Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа: Надад ийм АДАЛ ЯВДАЛТАЙ амьдрал туулах өгөгдөл байгаа бол туулсаар байгаад ард нь гарна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
19 минут 57 секунд

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд суурьшин амьдарч буй дуучин М.Нарантуяа буюу Нара зөгийн аж ахуй эрхлээд 5 жилийг ардаа үдсэн байдаг. Удахгүй төрөх бяцхан үрээ хүлээхийн зэрэгцээ, эрүүл агаарт мөрөөдлийхөө байшинг барих хүслээ энэ жил эхлүүлсэн боловч, багагүй асуудал тулгараад буй.

Энэ бүсгүйг монголчууд дайчин, хүчирхэг, найрсаг зантайг сайн мэднэ. Иймд бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоныг зорьж, дуучин, зөгийчин бүсгүйтэй амьдралын сайн сайхан хийгээд, өөрийн дотоод мөн чанар түүнээс гадна саяхан болж өнгөрсөн асуудлын талаар ярилцлаа.

-Юуны өмнө урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.

-Баярлалаа. Жирэмсэн болсноосоо хойш танай сайтад анх удаа ярилцлага өгөх гэж байна.

-Эхлээд таны тухай ярилцъя. Та өөрийгөө хэрхэн тодорхойлдог вэ?

-Хүмүүсийн дунд миний тухай тодорхойлолт байдаг шүү дээ. Хэл амтай, шулуун шударга гэдэг ч юм уу. Гэхдээ би эхнээсээ тийм хүн байгаагүй. Амьдралын шаардлагаар, туулж байгаа, давж байгаа зүйл маань ийм болгож байгаа гэж хэлэхэд хэлсдэхгүй байх.

Ерөнхийдөө би өөрийгөө төвийг сахидаг хүн гэж тодорхойлдог. Магадгүй энэ нь жинлүүрийн ордтой ч хамааралтай байж болох юм. Гэхдээ зарим тохиолдолд хэтэрхий их хайрлаад, энэрээд, өөрийгөө зориулчихсан байдаг. Дан ганц хайр дурлалд ч биш, эргэн тойрон, найз нөхөд, нийгмийн харилцаан дээр ч ажиглагдаж байдаг.

Ер нь л их нинжин сэтгэлтэй хүн байсан даа. Гэхдээ одоо ялангуяа энэ жил нинжин сэтгэлд ч бас хязгаар байх ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа. Аливаа зүйлийн блансыг тааруулдаг байх ёстой гэдгийг их бодож байна.

-Хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ?

-Хүүхэд байхдаа би дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүүхэд байсан. Бас хүний хөдөлмөрийг маш их үнэлдэг охин байлаа.

Би 13-р сургуульд сурдаг байлаа. Манай сургуулийн үйлчлэгч эгч "Манай энэ ёстой хөөрхөн охин. Хүний цэвэрлэсэн газраар ерөөсөө алхдаггүй" гэдэг байсан юм. Мэдээж тэнд хүний хөдөлмөр явж байгаа тиймээс хөдөлмөриг нь үнэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо ч энэ зан чанар маань байсаар л байгаа.

Түүнээс гадна аливаа зүйлийг өөрөө туршиж, хийж үзэх сонирхолтой, түүнээсээ кайф авдаг, энийг хийвэл ямар байдаг бол гэж бодохоор л тэр зүйлээ туршиж үзмээр санагддаг байсан. Үүнээсээ болоод заримдаа аавдаа загнуулдаг байлаа. Нэг мэдэхэд хятад дуу, нэг мэдэхэд итали дуу, бүжиг, таеквондо гээд ямар олон юманд явдаг юм бэ гээд л аав маань хэлдэг байсан. Цаанаасаа л өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршиж үзэх ёстой юм шиг санагддаг байсан. Гэхдээ энэ нь одоо арай хэтрээд байгаа юм болов уу.

Хүүхэд бүр л багадаа урлагийн хүн болох мөрөөдөлтэй байдаг. Би ч бас яг л тийм мөрөөдөлтэй байсан. Тийм ч учраас урлагийн мөрөөдөлдөө хүрсэн гэж боддог. Гэхдээ Монголд ирээд урлагийн замаар явахад маш их саад бэрхшээлтэй байдагийг өөрийн биеэр туулж байхдаа мэдэрсэн. Манай нийгэм хэзээ ч өөрийн хүслээр урлагийн салбарт алхах боломжгүй юм байна гэдгийг сайн ойлгосон доо.

-Эргээд урлагийн салбартаа орох бодол бий юу?

-Мэдээж байлгүй яахав. Урлагийн хүмүүс бусад хүнийг бодвол арай илүү онгодтой хүмүүс шүү дээ. Заримдаа онгод орохоор гоё зүйл хиймээр санагддаг. Гэхдээ одоогийн байдлаар урлагтаа эргээд орох боломж байхгүй байна.

-Таны хувьд кино урлагт нэлээн хүч үзэж, олон сайхан дүр бүтээсэн байдаг шүү дээ. Дурсамжаасаа хуваалцвал?

-Одоо бодохоор би маш их баярладаг. Хэд хэдэн киноны дүр бүтээснээс гадна эротик контентод ч хүртэл хагас нүцгэн зургаа авахуулж байсан. Нэг хэсэг түүндээ маш их харамсаж байсан л даа. Гэхдээ одоо бол огт харамсдаггүй. Бүр баяртай байдаг.

Миний амьдарлын мөч бүхэн ямар нэг байдлаар түүх болоод, дурсамж болоод хадгалагдаад үлдэж байгаа нь үнэхээр сайхан юм байна гэдгийг ойлгож байгаа.

Би урлагаасаа хөндийрөөд нэлээдгүй удаж байгаа. Гэтэл жаахан хүүхдүүд намайг хараад “энэ нөгөө жүжигчин эгч байна, дуучин эгч байна” гэдэг. Тэр нь маш хөөрхөн санагддаг. Бүгд л миний хийсэн бүтээсэн зүйл болохоор түүгээр маань овоглодог байх гэж боддог юм.

Заримдаа тоглосон кинонуудаа харахаар ямар хөөрхөн байсан юм бэ гэж боддог шүү.

-Танаас сайн үйлсийн аян хийдэг байсан талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Би анх 2006 онд оюутан байхдаа Японоос зуны амралтаараа ирэхэд маш олон гудамжны хүүхэд байдаг байсан. Зарим нь машин харна, зарим нь машин угаана гээд л төрөл бүрийн зүйл хийдэг хүүхдүүд байсан. Тэгээд би 13 хүүхэдтэй танилцаад тэд нарыгаа хооллож ундалдаг байсан юм. Гэхдээ зүв зүгээр хооллохгүй, байнга ярилцдаг байсан. Заримдаа хүүхдүүдийнхээ хувцсыг цуглуулж байгаад их дэлгүүрийн ойролцоо байдаг угаалгын газар хувцсыг нь угаадаг байлаа.

Хүүхдүүдтэй уулзах бүртээ ярилцаж, яагаад гэрээсээ зугтаж, дайжсаныг нь асуухад гэр бүлийнхээ бүхий л асуудлыг ярьдаг байсан юм. Гэтэл саяхан тэдгээр хүүхдүүдийн нэг одоо бүр 20 гарчихсан том залуу надтай утсаар холбогдоод, “Нара эгч ээ та шаардлагатай бол намайг дуудаарай. Дүү нь таныг бидэнд яаж тусалж, зөвлөж, ярилцаж, хүмүүжүүлж байсныг хэнээс ч айж ичихгүй хэлж өгнө шүү. Та бидэнтэй ярилцаж, ойлголцож, зааж зөвлөж байсны хүчинд би цэрэгт яваад одоо маш сайхан ажил хөдөлмөр эрхлээд явж байна” гэсэн. Ер нь тэр хүүхдүүдтэйгээ 2008 он хүртэл харилцаатай байсан. Эхнээсээ гэртээ харих нь хариад, цэрэгт явах нь явж байсан.

Одоо бодохоор яг тэр үеэс эхлээд миний сайн үйлсийн аян эхэлж байсан юм байна гэж боддог юм. Хүн болгоны дотор нинжин сэтгэл байдаг гэдгийг энэ үеэс олж харсан, түүнээс хойш тоочоод барахгүй сайн үйлсийн аян хийж байсан.

Сүүлдээ ингэж хүн бүрийг соён гэгээрүүлэх боломжгүй юм байна, энэ нь өөрөө Монгол Улсын тогтолцоонд алдаа байгаа юм байна гэж бодоод 2016 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байлаа. Тухайн үедээ маш их сенсаци болж байсан. Энэ улсад сайн сайхан зүйл хийснийхээ төлөө, шударга үнэний араас явсны төлөө маш их доромжлол, эсэргүүцэлтэй нүүр тулдаг юм байна лээ.

Надад нэгэнт л ийм адал явдалтай амьдрал туулах өгөгдөл байгаа бол туулсаар байгаад ард нь заавал гарна. Гэхдээ нэг айхтар түүхийн баатар болох гээд хичээгээд байгаа юм байхгүй л дээ.

-Түнхэл тосгонд яагаад амьдрахаар шийдсэн юм бол?

-Би 2008 онд анх “Сархиагтай зөгийн бал” гэж харж байсан юм. Тэр үед зөгийн бал гэж ийм зүйл байдаг юм байна, зөгийн балаар гоо сайхны бүтээгдэхүүн ч юм уу хүнсний бүтээгдэхүүн хийж болох юм байна гэж бодоод л өнгөрсөн юм. Тэгээд оролдож үзмээр санагдаад явж байгаад зөгийн холбооны хүмүүстэй уулзсан.

2017 онд би нэг хүнээс зөвлөгөө аваад нэлээн ахмад зөгийчнөөс зөгийн бал авч байсан юм. Худалдаж авсан зөгийн балаа байгалийн олон цэцгийн бал гэж бодож аваад түүгээрээ маш чамин зүйл хийгээд зарсан. Гэтэл нэг зөгийчин надад чи рабсын зөгийн бал зарж байж яагаад байгалийн гээд зараад байгаа юм гэсэн. Би тухайн үед аль нь ч гэдгийг мэдээгүй.

Тэгээд би юу гэж бодсон гэхээр зөгийн бал хийхэд хүнээс авч болохгүй юм байна заавал өөрөө хийх ёстой юм байна гэдгийг ойлгоод анхны жил 100 бүл зөгий Казахстанаас худалдаж аваад Түнхэлд ирээд суурьшсан даа.

-Саяхан таны хувьд маш хүнд өдрүүдийг үдлээ шүү дээ. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх нь зөв байх?

-Маш сонин зүйл болсон. Хамгийн сонирхолтой нь, миний ойр байдаг хүмүүс маань бүгд нийлж, төрөх төхсөн, гэдэс маань бүр ийм том болчихсон байхад над руу дайрсан. Монгол хүний атгаг санаа л гэж энэ байх. Залуу хүний хувьд, дээр нь энэ газар таван жилийн хугацаанд суурьшиж, унаж, босож ирсэн хүний хувьд аль болох боломжийн сууц бариад, төрөхөөсөө өмнө суурьшъя гэж бодсон ч ийм асуудал гарсан л даа.

Би хүмүүст маш их гомдож байгаа л даа. Хэн нэгэн нь байшин барих гэж байхад надаас тийм муухай зан гарахгүй. Нэг нь ч гэсэн байшинтай болж байна овоо доо гэж бодох байх. Гэтэл хүмүүс тийм байдаггүй юм байна лээ. Үүнийг нь би бодохдоо манай монголчуудын “Тамын тогооны үлгэр”. Бид ийм болохоороо л хөгждөггүй юм байна гэж бодсон. Хүүгээ гурван настайгаас нь хойш нааш цааш авч ирж, хүйтэнд хөрж, халуунд халсан учраас арай гэж босгосон зүйлээ алдмааргүй л байна шүү дээ.

Манай монголчууд хэнтэй тэмцэж, юуг хамгаалах ёстой гэдгээ төдийлөн мэддэггүй юм байна лээ. Нийт Түнхэлчүүд маань надад дургүй биш. Сайхан хүмүүс зөндөө бий. Уг нь өдийд байшингаа барьж байсан бол дотор засал, хүүхдийн өрөө гээд л бэлдээд гүйж байх байлаа.

-Үүнээс гадна хайр дурлалд нас хамаагүй гэдгийг та баталлаа. Хүмүүс ч бас сошиалд маш их хэлэлцээ өрнүүлсэн. Энэ тал дээр?

-Манай монголчууд нэг нэгнийхээ амьдралд дэндүү их хошуу дүрдэг. Өөрсдийнх нь амьдрал сайхан тэгширчихсэн юм уу гэхээр бас л үгүй.

Бас л нэг цол гуншин нэмэгдэж байна гэж бодож байгаа. Гэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болдог юм байна. Бүр санаанд ч багтамгүй зүйл болоод өнгөрлөө. Нэгэнт гэр бүл болъё, үр хүүхдээ төрүүлье гэж шийдсэн хүмүүс юунаас айж ичих билээ. Энэ бол байгалийн хүн хоорондын харилцааны асуудал шүү дээ.

Анти Нара хүмүүс “манай хүүхдийг ингэчих вийдээ” гээд байх юм. Үүнд нэг зүйл хэлье. Аль ч насны хүн өөрөөсөө дүү эсвэл, ах хүнийг сонирхоод байдаг биш. Би нэг их хамаг зүйл нь тогтчихсон хүн шиг хүнийг мөнгөөр худалдаж аваад байгаа юм бол байхгүй.

Хүний амьдралд юу хамгийн боломжтой байна вэ гэдгийг олж мэдмээр байгаа юм. Тэр юу вэ гэхээр эв эрүүл цэрэгт явсан 18 настнууд амь насаа алдаж байна, бие эрхтнээсээ салж байна. Энэ бол өнөөдрийн байдлаар тулгарч болох хамгийн том эрсдэл. Гэтэл өөрөөсөө эгч, ах хүнд хайртай болсон, харилцан үерхэх зэрэг асуудал хэдэн саяд нэг л тохиолдох асуудал шүү дээ. Энийг л сайн ойлгох хэрэгтэй.

Харилцан ойлголцож, сэтгэл нь татагдаад хосын харилцаа үүсч байхад хүнийг нас, хүйсээр нь ялгаж ханддагаа болих хэрэгтэй гэж бодож байна. Бид хоёрын хувьд ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан, цаг хугацааны асуудал гэдгийг ч ойлгож байсан. Бие биенээ маш сайн ойлгодог хүмүүс чинь хаа хүрэх тавилан байна тэр хүртлээ хамт явъя гэж бодож байгаа.

-Монголчууд эмэгтэй хүн ийм байх ёстой гэсэн хэмжүүртэй байдаг шүү дээ. Таны бодлоор эмэгтэй хүн яг ямар байх ёстой вэ?

-Миний хувьд эрэгтэй ч бай эмэгтэй ч бай аль ч ийм, тийм байх ёстой гэж боддогүй. Хүн өөрийхөө хүссэнийг хийгээд хүссэнээрээ амьдрах эрхтэй.

Юу хийвэл жаргалтай байна, хэнтэй байвал тайван байна, хэнийг хайрлавал сайхан байна, хаана байвал эрх чөлөөтэй байна тэр бүх хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй. Бусад хүмүүсийн хэлдэг шиг ийм байх ёстой, тийм байх ёстой гэснээр явах бол утгагүй.

-Таны амьдралын гол хүчин зүйл юу вэ. Таныг хөдөлгөгч хүч гэх юм уу?

-Хамгийн инээдтэй нь миний шантрал хэдхэн минут л үргэлжилдэг. Заримдаа бүр өөрийгөө зангамаар санагддаг шүү. Ер нь миний хөдөлгөгч хүч бол яах аргагүй миний хүү Бунжа. Хүүгээсээ маш их эрч хүч, хайр энхрийлэл мэдэрдэг. Бас аав, ээж хоёр маань.

Өмнө нь би аав, ээж хоёрыхоо хөдөлгөгч хүч байсан бол одоо эргэсэн байна шүү дээ.

Тийм ч учраас би хүүдээ, ирээдүй хойчдоо ийм нийгэм үлдээх гэж үү гэж боддог. Яахав ийм нийгэм үлдээсэн аав, ээжийхээ үеийхнийг шүүмжилье гэж боддоггүй л дээ. Тийм болохоор л энэ нийгмийг чиглүүлж, гэрэлтүүлэх юмсан, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, алдаа дутагдлыг нь залруулах юмсан гэж хичээдэг.
Яг над шиг тэмцэгч чанартай хүмүүс энэ нийгэмд бага ч гэсэн дэнгийн гэрэл болдог байх.

-Ковидын дараа нийгэм тэр аяараа хямралд өртсөн. Тэр ч утгаараа нийгмийн сэтгэлзүй навс унасан. Энэ үед та маш их хүмүүст урам зориг өгч, нийгмийг соён гэгээрүүлэх ажил их хийсэн шүү дээ?

-Ямар улс мөхдөг вэ гэвэл ард түмэн нь тэмцдэггүй, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэггүй улс мөхдөг. Гэтэл манай улсад үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн нэгнээ энэ заргач зайдан, хэл амтай, төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр энэ илүү шүү дээ гэх зэргээр хэлж, ялгаварладаг.

Гэтэл дараа нь үнэхээр хэлсэн үг, хийсэн үйл нь зөв болоод ирэхээр нээрээ энэ үнэн шүү дээ, зөв шүү дээ гэдгийг ойлгодог.

Бүгд л дутагдлын хажуугаар дуугай өнгөрөөд энэ дуугараагүй байхад би яах юм гэж бодсоор байвал энэ нийгэм мөхнө. Тиймээс хэлэхээ хэлж, хийдгээ хийж, тэмцээр байвал энэ үйл хэрэг биелэлээ олно гэж боддог. Тиймээс нийгмийн сэтгэлзүйг чиглүүлэх нь маш их хэрэгтэй гэж ойлгодог.

-Эмэгтэй хүн дуугаа хураах тусам доошоо дарагддаг харин үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх тусам илүү хүчирхэгжиж байдаг. Таниас яг энэ зан чанар илүү ажиглагддаг?

-Зарим эмэгтэйчүүд яаж ийм их эрч хүчтэй байдаг юм бэ, хаанаас нь ийм их тэсвэр тэвчээр гараад байдаг юм бэ гээд л асуудаг л даа. Гэтэл би өөрөө ч хаанаас энэ их оргилсон эрч хүч гараад байдгийг мэддэггүй. Мэдээж бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болъё, хүчирхийллийг тэвчдэггүй хүн байя, нийгмийн буруу тогтолцоог засъя гэж нэгэнт шийдсэн болохоор үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг.

Монголчуудыг хүлцэнгүй байлгах Манжийн, Оросын бодлого хэдэн үеэр маань дарласан. Нөгөө монгол хүний шулуун шударга, чин зоригтой, монгол хүний муралитиг байхгүй болгочихсон. Яг үүнтэй адил манай монголчууд бүгд л ийм чимээгүй, хүлцэнгүй байх нь элбэг. Тийм ч учраас над шиг тэмцэгч, дайчин хүмүүсийг дарж, чимээгүй болгоод байвал энэ улс хөгжихгүй. Тиймээс эцсээ хүртэл тэмцэж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлнэ гэж боддог. Одоо хамгийн их ойлгож байгха зүйл бол нэгэнт ийм тэмцэгч чанарыг цаанаасаа илгээсэн юм чинь заавал сайн үйл бүтээх ёстой гэдгийг маш сайн ойлгож байгаа.

-Урилгыг маань хүлээн авсанд маш их баярлалаа. Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна.

-UBN.mn сайтын хамт олондоо баярлалаа.

Шууд үзэх ЛИНК:

ШУУД: Ерөнхий сайд, Хотын дарга нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж байна
ШУУД: Ерөнхий сайд, Хотын дарга нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.