Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт /2022.08.19/ АТГ-т очиж мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар яг ямар хэрэгт холбогдуулж, мэдүүлэг авсан нь тодорхойгүй байна. Гэхдээ Х.Баттулгыг төмөр замын асуудалд холбогдуулан албан ёсоор шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Тодруулбал, одоогоос гурван долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр төмөр замын бүтээн байгуулалтыг санаатайгаар гацааж, улс орны эдийн засагт хохирол учруулсан асуудлыг шалгах чиглэл өгсөн. Үүнээс долоо хоногийн дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан шалгалтын ажлыг хэсгийг гаргасан билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Х.Баттулгыг дуудаж мэдүүлэг авсан бололтой. Эдгээрээс гадна Х.Баттулгыг аж үйлдвэрийн парк болон Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгах магадлал өндөр гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2009 оноос хойш төмөр замын талаарх төрийн бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулсан. Мөн төмөр замын өргөн, нарийн царигтай холбоотой маргааны ашиглаж төмөр замын бүтээн байгуулалтыг ард түмнээр эсэргүүцэх ажлыг нэвртүүлэг хүртэл болгож явсан нэгэн билээ.
Ямартаа ч Ерөнхий сайд өгсөн чиглэлийнхээ дагуу хуулийн хяналтын байгууллагаа албан ёсоор “ажиллуудаад” эхэлсэн байна. Харин хэрэг хэрхэн шийдэгдэх нь анхаарал татсан сэдэв хэвээрээ байгааг онцлох нь зүйтэй.
Г.Лхагвадорж