Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: 148 тэрбумын алдагдалтай, мөнгөгүй үйлдвэр хүлээж авсан нь ҮНЭН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 25 секунд

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатараас Дарханы зам дээрх цементийн нийлүүлэлт, тасалдал, чулуунцарын үйлдвэрийн төлөвлөгөөт засвар яагаад өнөөдрийг хүртэл дуусаагүй шалтгаан зэргийг тодрууллаа.

-Цементийн хомсдол бий болж байна гэдэг асуудлыг компаниудын зүгээс өгч байна. Цаашид барилгын салбар дээр ч, Дарханы зам дээр ч цементийн хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр хомсдлоос шалтгаалсан үнийн өсөлт бий болох вий гэх болгоомжлол байна?

-Барилгын салбарт хоёр сая орчим тонн цемент хэрэглэж байгаа. Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хувьд хөрөнгө оруулалт хийгдэж, хувьд очсоноос хойш хамгийн ихдээ 380 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан. Бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байна. Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент үйлдэрлэчихсэн. Үүнээс 85 мянган тонныг Дарханы замаас гадна өөр бусад замуудад ч нийлүүлсэн. Нэг зүйлийг маш энгийнээр ойлгуулж хэлэхэд, цемент гэдэг зүйлийн үндсэн түүхий эд нь чулуунцар гэх бүтээгдэхүүн. Нийт орцын 87 хувийг эзэлдэг. Түүнийг нь боловсруулдаг 60 метрийн урттай зуухны тоосгыг солих хугацаа зургаан сар. Гэтэл өнгөрсөн хугацаанд гурван жил таван сарын турш энэ тоосгыг солилгүй ажиллуулчихсан байсан. Тэгэхээр бид ажлаа аваад хэдхэн сар болж байна шүү дээ.

-Чулуунцарын үйлдвэрийг есдүгээр сарын 1 гэхэд дуусгана гэж та хэлж байсан. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл төлөвлөгөөт засвар дуусаагүй байгаа хэрэг вэ?

-Цар тахлаас шалтгаалсан хүчин зүйл бий. Гаднаас тоосгоо шууд худалдаж авсан. Тендер болон өөр бусад процесс дамжсан бол он гараад явчих байсан юм билээ. Өмнө төлөвлөгдчихсөн байсан ажил гэсэн үг.

Цар тахлаас шалтгаалан тоосгоо татах асуудал дээр нэг сарын хугацаа алдчихлаа. Хугацаа алдаагүй бол бид өнөөдөр төлөвлөгдсөн цементээ есдүгээр сарын 1-нээс нийлүүлж эхлэх байсан.

-Төлөвлөгөөт засварын ажил одоогоор хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Одоогоор засварын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Аравдугаар сарын 1-нээс хэвийн ажиллаж эхэлнэ.

-Үнэ цаашид өсөхөөр байна уу?

-Хөтөл чинь баларлаа гээд бодит мэдээллийг хүргэхгүй яваад байвал үнэд нөлөөлнө шүү дээ. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авч ажиллахаар ажиллаж байна.

-Өдөрт хэчнээн тонн цемент үйлдвэрлэх боломжтой байна вэ?

-Өдөрт гурван мянган тонн цемент гаргах боломжтой.

-Төлөвлөгөөт засвар орохоос өмнө цементийн нөөц бэлтгэсэн байсан уу?

-Бид нөөцгүй үйлдвэр авсан. Өөрөөр хэлбэл, тоосгогүй үйлдвэр авсан гэсэн үг. Нөөцөө бүрдүүлэхэд чинь тодорхой процессууд үргэлжилнэ шүү дээ. Төрийн мэдэлд ирээд таван сар л болж байна. Гэтэл зургаан сар болоод л солих ёстой тоосгыг нь 36 сар солиогүй байна шүү дээ. Мөнгөний нөөцгүй, тоосгоны нөөцгүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй үйлдвэрийг авсан.

-Алдагдал хэр их хүлээж байна?

-Дөрөвдүгээр сараас хойш ирээд сар болгон ашигтай ажиллуулсан. 13.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан. Үнэ хувьд шилжээд биднийг ажлаа хүлээж авах хооронд 148 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болчихсон байсан. Одоо мөнгөн урсгал нь эерэг болж эхэлж байгаа. Тодорхой асуудлууд байгаа. Хэд хэдэн үйлдвэрүүддээ хөрөнгө оруулалт хийх ёстой байсан. Огт юм хийгээгүй байна лээ. Ганцхан чулуунцарын үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийгдчихсэн байсан. Уурхай нь техникгүй байсан шүү дээ. Бид мөнгөгүй үйлдвэр хүлээж авсан нь үнэн. Гэхдээ бид зовлон тоочихгүй. Үндсэн ажлуудаа хугацаанд нь хийнэ.

Ховдын Засаг дарга Э.Болормаа архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцалжээ
Ховдын Засаг дарга Э.Болормаа архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцалжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.