Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: НДШ-ийг 50 хувиар бууруулбал төсөв зөрүүг нь нөхөж дийлэхгүй

Огноо
Унших
4 минут 42 секунд

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгөв.

- Таны хувьд ОУВС-ийн уулзалтад оролцоод ирсэн шүү дээ. Энэ удаагийн уулзалтын онцлог юу байв?

- ОУВС-ийн ээлжит уулзалтдаа оролцоод ирлээ жилийн өмнөөс нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж байсан. Гэтэл энэ хүлээлт өөрчлөгдсөн байна. Дэлхий нийтийн өнөөдрийг глобал асуудал инфляц болжээ. Тийм ч учраас Америк, Евро, БНХАУ зэрэг томоохон улсуудын эдийн засгийн өсөлтийг өмнө тооцож байснаасаа бууруулж, тодорхойгүй байдлаар хүлээлт бий болсон байна. Иймд дэлхийн нийт улс гүрнүүд мөнгөний бодлогоо хатууруулж, төсвийн бодлогоо болгоомжилж хумсан бодлогыг үргэлжлүүлэхэд санал нэгтэй байна.

Бидний хувьд гадаад эдийн засгаасаа маш их хамааралтай эдийн засгийн бүтэцтэй улс. Инфляцын 60-70 хувийг гаднаас импортолдог. Энэ үед төсвийн болон нөөцийн хуваарилалтаа болгоомжтой зохион байгуулах нь чухал.

ОУВС-аас хөгжиж буй орнуудын эдийн засгийн нөхцөл байдал дээр хамтарч ажиллах багцуудыг санал болгож байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа ч манай жижиг эдийн засгийг чирээд гарах хангалттай эрэлт бий. Нүүрсний эрэлт үүсэж байгаа учир экспорт хийх зах зээлийн боломж байна. Гагцхүү гаргасан хэмжээгээрээ валют орж ирвэл бид энэ хүндрэлийг давж гарах бүрэн боломжтой.

- УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэж байгаа шүү дээ. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн гадаад бондын санхүүжилтийг Засгийн газрын баталгаа гаргаж байж төлнө гэсэн заалт байгаа талаар зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлбэл?

- Энэ асуудлыг УИХ-аар ярих нь зөв. Ирэх жил гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, хааж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг айхтар улс төржүүлж өмнөх бонд авсан эсэхээр ярихгүй байгаа.

- Ипотекийн зээл зогсох эрсдэл үүссэн гэж ойлгож болох уу?

- Энэ бол эрсдэл биш. Үүнийг мөнгөний бодлогын үр дүнд гарч буй нөлөөлөл гэж харах ёстой. Зээл олдохгүй байгаа нь инфляцтай холбоотой бодлогын арга хэмжээний үр дүн. Төвбанк бодлогын хүүгээ 12 хувь болгосон учир зээл хумигдахаас өөр арга байхгүй. Ипотекийн зээлтэй холбоотой шүүмжлэл байдаг. Үүнийг аажмаар Монголбанкнаас холдуулж, арилжааны чиглэл рүү явуулах хэрэгтэй. Төвбанк, төсөв аль алинаас нь холдуулах хэрэгтэй.

- Иргэдийн зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг 8-10 хувь болгох, НДШ-ийг 50 хувь болгох гэх шаардлага тавьж байна. Энэ шаардлагыг хүлээж авах боломжтой юу?

- Ард иргэд үзэл бодлоо илэрхийлж жагсаж болно. Гэхдээ асуудлаа зөв тавьж ярилцах нь зөв. Жишээлбэл татварын дарамт гэж ярьж байна л даа. Яг хаана ямар татварын тогтолцооны асуудал яригдаж байгаагаа тодорхой ярих хэрэгтэй. Одоо яригдаж буй асуудал нь ерөнхий байгаа учир үр дүнд хүрэхгүй.

НД-ын тогтолцоо маш буруу явж ирснийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Нийгмийн даатгалыг тогтолцоогоор нь шинэчилж байж хуримтлалын систем рүү аажим аажмаар шилжинэ. Хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулбал төсөв зөрүүг нь нөхөж дийлэхгүй. Ирэх онд НД-ын багц хуулийг оруулна. Тэр хүрээнд хуримтлалын систем рүү шилжих бодлогыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. 2024 оноос индексжүүлсэн татварын систем рүү орно.

НӨАТ-ын орлого Улсын төсвийн орлогын 25 хувийг дангаараа бүрдүүлдэг. НӨАТ-ын орлогыг цаашид боловсронгуй болж хөгжүүлэх зорилго тавина. Түүнээс биш НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх бодлого ойрын жилүүдэд байхгүй.

Ч.Хүрэлбаатар: Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бизнесийг зогсоодог, дарамталдаг байгууллага болж хувирсан
Ч.Хүрэлбаатар: Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бизнесийг зогсоодог, дарамталдаг байгууллага болж хувирсан
 
Хоёр давхар байшингийн дээвэр, дулаалгын хөөс шатаж байсныг унтраалаа
Хоёр давхар байшингийн дээвэр, дулаалгын хөөс шатаж байсныг унтраалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.