Цар тахлын шуурганд нэрвэгдсэн ч улс төржилтөөс ангид байж, урагшаа харж алхсан салбар бол эрүүл мэнд. Эрүүл мэндийн салбарынхан 2021 онд өөд нар үзээгүй гэхэд болно. Амтай болгонд чичлүүлж, хараалын муухай, зүхэлтийн шуурганд идэгдэж, энэ салбарт ажиллаж буйдаа сэтгэлээр унаж, харцаа гудайлгасан хүн олон байсан болов уу. Гэвч хийх ёстой ажил, өргөсөн тангарагтаа үнэнч учир Эрүүл мэндийн салбарынхан дэлхий дахиныг айлгасан КОВИД-19 гэх цар тахлын эсрэг бүх л чадлаараа зогсч, шуурхай ажиллаж чадсны үр дүнд өнөөдөр та бид хэвийн амьдралдаа бараг орчихоод байна.
КОВИД-19 өвчний дэгдэлтээс сэргийлж байна хэмээн сэрд хийлгэм мэдээгээр айлгаж байсан улс төрч эмэгтэйн арга техник нь яг цагаа тулахаар хүчин мөхөдсөн бодлого байсан гэдгийг 2021 оны2 дугаар сард эхэлсэн цар тахлын давалгаа бэлхэн харуулсан. Энэ л үед Эрүүл мэндийн салбарын бодлого яаж явагдах, шинээр очсон сайд нь сүйхээтэй байж чадах эсэхийг дэлхий дахин харж байлаа.
Алдсан, гэхдээ алдаагаа засч сайжруулах замаар олон ажлыг хийж чадсны хүчинд КОВИД-19 өвчний дэгдэлтийн тодорхой хэмжээнд барьж, бас өвчдсөн хүн бүрт эмчилгээг хүргэх арга хэлбэрийг богино хугацаанд Эрүүл мэндийн салбар олж чадсан юм. Энэ үед бүх хүн тус салбарыг чичилж байхад салбарын удирдлага нь зүхэл хараал бүхнийг хүлээн авч, зүгээр л ажлаа хийнэ гэсэн шулуун бодлогоор бэрх замыг туулсан гэдгийг өнөөдөр дүгнэж болохоор байна. Улс төржиж хийсэн ажлаа хийчлээ гэж цээжээ дэлдээгүй, хийх гэж байна хэмээн хэдэрлэж гоншигноогүй. Харин хийх ёстой, хэрэгжүүлэх ёстой. Цар тахал бол бидэнд өгч буй боломж. Энэ л үед салбараа бэхжүүлж авах ёстой. Энэ боломжийг ашиглаад бид дараа дараагийн ийм эрсдлийг даван гарах бэлтгэлээ базаах нь зөв гэсэн бодлогоор салбараа удирдсан сайдын гавьяа өнөөдөр эрүүл мэндийн салбарыг хэдэн жилээр урагш нь алхуулчихсан гэдгийг эмч, сувилагч нар ярьж байна.
Тухайлбал цар тахлын хүнд хэцүү цагт гүйцэтгэлийн санхүүжилтийг эмнэлгүүдэд үе шаттай нэвтрүүлэх ажлыг эрүүл мэндийн салбар хийж чадав. Үр дүнд 2022 оны 8 дугаар сард эмнэлэг бүр уралдах шахуу ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж, бас урамшуулал олгож байна. Үүгээр зогсохгүй эмнэлгийн удирдлага шууд өөрөө шийдвэр гаргаж ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгож хорь, гучин сая төгрөгийн ганц хоёр биш хорь гучин хүнд өгч байна. Дээрх шинэчлэл хийгдээгүй байсан бол ийм шийдвэрийг эмнэлгийн удирдлага гаргаж чадахгүй. Харин УИХ-аас төсөв баталж өгөөчээ хэмээн гуйж суух байсан. Гэтэл шинэчлэл салбарт зөв хэрэгжүүлвэл үр дүнд яаж хүрч болдог вэ гэдгийг Эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоогоороо харуулж өглөө.
Цар тахлын давалгаа бүрийг ашиглаж эрүүл мэндийн салбар эмнэлэг бүрийнхээ тоног төхөөрөмж, ажиллах хүчнийхээ ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч байжээ. Ганц нэг жишээ хэлэхэд 16 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад оржээ. Тус аймгууд Улаанбаатар хотоос хүчилтөрөгч тээвэрлэж, яаралтай тусламж үйлчилгээндээ ашигладаг цаг үе ард хоцорчихсон гэсэн үг. Энэ мэт орон нутгийн эмнэлгүүдээ чадвахжуулж, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг сүүлийн хоёр жилд түлхүү анхаарчээ. Өнөөдөр 21 аймаг хавдрын эмчилгээг хийдэг боллоо. Хавдартай иргэд Улаанбаатарт ирж эмчилгээ хийлгэдэг байсан бол одоо орон нутагтаа анхан шатны эмчилгээгээ хийлгэх боломж бүрдэв. Зарим аймагт хавдрын мэс заслыг хийж эхлээд байна. Үе шаттайгаар бүх аймагт энэ ажлыг хийдэг болох тогтолцоог Эрүүл мэндийн салбар зурж өглөө. Энэ бүх ажил бол улс төржилтөөс ангид байж, хийсэн гэж цээжээ дэлдэхгүйгээр салбараа бодож зүтгэсэн Эрүүл мэндийн салбарын толгойлсон улс төрчийн манлайлал гэж болно.