Авто зам, төмөр замын бүтээн байгуулалтаа явуулж, боомтуудаа олигтойхон хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжлийн замд хөл тавихад хэцүү гэдгийг цаг хугацаа хангалттай харууллаа. Төмөр зам барьж, шинэ боомтууд байгуулж, чөлөөт бүсийг үүсгэсэн бол эдийн засаг тэгж ч тэлж, ингэж ч хөгжих байсан гэдэг яриа одоо болтол “хэрүүлийн алим” хэвээрээ байгаа. Үе үеийн Засгийн газар төлөвлөсөн олон ажлаа хийсэн бол өнөөдөр бид юунд хүрсэн байхыг хэлж мэдэхгүй юм. Харин төслүүдээ хөдөлгөөгүй, янз бүрээр гацааснаас үүдэлтэй хохирол ямар хэмжээнд хүрснийг бол Монгол Улсын иргэд нийтээрээ л мэдэрч сууна. Тийм байтал Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд дахиад нэг гацаа үүсгэх “тоглоом тоглож”, эдийн Засгийн эргэлтэд “шинэ цус” сэлбэх нэг сувгаа нээх боломжоо хаах маягтай л сууна.
Цагаандэл Уул-Өлзий боомтыг нээх ажил бүтэн 8 жилийн турш гацаж байгааг хэлээд байна. Хаа байсан 2014 онд Монгол Улсын Засгийн газар урд хөрштэйгээ зөвшилцөлд хүрч, Хятадын талаас энэ боомтыг нээхийг зөвшөөрсөн нот бичиг ирүүлж байж. Одоо бол түүх болж л үлдэж.
Боомт нээх ажил 5 жил ердөө л яриа төдий явсаар, 2019 онтой золгосон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сард Цагаандэл Уулын боомт хүртэл 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад, боомтоо нээе гэдэг шийдвэр гаргаж. Энэ шийдвэр хараахандаа түүх болчихоогүй, биелэх магадлал бага сага харагдаж л байна. Шийдвэр гарснаас хойш “Ундрах говь” компани концессийн гэрээгээр энэ замыг барихаар болж, хоёр жил зунгааралдсаны дараа 2021 оны арваннэгдүгээр сард барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авсан. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 7-нд туслан гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээ байгуулаад, кемпээ байгуулж, ажлаа эхлэх гэсэн боловч дахиад л гацаах технологийн хохирогч болоод байж байна. Компани нь хохирчихсон юм биш, Монгол Улсын эдийн засагт хор болно.
Сүүлийн хэдэн жил манай улс урд хөршдөө жилд 40 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьж байгаа ч хүссэндээ хүрсэн нь үгүй. Энэ бол боомтын тоо цөөн, гадагшаа гарах, орох гарц дутмагаас болж байгаа хэрэг. Хэрвээ энэ боомтыг нээчихсэн байсан бол. Эсвэл даруй нээчихвэл нүүрсний борлуулалт дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан.
Манай Засаг төрийнхөн өөрсдөө тэгээд тооцож гаргачихаад байгаа. Үнэхээр энэ тооцоог ханатай гаргасан бол өнөөх жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох мөрөөдөл чинь биелэх учиртай. Нүүрсний борлуулалт 4 дахин нэмэгдэхэд эдийн засагт ямар их ач холбогдолтой вэ гэдгийг энд нарийн тоочих нь илүүц. 270 км хүнд даацын хатуу хучилттай зам барьчихвал байгаль орчинд лав хор хөнөөл учруулаад, хөрс шороо эвдээд байхгүй. Зам барихгүйгээр боомт нээнэ гэж муйхарласан бол иргэд эсэргүүцэх шалтгаан болмоор. Гэтэл маш их ач холбогдолтой зам барья.
Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд хэрэгтэй шинэ боомт нээх ажлыг яагаад ингэтэл эсэргүүцэж, гацаах болов.
Нөгөө л нэг танил технологи гэж хардмаар. Эхлээд нутгийн иргэд, малчид, байгаль хамгаалагчид нэртэй хэсэг бүлэг гарч ирж эсэргүүцнэ. Дараа нь нэг том албан тушаалтан очоод “Та нарын зөв, 2014 оны Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлнэ” гэсэн “эх оронч” үг хэлээд, халуун алга ташилтаар шагнуулаад явчих жишээтэй. “Засгийн газар болон Өмнөговь аймгийн иргэд олон нийтийн байгууллага иргэдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг үр дүнд хүрсний дараа энэ асуудлыг хэлэлцье” гэж “нүхээ малтах”-аа яаж мартах билээ.
Энэ бүхнийг харахад, гацааж буйн цаана хэн гэгч эрх мэдэлтэн байна вэ гэж хардаж, халагламаар. Энэ боомтыг нээснээр хэний эрх ашиг хөндөгдөх гээд байгаа болоод “Шинэ сэргэлтийн бодлого”, Алсын хараа-2050”-д тусгасан бодлогоо Засгийн газрын тэргүүн нь өөрийнхөө гараар гацах хугацааг нь уртасгаж байгаа юм бол. Их өндрөөс шидсэн чулуусанж.
Засгийн газрын тэргүүн эрхэм “эх оронч”-дын алгыг хорстол ташуулнаас 3 хоногийн дараа Цагаандэл Уулын боомтоо нээчих ээ, жаахан шийдвэртэйхэн ажиллаад өг. Боомт нээснээр эдийн засгийн хөгжлийг ахиулж, малчдын орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй гэж харж байна гэсэн захидлыг Хятадын талаас Сангийн яаманд ирүүлсэн байгаа юм. Захианы үг, өгүүлбэр эвтэйхэн ч ерөнхий санааг нь ухваас Монголын Засгийн газрын шийдвэртэй алхам хийхгүй, хэлэлцсэн тохиролцсондоо хүрэхгүй байгаад эгдүүцсэн биз гэж таамаглаж байна. Угаас энэ боомтыг нээхэд зориулаад Хятадын тал 1.6 тэрбум юнийн хөрөнгө оруулалт хийчихсэн юм билээ. Мөн зам талбай, дэд бүтцэд зориулаад 30-аад тэрбум төгрөг зарцуулчихсан. Харин манай улсаас боомт нээхэд зориулж хөрөнгө оруулалт хийх нь битгий хэл дээр, доргүй эсэргүүцэл зарлаж, эцэстээ Ерөнхий сайд нь хүртэл дахин гацаана гээд мэдэгдчихлээ. Өмнөд хөршийнхөн эгдүүцэлгүй л яахав.
Цар тахлын улмаас өмнөд хөрш хилээ хаачихаад, бид бараа бүтээгдэхүүнийхээ үнийн өсөлтийн дороос гарч чадахгүйд хүрлээ. Эдийн засгийн эргэлт бараг зогслоо. Хэрвээ Хятад хилээ нээхгүй энэ мэтээр дахиад нэг жил “чангалахад” бид тэсэх үү.
Яах аргагүй одоо байгаа үнэн байдал л энэ. Гэтэл өөрсдөө боомт нэмье гэж далжигначихаад, багагүй мөнгө төгрөг зарцуулсан байтал одоо болтол гонжирно гэдэг өөрийгөө алгадаж байгаагаас ялгаа юун. Хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлбөл яана. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ. Зүгээр замаа хурдан бариад, боомтоо түргэн нээ. Ямар ч зорилготой гацааж байсан Монголд ашиггүй. Харин нээчихээд, тооцоолсны дагуу нүүрсний борлуулалт, ачаа тээврийн нэвтрэл нэмэгдвэл бидэнд л хэрэгтэй байх.