"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай холбоотой асуудлууд сүүлийн үед тасралтгүй яригдах болсон билээ. Шалтгаан нь ажлын хариуцлага алдаж, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэл. Хамгийн сүүлд түүнийг удирдах албаныхаа нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэх асуудал яригдаж, гомдол нь ТУЗ-д хүргэгдсэн байдаг.
Асуудал намжаагүй байтал азгүй гэмээр бас нэгэн факт өчигдөр ил болсон нь тэрбээр төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байх хугацаанд "Цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах үйл ажиллагааны төсөв" хэмээх зүйлд нийт 17 сая төгрөг зарцуулах гэрээ байгуулсан байжээ.
Л.Наранбаатарын хувьд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-нд гүйцэтгэх захирлаар яг жилийн өмнө томилогдож байсан. Энэ хугацаанд үйлдвэрт 2 ч удаагийн техникийн гэмтэл гарч, үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Мөн ТУЗ-өөс баталсан ажилчдын орон тоог зөрчиж, олон хүнийг цомхотголд оруулсан. Цаашлаад компанийн бэлэн мөнгөний кассаас зориулалтын бусаар мөнгө авч зарцуулсан зэрэг гомдлууд баримтын хамт ТӨБЗГ-т хүртэл очжээ.
Тэгвэл уг асуудлаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээс тодруулахад "Л.Наранбаатар нь удирдлага, санхүүгийн менежментийн туршлагагүй бөгөөд үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагаар очсоноос хойш ялангуяа худалдан авах ажиллагаа, цементийн худалдаа, санхүүгийн тооцоонд удаа дараагийн зөрчлүүдийг гаргаж байсан нь тогтоогдсон бөгөөд сануулаад болохгүй болохоор нь сахилгын арга хэмжээ хүртэл авсан. Мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-д хөндлөнгийн аудит оруулж шалгаж эхэлсэн бөгөөд ТӨБЗГ-аас давхар ажлын хэсэг гарч шалгаж байгаа. Ойрын хугацаанд тус үйлдвэрийн ТУЗ хуралдана. Уг хурлаар хариуцлагын асуудал яригдана" гэв.