Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болсон. Хуралдааны үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар МҮХАҮТ-ийн талаар "Худалдаа аж үйлдвэрийн танхим Монголын бүх аж ахуйн нэгжүүдийг гишүүн болгох юм байна. Хэмжээгээр нь харж байгаад томоохон аж ахуйн нэгжүүдээс заавал татвар авах юм байна. Үүн дээрээ үндэслэж, үйл ажиллагаа явуулах юм байна гэж байгаа. Гэтэл танайх төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага мөртлөө заавал гишүүнчлэлтэй байлгана гэдгийг ойлгохгүй байна.
Хоёрдугаарт, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг байгууллага байсан ч одоо бол бизнесийг үйл ажиллагааг зогсоодог, дарамталдаг байгууллага болж хувирсан. Учир нь надад Самар экпортлогчдын холбооноос ирсэн зургаан хуудас орчим гомдол ирсэн. Та нар тэр байгууллагаас мөнгө шаардах, экспортод гарч байгаа самар болгоноос хураамж авдаг, гарал үүслийн гэрчилгээг нэхэж байгаа ийм зүйл байгаа. Гэтэл танайх гишүүн байгууллагаасаа авч буй хураамж, сайн дурын үндсэн дээр өгсөн хандиваар үйл ажиллагаагаа явуулах ёстой байгууллага. Харин эсрэгээрээ экспортоо боомилсон, ААН-үүдээ дарамталсан болж хувирсан байгаа. Улам хүчирхэгжүүлж авч, дарангуйллын тогтолцоо руу явж буй байгууллага болж байна. Сүүлийн дөрвөн жил танай байгууллагынхан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын арын өрөөнд л сууж байдаг байсан шүү дээ" гэлээ.