Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Уянга: Шинээр байгуулагдах Геологийн судалгаа шинжилгээний төвийн удирдлагыг нээлттэй зарлаж сонгоно

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
14 минут 14 секунд

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа давхцсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, бүтэц зохион байгуулах өөрчлөх ажил үргэлжилж буй. Тухайлбал, өнгөрөгч Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нийлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл геологийн салбарт үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн тус хоёр байгууллагыг нэгтгэх шалтгаан, цаашид бүтэц зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагааны хувьд ямар бодлого барьж ажиллах талаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Доктор Б.Уянгатай ярилцлаа.

-Засгийн газрын хуралдаанаас Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нийлүүлэх шийдвэрийг гаргалаа. Ер нь геологийн салбар дахь энэ хоёр ТӨҮГ-аа нэгтгэх болсон нь үйл ажиллагааны хувьд давхцал үүссэнээс болсон юм уу аль эсвэл ажлын уялдаа холбоо сайжруулах зорилгоор ийм шийдэлд хүрсэн юм уу?

-Ер нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Төрийн хэмнэлтийн тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмчит хуулийн этгээд, үйлдвэрийн газрын засаглал, ашигт ажиллагаа, өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгох, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах, нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх шаардлага урган гарч ирсэн. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн геологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ТӨҮГ-ийн бүтэц, зохион байгуулалтын оновчлол дээр ажилласан. Үүний үр дүнд бид эдгээр байгууллагуудыг нийлүүлбэл, зохион байгуулалтын хувьд нэгж хоорондын уялдаа хобоо сайжрах юм байна. Салбарын судлаачдын лабораторийн үр дүнд итгэх итгэл нэмэгдэх юм байна. Газрын хэвлийн судалгаанд ахиц гарч, судалгааны үр дүнд эерэг нөлөөлөл үзүүлэх нь гэдэгтэй санал нэгдсэн.

Геологийн судалгааны төв, Геологийн төв лаборатори нь олон жил тусдаа үйл ажиллагаагаа явуулж байсан тул Монгол улсад энэ салбарт шинэлэг шийдэл боллоо гэж үзэж болно. Гэхдээ бусад оронд газрын хэвлий судалгааны байгууллага бүр лабораторитойгоо нэг дээвэр дор үйл ажиллагаагаа явуулдаг ба судлаачдын чадвар ч их өндөр түвшинд хүрч бэлтгэгддэг.

-Тухайн хоёр байгууллагыг нийлүүлэн зохион байгуулах бүрэн боломжтой гэж харсан гэлээ. Тэгвэл дараагийн асуудал. Бүтэц зохион байгуулалт тал дээр ч анхаарах шаардлагатай юу?

-Тийм ээ. Геологийн салбар бол хөрснөөс дооших хүний хүрэх түвшин хүртэл бүх л орон зайг математик, физик, химийн аргаар судалдаг суурь шинжлэх ухааны салбар. Салбараас гарч ирж буй мэдээллийн зарим нь л ашигт малтмал цаашлаад уул уурхай болоод хөгжөөд явдаг. Дийлэнх нь газар хөдлөл, геоэкологи гэх мэт бусад салбарууд руу ашиглагддаг онцлогтой. Энэ чиглэлд үүрэг гүйцэтгэж яваа төрийн өмчит үйлдвэрийн газар нь уялдаа холбоогоо сайжруулснаар мэдээлэл чанаржих ач холбогдолтой. Хэрэв олон улсын түвшинд өрсөлдөхүйц байдлаар зохион байгуулалтаа хийж чадвал түргэн хугацаанд геологийн салбарт шинэтгэл ирэх боломж бүрдэх юм.

-Нэгэнт Засгийн газраас нийлүүлэх шийдвэр нь гарчихлаа. Тэгвэл тухайн хоёр ТӨҮГ-ыг нэгтгээд ямар байгууллага бий болно гэсэн үг вэ?

-Геологийн судалгаа-шинжилгээний төв гэх аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар бий болохоор ЗГ-т хэлэлцүүлсэн.

-Удирдлагын тухайд?

-Засгийн газрын тогтоол дээр туссан бас нэг агуулга нь тухайн байгууллагын удирдлагын ажлын байрыг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулахаар байгаа. Эл ажлыг УУХҮЯ, ТӨБЗГ, Үндэсний геологийн албадад хариуцуулсан.

-Геологийн салбарт хоёр тусдаа үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн эдгээр байгууллагуудыг нэгтгээд, ажлын уялдаа холбоог сайжруулья гэвэл удирдлага маш чухал гэж харж байна. Ер нь салбараа ойлгож, мэдрэх мэргэжлийн боловсон хүчин хэр байгаа вэ?

-Газрын хэвлийн судалгааны чиглэлд Монгол болон олон улсад ажиллаж байсан туршлагатай, салбарын боловсон хүчин сонгогдон ажиллах нь чухал байгаа. Иймд Монгол төдийгүй олон улсад нээлттэйгээр ажлын байрыг зарлах нь зүйтэй гэж үзэж байна. Мэдээж хуульд заасан шаардлагыг хангана. Олон улсад туршлагажаад Монголдоо ирсэн, Монголд удахгүй ирэхээр төлөвлөж байгаа салбарын олон мундаг мэргэжилтнүүд байх ёстой. Тэдгээр хүмүүст мэдээллийг хүргэнэ. Харин нээлттэй зарлагдах ажлын байранд материалаа ирүүлээсэй гэж хүсэж байна. Геологийн судалгааг Монголд олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэх, салбарын лабораторийн үйл ажиллагааг мэддэг, уялдааг ойлгодог мэргэжилтэн байгаад үнэхээр Монгол улсынхаа энэ салбарыг аваад явъя гэж зорьж л байвал бидний зорилго биелнэ.

-Геологийн чиглэлд гадаадад сурч, боловсрол эзэмшээд тэндээ идэвхтэй ажиллаж байгаа залуус удирдлагын шалгаруулалтад оролцох боломжтой юм байна. Гэхдээ тэдгээр залуусыг эх орондоо ирээд ажиллахад ажиллах орчин нөхцөл, ажлын баталгаа зэргээс авахуулаад асуудал их тулгарах нь ойлгомжтой. Тогтвортой ажиллах тал дээр нь бодлогоор хэрхэн дэмжих вэ?

-Төрийн байгууллагын зүгээс тогтвортой ажиллах нөхцөлөөр хангаад явах нь мэдээж чухал. Би ч өөрөө гадаадад олон жил амьдарч байгаад Монголдоо ирээд суурьшиж байна. Мэдээж олон асуудал байх ч эх орондоо ирсэн учраас хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Холоос хараад шүүмжлэх бус ирээд дотор нь ороод ажиллах хэрэгтэй юм билээ. Мөн бүх л асуудлыг шийдвэрлэхэд, одоогийн байгаа нөхцөл байдалдаа тохируулахад багийн ажиллагааг эрхэмлэх хэрэгтэй. Эл хоёр байгууллагад ажиллаж буй туршлагатай хамт олноор багаа бүрдүүлээд шинээр байгуулагдах Геологийн судалгаа шинжилгээний төвийг олон улсын жишигт хүргэх боломж бидэнд бий гэж харж байгаа юм.

-Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нэгтгэх асуудлыг геологичид өөрсдөө хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Энэ оны зургаадугаар сарын 29-нд гарсан Засгийн газрын тэмдэглэлд эдгээр 2 ТӨҮГ-уудыг ЗГ-ын хэрэгжүүлэгч Үндэсний геологийн албатай нэгтгэх асуудлыг судлах тухай ЗГ-ын тэмдэглэл гарсан юм. Энэ мэт олон судалгааг бид хийлээ. Геологийн бодлогын газраас энэ чиглэлд ажиллаж байгаа салбарынхаа олон төлөөллүүдтэй уулзаж, санал солилцсон. Мэдээж салбарын мэргэжилтнүүд маань янз бүрийн л байр суурьтай байсан. Гэхдээ бид эхний ээлжинд ТӨҮГ-уудаа нийлүүлэх нь зөв юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.

-Геологийн салбартай холбоотой Геологийн, палеонтологийн, газарзүй геоэкологийн, одон орон геофизикийнх гээд дөрвөн хүрээлэн БШУЯ-ны харъяанд явдаг юм билээ. Цаашид эдгээр хүрээлэнгүүддээ ямар зохион байгуулалт хийх нь зөв гэж харж байгаа вэ?

-Манай салбартай холбоотой дөрвөн хүрээлэн бий. Эдгээр хүрээлэнгүүд нь ШУ-ны академийн харъяа төдийгүй Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас санхүүжээд явдаг. Геологийн бодлогын хувьд эдгээр дөрвөн хүрээлэнгийн үйл ажиллагааг хэрхэн уялдуулах тал дээр хараахан ажиллаж эхлээгүй байна. БШУЯ-ны хамт олонд хамтран ажиллая гээд өөрсдийн саналыг хүргэсэн байгаа. Холбогдох шат шатны уулзалтууд хийгдээд явах байх.

“Геологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн 7 мянга гаруй хүн байгаагаас 2 мянга орчим нь салбартаа идэвхтэй ажиллаж байна”

-Олон улстай харьцуулахад манай улсад хийгдэж буй газрын хэвлийн судалгаа, шинжилгээ ямар түвшинд байна вэ?

-Судлаач хүний үүднээс хариулъя. Бид нэг талаараа маш азтай. Газар нутгаа дээрээс нь том зургаар нь ажиглаад харвал бид Төв Азийн уул үүсэх хөдөлгөөний дүнд үүссэн талбайд асар том орон зайг эзлэн оршиж байна. Геологийн хэллэгээр, хэд хэдэн том хавтангийн дунд оршдог. Манай газрын хэвлий ашигт малтмалын чиглэлд “сонирхолтой”, мөн газрын хагарал ан цав ихтэй. Тэгэхээр газар хөдлөлт хүний амьдралын чанарт нөлөөтэй мэдээллүүд ч геологийн судалгааны үр дүнд бий болно.

Гадны орнуудын судлаачид манай орны газрын хэвлийн сонирхолтой судалгаануудыг хийгээд олон улсад өгүүллэгээ хэвлүүлээд явдаг. Энэ төрлийн судалгааг Монголчууд өөрсдөө хийх бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд олон улсад энэ чиглэлээр суралцаж боловсроод ирсэн олон олон эрдэмтэд бий болсон. Хамгийн гол нь багаар ажиллах хэрэгтэй байна. Өөрсдийнхөө газар нутгийг судлаад, эрдэм шинжилгээний өгүүллэгүүдээ хэвлүүлээд явах боломж их бий.

-Ер нь манай улсын геологийн салбарт өнөөдрийн байдлаар хэчнээн геологич ажиллаж байна вэ?

-Геологич гэх мэргэжил нь дотроо олон тийш салбарладаг л даа. Саяхан Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээлэл авахад нийт 7 мянга гаруй мэргэжилтэн манай салбарын мэргэжил эзэмшсэн байдгийг мэдсэн. Үүнээс геологийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа нь Геологийн архиваар үйлчлүүлж байгаа тоогоор 2 мянга гаруй байна. Салбарын хөгжил нь буураад ирэх үед боловсон хүчин маань өөр боломжит салбар руу хөрвөж байгаа л байх. Идэвхтэй эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүмүүс олон улсад мэргэжлээ дээшлүүлэх болсон. Ихэвчлэн Япон, Америкт, БНСУ, Хятад, Орос зэрэг улсуудад манай судлаачид бэлтгэгдэж байна.

“Хайгуулын 50 лицензээс нэг нь л ашиглалтын лиценз болж байгаа тооцоолол байдаг”

-Сүүлийн жилүүдэд хайгуулын лицензтэй холбоотой асуудлууд олон нийтийн анхааралд ихээр өртөх болсон. Ер нь хайгуулын лиценз олгох үе шат хэрхэн явагддаг юм бэ. Танайхаас геологийн талын судалгаа, хэтийн төлөвийг нь тодорхойлж өгдөг гэж сонссон?

-Геологийн судалгаанаас уул уурхай болон хөгжихийн тулд заавал хайгуулын үе шатыг дамждаг. Өөрөөр хэлбэл, геологийн судалгаагаа хийх явцад ашигт малтмалын хувьд сонирхолтой талбайг ялгана. Үүний дараагаар тухайн газарт хайгуул хийгдээд амжилтай байвад орд болно.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг шууд л орд нээж байна гэж ойлгох хүмүүс их байна. Үүнийг засах хэрэгтэй. Геологийн суурь судалгаа улсын төсвөөр хийгдэж байгаа. Суурь судалгаа хийлээ гэхэд тэндээс эдийн засгийн хувьд ач холбогдолтой ашигт малтмалыг нь цаашаа орд болгон хөгжүүлэхэд дамжих ёстой үе шатыг хайгуул гэж нэрлэх ба Монголд энэ үе шатыг хувийн хөрөнгөөр хийдэг. Тодруулбал, хайгуулын лиценз олгодог.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солилцлыг баталдаг. Батлахдаа Ашигт малтмал газрын тосны газраас орон нутгаас нь зөвшөөрөл авч бэлдээд Засгийн газрын хурлаар орж хэлэлцүүлэн тогтоол нь гардаг гэсэн үг. Тэр талбайгаасаа хайгуулын лиценз олгодог.

Орон нутгаас асуухгүй байна гэдэг асуудал их ярьдаг боловч үнэндээ одоо хайгуулын лиценз олгож байгаа талбай 2018 онд батлагдахдаа орон нутгаас саналыг аваад нэгтгэгдсэн талбай юм.

-Хайгуулын лицензтэй газар бүр орд болно гэсэн үг биш байх нь ээ?

-1997 оноос хойш 13900 гаруй хайгуулын лиценз олгогдсон байна. Олборлогдож байгаа хэдэн ашиглалтын лиценз байна вэ гэдгийг тооцоод үзвэл, 50 хайгуулын лицензээс нэг нь л ашиглалтын лиценз болж байгаа тооцоо гарсан.

Маш их хэмжээний хөрөнгө зарцуулагдах хайгуулын ажилд орд болох магадлал нь 50-д нэг гэсэн үг. Бид хайгуулын үйл ажиллагааны тухайд нийт ард иргэддээ зөв мэдээлэл өгөхөөр ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Улс төржихгүйгээр урагшилсан салбар Эрүүл мэнд
Улс төржихгүйгээр урагшилсан салбар Эрүүл мэнд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.