Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд "Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлэг өнөөдөр/2022.07.04/ болж байна. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монголд гангийн үйлдвэрлэл хөгжүүлхээр Дархан, Сэлэнгэ, Булганы бүс нутагт гангийн цогцолбор үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр болж буй хэлэлцүүлгээр өмнө хийгдэж байсан ТЭЗҮ, судалгаанууд дээр тулгуурлан “Монгол ган” цогцолбор байгуулах ТЭЗҮ-ийн судалгааны үр дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байна.
Бид жилд 350-400 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай, технологийн хувьд мини домайн зуухны технологиор цогцолбор үйлдвэрлэх байгуулах төслийг танилцуулж байна. Тодруулбал, аргалж, хорголж, домайн зуух, дэд бүтэц, логистик зэрэг бүрэлдэхүүн хэсэгтэй.Энэ үйлдвэрийг байгуулахад эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай. Бидний судалгаагаар жилд 70 мегаватт эх үүсвэр шаардлагатай. Үүнийг өнөөгийн Дархан цахилгааны станцад өргөтгөл хийх хэлбэрээр шийдэж болох хувилбарыг танилцуулж байна. Мөн жилд 200 мянган тонн кокс, 400 мянган тонн аргалж, 600 мянган тонн хорголж үйлдвэрлэх гэсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дамжлагатай. Энэ ажлыг 2022 онд эхлүүлбэл 2025-2026 онд 100 хувь энэ үйлдвэрийг ашиглалтад оруулна.
ТЭЗҮ-ийг хийхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мөнгө гарсан. Энэ ТЭЗҮ-ийг 250 мянган ам.доллараар хийсэн юм байна лээ. Энэ ТЭЗҮ-ээр 100 хувь явж болохгүй юм байна лээ. 250 мянган ам.доллар бага мөнгө биш. Нэгэнт мөнгө зарсан ажил, бид авах юмаа авна. Судалгаа, технологи гэдэг зүйл нь олон улсын түвшинд судлагдсан, 3-4 төрлийн технологи байна. Үүнээс Монголд тохирох технологийг нь л сонгоно" гэв.