Маргааш Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн өдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1992 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг байгуулсан нь"
Монгол оронд дээд хяналт тавих үүрэгтэй, Үндсэн хуулийн статус бүхий төрөлжсөн шүүхийн уламжлал байгаагүй юм. Харин хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хууль батлах хүртэлх шилжилтийн зурвас үед (1990-1992) Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага байх хэрэгтэй гэсэн санаа Монгол Улсын анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүдийн дотор төрж эхэлсэн байна.
Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээгээд Үндсэн хуулийн цэцийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээг хуульчлан тунхаглажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийг “Цэц” хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Цэц 1. Юмны онч, цэц булаалдах, цэц харвах, цэц хэлэлцэх, 2. Буу зэвсгийн зорьсон газартаа онож тусахдаа сайны нь, бууны цэц үзэх” хэмээн тайлбарласан байна. Тэгэхлээр асуудлын ончийг олж мэргэн шийдвэрлэх гэсэн үгийн утгаар энэ үгийг оноон тавьж сонгон авсан нь илэрхий байна.
Гол нь улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах утгыг бэлгэдэж, Үндсэн хуулийн цэц хэмээн нэрлэсэн болой.
Монгол Улсын Бага Хурлын 1992 оны хаврын V чуулганы 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн анхны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Асуудлыг хэлэлцэхэд Улсын Бага Хурлын гишүүдийн 67.9 хувь нь оролцсон байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хууль ёсоор Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс тус бүр гурван хүний нэр дэвшүүлжээ.
Харин Улсын дээд шүүхээс нэр дэвшсэн Б.Пүрэв: Цэцэд янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл оруулах, Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнийг улам чанаржуулах гэсэн үндэслэлээр нэрээ татаж авсан байна.