УИХ-ын гишүүд ҮХНӨ-ийг ард түмэндээ танилцуулахаар долоо хоногийн хугацаатай “гэрийн даалгавар” авцгааж байна. Нэгэнт ҮХНӨ яригдах нь тодорхой болсон энэ цаг үед ҮХНӨ-ийн дараа өрнөх улс төр яригдахгүй өнгөрч үл болно.
Эгзэгтэй энэ цаг мөчид Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын твиттер хуудснаа жиргэсэн жиргээ улс төрийн хувьд нэлээдгүй сонирхолтой байдлыг үүсгэж мэдэхээр харагдаж байна. Тэрбээр, “Зангуу гэж үг Монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Зарим зүйлийн ургамал, усан онгоцын зангуу, баавгайн зангуу гэх мэт. Хөгжилд ЗАНГУУ болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм шиг. Тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд ЗАНГУУ болоод хэцүү юм” гэж жиргэв.
Хуулийн сайдын учир битүүлэг, эзэн холбогдогчийг нь зарлаагүй энэ үг хэнд хаяглагдав. Мэдээж Засгийн газрын ажилд саад болсон гэхээр хэн нэгэн сайдыг хэлсэн нь тодорхой. Тэгвэл хариултыг нь удаан хайх хэрэггүй байж. Дөнгөж өнөөдөрхөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг хууль, шинэчлэл, элдэв дээдийн реформд саад болдог гэх агуулгатай “Засаг дахь “зангуу” нь Ц.Нямдорж гэв үү” гэх нийтлэл хэвлэлд гарсан байна лээ.
Тэгвэл Х.Нямбаатар сайдын бичсэн Засгийн ажилд саад, ЗАНГУУ болж байгаа хүн нь түүний “ангийн анд” Ц.Нямдорж бололтой. Зангуу гэх агуулгатай нийтлэлтэй нийцэхээс гадна тэтгэврийн нас нь болсон гээд ЗГХЭГ-ын даргаа хөөрхөн тодотгоод амжжээ.
Ер нь ч Ц.Нямдоржийг аливаа ажилд эрх ашиг ярьж саад болдог гэдгийг үе үеийн улстөрчид л хэлдэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Мэнгэ нь дөнгө болсон” гэж цоллож, байсан бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн өмчийн хуулиас эхлээд хуулийн чиглэлийн олон шинэчлэлд Ц.Нямдорж саад учруул, ашиг сонирхлоо “үнэртүүлж” явдаг талаар нэг биш удаа ярьж байгаа.
Хамгийн сүүлд гэхэд л МАН-ыг ҮХНӨ-ийг хийх хүртэл нь хүнд байдалд оруулсан хүн нь Ц.Нямдорж гэх мэдээллийг эх сурвалж өгч байлаа. Уг нь ҮХНӨ хийж өөрсдийгөө тэнэг байдалд оруулахгүй, сүр бадруулахгүйгээр Цэц дээр гаргасан гомдлоор УИХ өнгөрсөн өвөл гишүүдийг “давхар дээл”-тэй болгох боломж байсан. Гэвч “дан дээл”-тэй сайд нарын лобби бүлэг хаанаас ч юм гарч ирээд эхнээс нь дэмжиж байсан Ерөнхийлөгчийн толгойг хүртэл “эргүүлж” дөнгөсөн. Ерөнхийлөгчийн институтийг айлгасан ганц үг нь хуулийг үнэгүйдүүлж болохгүй гэх агуулга. Манайд ямар нууц гэж байх биш. Хэдэн өдрийн дараа гэхэд л лобби бүлгийн ард Ц.Нямдорж байсан талаарх яриа гарч, Ерөнхий сайд мэдсэн даруйдаа Хэрэг эрхлэхийнхээ даргатай айхтар “хүйтэн” харилцаатай болсон байдаг. Бүлгийн хурал дээр хүртэл түүнд эгдүүцсэн хандлагаа гаргаж байсан талаар бид мэдээлж байв. Цэц дээр асуудлыг унагаж, Ерөнхийлөгч рүү “захиа” зөөсөн хүн Ц.Нямдоржийн шатар нүүдэг найз нь болох ҮХЦ-ийн “акул”. Ийнхүү асуудал ерөнхийдөө ойлгомжтой болсон тул өнгөрсөн өвлөөс хойш Ц.Нямдоржийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй шинэ үеийн залуус “баг”-аасаа жийж эхэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр Х.Нямбаатарын жиргээд байгаа зүйл шинэ зүйл огт биш. Хэлээ хазаад дотроо түгжиж байсан үгсийнх нь л нэг. Харин өнөөдөр ингэж хэлж байгаа нь ҮХНӨ-ийн дараах Засгийн газарт ямар нэгэн “сүүдэр” тусчих вий гэсэн хандлага буй за.
Харин Ц.Нямдорж ҮХНӨ-ийн дараа улс төрийн ямар нүүдэл хийх бол гэдэг нь улс төр дахь хамгийн хоржоонтой асуулт байж магадгүй л юм.
Г.Лхагвадорж
Зангуу гэж үг монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Зарим зүйлийн ургамал, усан онгоцны зангуу, баавгайн зангуу г.м. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм шиг. Тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж бхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) June 15, 2022