Олон улсын харилцаа судлаач Э.Очбаяртай БНХАУ-ын Коммунист намын их хурал болон тус хурлаас улиран сонгогдсон Ши Жин Пинийн ирээдүйд барих улс төрийн, олон улсын бодлогын талаар ярилцлаа.
-ХКН-ын их хурал хуралдаж өндөрлөлөө. Хятадын засаглалын хэлбэр, улс төрийн тогтолцооны талаар Монголчууд ойлголт багатай байдаг. Энэ талаар товчхон ойлголт өгөхөөс яриагаа эхлэе.
-БНХАУ-ын Коммунист намын 20-р Их хурал буюу ардын төлөөлөгчдийн их хурал энэ сарын 16-22-ний хооронд болж өнгөрлөө. Их хуралд тариаланчаас эхсүүлээд энгийн ажилтан, техникч, эмч, багш гэх мэт нийгмийн олон талын оролцоог хангасан 2296 төлөөлөгч, тусгай урилгат төлөөлөгч 83 нийт 2379 төлөөлөгч улс орныхоо өнцөг булан бүрээс намын 96 сая гишүүдээ төлөөлөн оролцлоо. Улс төрийн тогтолцооны тухайд Хятадын үндсэн хуульд ХКН-аар удирдуулсан олон нам хамтран ажиллах ба улс төрийн зөвлөлдөх системийг урт хугацаандаа баримтлан хөгжүүлнэ гээд тодорхой заасан байдаг. Тодруулбал Хятад улсад ХКН-аас гадна Хятадын тариалан, аж үйлдвэрийн ардчилсан нам, Хятадын ардчиллыг идэвхижүүлэх холбоо гэх зэрэг ардчиллын төлөөлөл холбоодууд, нийгэмлэгүүд байдаг хэдий ч тэдгээр нь зөвхөн зөвлөлдөх чиг үүрэгтэй байдаг бөгөөд түүнийгээ Хятад үндэстэнд тохирсон улс төрийн тогтолцоо буюу Хятадын онцлогтой ардчилалтай социализм гэж нэрлээд байгаа юм. Жишээ нь: Сая болж өнгөрсөн их хуралд оролцсон төлөөлөгчид нь сонгогддог, тэд Намын дарга, төв хорооны гишүүдээ сонгодог үүнийгээ Хятад маягийн ардчилал гэдэг.
-ХКН-ын саяын Их хурлын онцлог юу байв. Хятад улс дотоод гадаад бодлогоо хэрхэн тодорхойлж байна. Юуг илүү онцолж байна вэ?
-ХКН, Ардын төлөөлөгчдийн их хурал 5 жилд нэг удаа хуралдаж өмнөх 5 жилийн төлөвлөгөө дүгнэн түүний ололт амжилт, гүйцэтгэлээ тайлагнаж дараагийн 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө тодорхойлдог. 20-р Их хурлаар хэд хэдэн онцлох зүйл байсан. Тухайлбал БНХАУ-ын дарга Ши Жин Пин илтгэлдээ “Хятад маягийн модернизац гэдэг үгийг тодотгосон. Үүнийгээ: Хятад маягийн модернизацын мөн чанар нь “ХКН-ын удирдлагыг тууштай баримтлах, Хятадын онцлогтой социализмыг тууштай баримтлах, өндөр чанартай хөгжих, Хятад маягийн ардчиллыг хөгжүүлэх, бүх нийтээрээ баяжих” гэж тодорхойлсон.
Мөн энэ хурлын үеэр дэлхий нийт Ши Жин Пин улиран сонгогдох уу? залгамжлагчаа зарлах уу? гэсэн хүлээлттэй байсан. Учир нь Хятадын үндсэн хуульд Хятадын удирдагч 5 жилээр нэг удаа, дахин 1 удаа улиран сонгогдох эрхтэй байсныг 2018 оны 3 дугаар сард болсон Ардын төлөөлөгчлийн их хурлаар өөрчилж хугацаагүй болгосон. Ши жин пин хугацаагүйгээр улсаа удирдах уу гэсэн дэлхий нийтийн асуултанд Хятад улс тодорхой хариулт өглөө. Тэрбээр ирэх 5 жил улсаа удирдана. Дараагийн залгамжлагчаа зарлаагүйг дүгнэхэд дараагийн 5 жилд ч улсаа удирдах магадлалтай байна. Түүнчлэн намын дүрэмдээ: Ши Жин Пин намын “Цөм”, “шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санааны чиглүүлэгч” хэмээн өөрийн байр суурийг батлаад авлаа. Бас нэг онцлох зүйл нь “Politburo standing committee” буюу Намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн хэн байх вэ? гэдгээс дэлхийн нийт Хятадын дотоод улс төрийг тантдаг. Эдгээр элитүүдийн элит 7 гишүүн дотроос дараагийн удирдагч тодрох учраас өмнөх үеийн удирдагчдын саналыг харгалзан, фракцуудын тэнцвэрийг хадгалж томилдог. Гэвч энэ удаагийн байнгын хорооны гишүүдээс дараагийн удирдагчийг хүлээх шаардлагагүй гэдэг нь тодорхой болчихлоо.
Гадаад бодлогын тухайд Ши Жин Пин тодорхой хэлсэн. Тэрээр Олон улсын улс төрийн өөрчлөлт, тодорхойгүй байдалд бэлтгэж бид тэмцэлдэх чадвартай, тодорхой стратегитай байх бөгөөд улс орныхоо эрх ашиг, аюулгүй байдлыг хангах бүрэн чадвартай байна гэж. Тэхээр Хятад яагаад Намын дүрэмдээ “Тайваны салан тусгаарлалтыг хязгаарлах” асуудлыг бичиж оруулав, Орос-Украйны дайнд Хятадын баримталж буй бодлогод барууны орнууд хэрхэн хандаж байна, Хятад-АНУ-ын технологийн дайн буюу АНУ-аас Хятадын CHIP үйлдвэрлэгч компаний эсрэг тавьж буй хориг арга хэмжээ зэрэг олон халуун сэдвүүдээс ишлээд ярьж болох өргөн хүрээтэй сэдэв.
-Коммунист намын их хурал болохоос өмнө, мөн хурлын үеэр ч нэлээд шуугиантай үйл явдлууд боллоо. Төрийн эргэлт гарсан байж болзошгүй, Ши Жин Пинг дахин сонгохгүй байх магадлалтай гэх мэт. Сүүлд өмнөх удирдагч Ху Жин Таог хурлаас албадан шахуу гаргаж байгаа дүрс, бичлэгээ нээлттэй тавилаа. Энэ бүх үйл явдлуудыг судлаачийн үүднээс хэрхэн харж байна? Олон улсад болон хятадын дотоодод энэ талаар ямар мэдээлэл, ойлголттой байна вэ?
-ХКН-ын хурлын үеэр барууны хэвлэлүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг гэж зарим судлаачид хошигнодог. ХКН-ын их хурлын өмнө янз бүрээр шуугиан дэгдээх, өөрсдийнх нь тодорхойлсноор үймүүлэх гэсэн оролдлого анхных биш учраас анхаарал хандуулах сонирхолтой сэдэв биш. Хятадууд бол зовлон үзсэн ард түмэн. Тэд ХКН өнөөгийн Хятадыг цогцлоож чадсан гэж үзэж намаа тууштай дэмждэг. Мэдээж хэрэг 1,4 тэрбум хүн амтай их гүрэн учраас янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бий. Жишээ нь: ХКН-ын их хурлын үеэр Бээжин хотын 4 дүгээр тойргийн хурдны замын гүүрэн дээр “Тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн лоозон зүүсэн үйл явдал болсон гэх мэт. Гэвч энэ нь Хятадын нийт нийгмийн байр байдлыг төлөөлөхгүй. Хятадын улс төрийн тогтолцоо тогтвортой, бодлого шийдвэрүүд эртнээс ул суурьтай бэлтгэгддэг, түүнийгээ ягштал баримталдаг учраас төрийн эргэлт гэх мэт гэнэтийн зүйл гарах боломж бараг байхгүй.
Их хурлын хаалтын үеэр өмнөх БНХАУ-ын дарга Ху Жин Тао-г хурлаас албадан гаргасан тухайд судлаачид Ши Жин Пин “Supreme leader” болсны мэдэгдэл боллоо гэх мэтээр янз бүрээр дүгнэж байна. Зарим нь түүнийг эрүүл мэндийн асуудалтай байсан гэх зэргээр таамаг дэвшүүлж байна. Чухам албаны хүмүүс нь тодорхой хариулт өгөөгүй ч түүнийг өмнөх хурлуудын үеэр хуралдаа идэвхитэй сууж, хурлын материалуудтай нухацтай танилцаж байсныг онцолж байгаа.
-Коммунист намын дотоод хүчний харьцаанд нэлээд өөрчлөлт орсон тухай олон улсад нэлээд шуугиж байна. Ерөнхий сайд Ли Кэчьян тэргүүтэй зарим лидерүүд улс төрийн товчоо, байнгын хороонд сонгогдож чадаагүй гэх мэт. Ерөнхий сайд удахгүй солигдоно гэсэн ч мэдээлэл байна. Коммунист намын дотоод хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдөв? Дараагийн Ерөнхий сайдаар ямар хүн томилогдох таамагтай байна вэ?
-ХКН-ын дотоод хүчний харьцаа, хэн нь хэний хүн бэ? гэх зэрэг олны сонирхол татдаг асуудлуудыг олж мэдэхэд төвөгтэй, таамаг төдий байдаг. Өнөөгийн төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян болон түүний халааг авах магадлалтай байсан улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ван Ян нар 20 дахь удаагийн Улс төрийн товчооны байнгийн хороонд багтаж чадаагүй. Дүрмийн дагуу бол 2023 оны хавар болох намын хурлаар дараагийн төрийн зөвлөлийн ерөнхий сайд тодрох учиртай. Дээр дурдсанчлан Хятадын дотоод улс төр, хүчний хуваарилалт таамаг төдийн байдаг ч 20 дахь удаагийн Улс төрийн точвооны байнгын хорооны гишүүд ямар нэгэн байдлаар Ши Жин Пинтэй өмнө нь хамт ажиллаж байсан гэх зэргээс нэр холбогдож байгаа.
Дараагийн төрийн зөвлөлийн ерөнхий сайдын тухайд миний таамгаар бол Шанхай хотын намын хорооны дарга Ли Чян байх магадлалтай. Та бүхэн сонирхвол Ши Жин Пин шинэ Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдээ гадаад дотоодын сэтгүүлчдэд танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр түүний араас 2-рт гарч ирсэн нь бичлэг нь байгаа. Тэрбээр Хятадын эдийн засгийн хөдөлгөгч хүч Жиансу, Жэжиан, Шанхай хотуудыг удирдаж байсан чадварлаг нэгэн гэгддэг хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Мөн Ши Жин Пиний итгэлийг хүлээсэн ойрын хүн гэдэг талаасаа уг албан тушаалд хамгийн түрүүнд нэр нь яригдах болов уу.
-Ши Жин Пин бүх насаараа Хятад орныг удирдахаар боллоо. Хятадад дарангуйлал тогтох нь. Хятадын нийгэм 0 ковид бодлогыг эсэргүүцэж байгаа үүнээс үүдэж Хятадад тогтворгүй байдал бий болно, хатуу дэглэм тогтох эрсдэлтэй гэх мэтээр дүгнэж байгаа хүмүүс олон байна. Үнэхээр Хятад хаалттай, хатуу дэглэмтэй улс болох шинж ажиглагдаж байна уу? Ши Жи Пиний удирдлагын онцлог Хятадад болон олон улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-Дэлхийн хоёр дахь том эдийн засгийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой. Ковидыг тэглэх бодлого, Хятад-АНУ-ын худалдааны дайн зэргээс шалтгаалж Хятадын эдийн засаг амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан. Гэвч саяны хурлаар эдийн засгийн талаар баримтлах арга хэмжээний тухай тодорхой зүйл ярьсангүй. Ши Жин Пин 20-р Их хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Тэг ковид” бодлогоо баримтлана гэж хэлснээс таамаглахад Хятад хилээ нээхгүй шинжтэй. Хилээ нээхгүй бол дэлхий төдийгүй Монгол улсын амсах хохирлыг таамаглашгүй. Дараагийн шинэ ерөнхий сайд тодорч, түүний баг бүрдснээр эдийн засгийн талаар баримтлах бодлого илүү нарийвчилж яригдах байх.
Ковидын хатуу бодлогыг шүүмжлэх, эсэргүүцэх хандлага нийгэмд тодорхой хэмжээгээр байна гэдэг нь ил болсон зүйл. Гэвч энэ нь дотоодын зөрчил болох, дэглэм тогтоох, хаалттай орон болох хэмжээнд хүртэл хурцдана гэж үзэхгүй байна. Ши Жин Пиний илтгэлээс харвал “Хятад улс эдийн ололт амжилтаа хадгална, хувийн хэвшлийг дэмжинэ. Бүс нутаг олон улсын хэмжээнд хамтаар хөгжих бодлогоо тууштай баримтлана. Бусдад зааж сургаж, жанжлахыг оролдохгүй” гэж онцолсон байгаа.
Эцэст Хятадын коммунист намын их хурлын эргэн тойрноос Монголчууд бид юун дээр анхаарах вэ? Ер нь хоёр орны харилцаанд ирэх жилүүдэд хэрхэн явагдах вэ? Өөрчлөлт гарах? тогтвортой үргэлжлэх? Шинээр сорилт бий болгох ямар асуудал байгаа вэ?
Ши Жин Пиний Хятад орныг удирдасан өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын ДНБ 54 их наядаас юанаас 117 их наяд буюу үндсэндээ 2 дахин тэлсэн байна. Гэтэл энэ 10 жилийн хугацаанд Монголын ДНБ 13 тб ам.доллараас 14 буюу 10% орчим хувиар өссөн байгаа юм. Нэг үгээр хэлбэл бид Хятадын эдийн засгийн өсөлтөөс хүртэж болох олон боломжийг ашиглаж чадахгүй, байрандаа эргээд байна л даа.
БНХАУ-ын зүгээс манай улстай харилцааны хувьд ямар ч бэрхшээлтэй, маргаантай зүйл байдаггүй. Бид БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг. Бидний хувьд 2-хон хөршийн маань нэг. БНХАУ-ын хувьд хамгийн урт газраар хиллэж байгаа хөрш нь Монгол. Энэ агуулгаараа харилцаа сайн байх хэрэгцээ аль аль талд нь бий.
Ирэх жилүүдэд Хятад улс Ши Жин Пиний удирдлага дор тогтвортой бодлоготой, тууштай хөгжих нь дамжиггүй боллоо. Тэгэхээр Хятад улстай тохиролцсон ажлуудаа тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал: “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, эрчим хүч, цахим харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаарлагатай гэж бодож байна.
Яг үнэндээ бол бид БНХАУ-тай маш олон асуудал ярьдаг. Хийж хэрэгжүүлнэ гэж олон ажил төлөвлөдөг. Амлалт өгч хөрөнгө оруулалт татдаг. Гэвч хэрэгжүүлэх тал дээр хойрго хандах, сонгуулиар засаг солигдох болгонд өөр зүйл ярих, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах, албаны хүмүүс ХКН, БНХАУ-ын дотоод эмзэг асуудлаар огт шаардлаггүй хариуцлаггүй мэдэгдэл хийдэг зэргээр өөрсдөө өөрсдийгөө л унагаад байдаг. Хятадууд бол маш тэвчээртэй хүлээцтэй үндэстэн. Бид хэчнээн бужигнаж янз бүр болсон ч тэд эргээд уулзах өдрөө тэвчээртэй хүлээгээд л байж байдаг. Бодлогоо ягштал баримталдаг.
Тэгэхээр БНХАУ-ын зүгээс манай улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаанд өөрчлөлт, шинэ зүйл бол гарахгүй л болов уу. Харин бид өөрсдөө өөрсдийгөө асуудал болгочихгүй байх тал дээр л хичээх хэрэгтэй.