УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин өнөөдөр чуулганы танхимд нэгэн ноцтой мэдээллийг хийсэн. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, чингэлэг тээврийг хэвийн нөхцөлд оруулах 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Үүний дагуу маш олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. Ингэхдээ байрласан буудал, идсэн уусан хоолны төлбөр 1.3 тэрбум төгрөгийг төлөөгүй" гэсэн юм.
Уг мэдээллийг түүнээс өөрөөс нь тодрууллаа.
-Та Замын-Үүдэд ажилласан албан хаагчид байрласан буудал, идсэн хоолны төлбөр 1.3 тэрбум төгрөгийг төлөөгүй хэмээн мэдэгдлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Замын-Үүдэд АТҮТ-ийн 10, ХХЕГ-ын 57, ГЕГ-ын 2, УТБЗ-ын 2, ЦЕГ-ын 10 гээд нийлээд 110 гаруй хүн очиж ажилласан. Харамсалтай тэд тэнд буусан буудал болон хоолныхоо мөнгийг одоо болтол төлөөгүй. Тэдний эл үйлдлээс болж, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд мөнгөө авч чадаагүй. Хүнд байдалд ороод байна. Тиймээс энэ асуудлыг чуулган дээр сөхөж ярилаа.
Мөн үүнээс үүдэж, төр том ажлын эсрэг ажиллаад дээрээс нь идэж уусан хоолныхоо зардлыг өгдөггүй гэх асуудал Замын-Үүдэд яригдаж байна. Замын-Үүдийн Засаг дарга өдөр тутам аж ахуйн нэгж, байгууллагын шахалтад ажиллаж байна. Нэгэнт ажилласан бол буудал, хоолны зардал, нэг удаагийн хувцас хэрэглэлийн мөнгөө төлөөч ээ гэдгийг л шаардаж байна.
-Яг хэдэн төгрөгийн асуудал яригдаж байгаа вэ?
-Яг одоогоор 1 тэрбум 372 сая төгрөг төлөгдөөгүй байна.
-Тухайн 100 гаруй хүн хэдэн өдөр Замын -Үүдэд ажилласан юм?
-2022 оны нэгдүгээр сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 11-ний хооронд нийт 3 сар ажилласан. Энэ хооронд үүссэн өр авлага байгаа юм. Нэгэнт Засгийн газраас мөнгийг нь шийдэж өгсөн бол төлөх л хэрэгтэй. Дээр нь тухайн газарт очиж ажилласан ажлын хэсгийн хүмүүс ямар нэг яам, агентлагийг төлөөлж очсон байж таарна. Бүгд томилолтоор явсан учир хоол сууцны мөнгөө байгууллагаасаа авсан байж таараа шүү дээ. ААН-ийг үл хүндэтгэж, төрийн нэрээр очиж байрлачихаад мөнгөө төлөхгүй байгаа нь харамсалтай байна.
-Та бас ХХЕГ-ын 30 машины асуудал яриад байна. Үүнийгээ тодруулбал?
-ХХЕГ-аас Замын-Үүдэд 30 машин явуулаад байгаа. Замын-Үүдэд 5700 гаруй жолооч бий. Гэтэл тэдний ажлыг булаагаад 30 жолооч оччихсон. Замын -Үүдийн 0 цэг дээр Хятадын тал хуучин байсан терминалаа өргөтгөсөн. Харин манай Монгол өргөтгөх ажил нь эхлээгүй байна. Үүнийг хилийн цэргийн 0119 дүгээр анги хийх ёстой. Замын-Үүдээр орж ирж байгаа импортын ачаа эргэлт байхгүй. Манай ажиллаж байгаа гааль түргэн шуурхай ажиллаж чадахгүй байна шүү дээ. Ер нь бол доод ажил хамгийн доод шатандаа л явж байна даа.