүүлэх маш их боломж байгаа хэдий ч 2023 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой санал орж ирээгүй. Монгол төгрөгөөр 3.5 их наяд төгрөгөөр орлого нэмэгдэж байгаа боловч ам.долларт шилжүүлэхээр 5.4 тэрбум ам.доллар л байгаа байхгүй юу. Миний хувьд ирэх оны төсвийн орлогыг өөдрөгөөр гэхээс илүү харин ч гутранги төсөөлсөн гэж харж байгаа.

Ц.Даваасүрэн: 10 их наядын хөтөлбөр нэрээр үүссэн мөнгө угаалтыг хянах ёстой

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид төрийн хэмнэлтийн хууль баталсан хэр нь ирэх оны төсвийн алдагдал бараг 2 их наяд төгрөг. Яах вэ, төсөв алдагдалтай байж болно. Эдийн засаг хүнд үед бол. Гэхдээ бодитой юу үгүй юу гэдгийг сайн харах ёстой. Зардлаа ямар зардлаас өсгөөд тэр алдагдал гарав гэдэг л хамгийн чухал. Тухайлбал, зарим нэг үр ашиггүй. Үр дүн нь харагдахгүй байгаа зардлуудыг эргэж хараач гэж байгаа.

Жишээ нь, Засгийн газрын санаачилсан 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтийг харахаар банканд зээлийн хүүгийн зөрүү өгөөд байгаа байхгүй юу. Тэр нь хэнд очоод байна вэ гэдэг хачирхалтай. Хүрэх эзэндээ очиж чадаж байна уу, экспортын зориулалттай үйлдвэрлэл явуулж байгаа хүнд, импортыг орлох бүтээгдэхүүн хийж байгаа хүнд очиж чадаж байна уу, аль эсвэл Хөгжлийн банкийг луйварддаг шиг ээ “Танай банк руу би хүүгийн зөрүүд тэдийг өглөө шүү. Миний зээлийн хүүг тэгээд бууруулчихаарай” гэдэг юм байж болохгүй шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээгээр зөв юманд очиж байгаа байх. Гэхдээ л энэ ямар ч тодорхойгүй байгаад байгаа.

Ер нь хүүгийн зөрүү өгч байна гэдэг бол эргээд мөнгө угаалт явагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Энгийн жишээгээр 500 сая төгрөгийн зээлийн хүү 12 хувь байлаа гэхэд хувь хүн 3 хувийн хүү төлөөд үлдсэн 9 хувийг төр төлнө. Тэр 500 сая төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл авч байгаа хүн нөгөө мөнгийг банк бус руугаа аваачиж хийчихээд өөр хүмүүст өндөр хүүтэй зээлчихэж байгаа шүү дээ. Тиймээс хүүгийн зөрүү олгоно гэдэг асуудлыг их нарийн хяналт доор явуулахгүй бол мөнгө угаалт руу явах эрсдэлтэй. Тухайлбал ийм зардлууд байна. Тиймээс цаашид төрөөс олгож байгаа мөнгөн дэмжлэг, урсгал зардлуудыг хяналттай, шалгууртай байлгах нь чухал.

Ж.Дэлгэрсайхан: Төсвийн дүрмээ тодорхой болгох хэрэгтэй

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төсвийн алдагдлыг байх ёстой ямар хэмжээнд барих ёстой вэ гэдэг нь Монгол Улсын хөгжлийн бодлого, нөхцөл байдлаас шалтгаална. Монгол Улсын төсөв өөрөө Макро эдийн засгийн зорилгоо хэрэгжүүлж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй,төсвийн зарлагын үр ашиг муу байна гэж үзэж байгаа үед төсвийн алдагдал их байх нь хортой.

Тиймээс нэгдүгээрт, төсвийн алдагдлаа бууруулах ёстой. Хоёрдугаарт, төсвийн бодлогыг шинэчлэх шаардлагатай. Энэ асуудлаар Сангийн яам ажиллаж эхэлж байна. Харамсалтай нь, яг төсвийн бодлого хэрэгжилт дээр Сангийн яам гэхээс илүү бодлогын хувьд тодорхой субъектүүд алдаа гаргаад байх шиг байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тусгай шаардлагууд гэж бий. Тэр хүрээнд бид орлого зарлагын өсөлтийг тодорхойлсон шалгууруудтай байдаг.

Хамгийн түрүүнд төсвийн дүрмүүдээ тодорхой болгох ёстой. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд бид хамгийн түрүүнд эрсдэлийг бууруулсан, орлогоо зөв тодорхойлсон, зарлагыг боломжит дээд хэмжээгээр танасан, зарлагын үр ашигтай байдлыг илүү их харгалзаж үзсэн төсвийг батлах ёстой байсан. Тэгэхээр 1.5 их наяд төгрөгийн алдагдал гэдэг зүйл өнөөгийн эдийн засгийн нөхцөлд тохирсон эсэх нь тодорхойгүй байгаа.

Яагаад ЗГ хуулиа зөрчиж, 30 хоногийн дотор томилох ёстой ЭМ-ийн дэд сайдыг 222 хоногт томилж чадахгүй байна вэ
Яагаад ЗГ хуулиа зөрчиж, 30 хоногийн дотор томилох ёстой ЭМ-ийн дэд сайдыг 222 хоногт томилж чадахгүй байна вэ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.