Ардын нам төрийн эрхийг сүүлийн зургаан жилийн хугацаанд барьж байна. Энэ хугацаанд хуулийн салбарынхны хээл хахуулийн хэргийг илчилж, Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авч, Оюутолгойн гэрээг сайжруулахаар ажиллаж байгаа, хүүхдийн мөнгийг 100 мянга болгож нэмсэн, тэтгэвэрийн зээлтэй, зээлгүй ахмадуудад Салхитын мөнгөний ордоос орж ирэх хишгээс хувь хүртээсэн, цар тахлыг амжилттай даван туулахад үе шаттай арга хэмжээ авсан гээд олон ажил хийсэн. Хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг. Гэвч төр эрх мэдлээрээ бусдыг далайлгадаг явдал сүүлийн энэ зургаан жилийн хугацаанд хэрээс хэтрэв.
Гэхдээ энэ удаа төр хувийн өмчийг дээрэмдсэн үү, эсвэл гэдэг сэдвээс илүүтэй төрийн гаргасан алдаатай шийдвэрээс болж эдийн засаг хэрхэн хямрав гэдэг өнцөг. Өөрөөр хэлбэл, Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр мэдэлдээ буцаан авахаа зарласан. Улмаар асуудал даамжирсаар цементийн үйлдвэрлэл саарч, дотооддоо цеменнтий хомсдол нүүрлэв.
“Ядаж байхад яр” гэгчээр БНХАУ-д коронавирусийн тархалт нэмэгдснээс болж бараа таваарын эргэлт удааширсан. Ингэж л бодлогогүй Засгийн газрын явуургүй, цаг үеэ мэдрээгүй шийдвэрээс болж эгэл жирийн иргэд, бизнесээ өөд татах гэж хичээж яваа ААН-үүд хохироод үлдэв.
Тэгвэл эрх мэдлээ хэтрүүлдэг төрийн хар гайгаар эдийн засаг дахиад л саарах нь. Учир нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессын гэрээгээр авсан дээрх “Кью Эс Си” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төр өөрийн өмчөө эрхэндээ буцаан авах шийдвэрээ зарлангуутаа ажлын хэсгийн шалгалтыг яаравчлан оруулсан байдаг.
Үүний улмаас “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд оржээ.
Нэг үгээр хэлбэл, Монголын ирээдүйд томоохон өгөөжөө өгөх учиртай байсан төсөл хөтөлбөр зогсонги байдалд оров. Дагаад Монгол Улсын Засгийн газрыг “сахал” Д.Эрдэнэбилэгийн гэх “Кью Эс Си” компани шүүхэд дуудав. Дуэльд хэн ялах вэ гэвэл, “Кью Эс Си” компани гэхэд бараг хилсдэхгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газар хуулийн процессийн хэд хэдэн алдаа гаргасан. Үүнийг нь ч нотлох баримт нь Монгол Улссын хуульд цагаан дээр хараар бичсэн олон зүйл заалт.
Өөрөөр хэлбэл, төр өөрийн өмчөө бусдад ямар нэг гэрээ, тохироогоор шилжүүлсэн байлаа ч буцааж авах дээрээ тулах юм бол хариуцагч талд заавал сонсох ажиллагаа явуулах учиртай. Гэтэл Монгол Улсын Засгийн газар “Та нар таалагдахгүй байна. Өмнөх дарга нар нь буруу шийдвэр гаргаж” гээд мөрөөрөө ажлаа хийж байсан үйлдвэрийг төрд буцааж авлаа гээд хаалга үүдийг нь цоожлохоос наагуур юм болов.
Угтаа бол дээр хэлсэнчлэн сонсох ажиллагаа явуулах ёстой. Дараа нь Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэхэд цаг хугацаа өгөх учиртай. Ингэж байж “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” байх ёстой атал шууд л эрхийг нь түдгэлзүүлснээс болж нийгэмд хямрал нүүрлэх дээрээ тулаад байна. Түрүүн хэлсэнчлэн “Кью Эс Си” компани Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн. Хэрвээ тэд гурван шатны шүүхэд ялбал, энэ хугацаанд үүссэн алдангаа төрөөс нэхэмжлэх нь дамжиггүй. Энэ хохирлыг хэн, хэний мөнгөөр төлөх бэ гэдгээс эхлээд асуудал үүснэ. Дагаад төмрийн хүдрийн экспорт буурснаас болж төсөвт орж ирэх мөнгөний урсгал багасна гээд нийгэмд сөрөг нөлөө ихээхэн гарах нь дамжиггүй. Энэ нь ч эхнээсээ ажиглагдаад эхэлсэн. Энэ бүхний эцэст төр, хувийн хэвшлийн түншлэл 2022 оноор төгсгөл болж, хувийн хэвшлийнхэн төрд итгэх итгэлээ бүрэн гээлээ гэхэд хэтрүүлэг болохгүй нь
Тиймээс л төр эрх мэдлээрээ далайлгаж, явуургүй шийдвэр гаргадаг баймааргүй байна. Эхлээд хууль дээдлэх зарчмаа барьчихаад хувийн хэвшлээ адламаар байна. Тэгвэл эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ч бага байна. Дагаад ард түмэнд тусах дарамт ч бага гэдгийг санахад илүүдэхгүй биз.