Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энигма“ компани Дархан цаазат газарт боловсролын үйл ажиллагаа явуулна гэж ТЭРБУМ төгрөгийн газрын төлбөрөөс ЗУГТЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 53 секунд

Монголд маш олон асуудал бий. Уул уурхай, тендер, концесс гээд томоохон төсөл хөтөлбөр дагасан шантааж, мөнгө угаалт, хулгай.... Бүр явган замын боржур солихоос эхлээд салбар бүрт шаталсан хулгай бий. Энэ бүхнээс гадна "М.Энхболд" тэргүүтэй хүмүүсээр овоглосон газрын наймааны асуудал олон жил яригдсан. Гэвч хуулийн байгууллагаас нэгийг нь ч шалгаж, нягтлаад үнэнийг тогтоогоогүй. Тэр хэрээрээ Улаанбаатар хот дагаад Богдхан уулын Дархан цаазат газар эрхтэн дархтануудын мэдэлд шилжсэн. Дагаад баячуудын гэх тодотголтой хороолол эс бөгөөс уушийн газар гээд хэлчихэд ч багадах "шоу"-чдын оромж болсон амралтын газруудын бөөгнөрөл болж хувирсан.

Үүний нэг тод жишээ нь, "Энигма”, “Универсал политехник коллеж”, “Монголын үндэсний их сургууль” гэсэн нэрээр Зайсангийн аманд 38.2 га газар авсан "хэрэг". Тухайн үед Зайсангийн аманд дээрх байгууллагууд газар ашиглах зөвшөөрөл авсан ч хуулиар олгогдсон газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж байгаагүй аж. Түүгээр ч зогсохгүй газрыг таллаж хувааж, өөр нэр дээр шилжүүлэх байдлаар цаг аргацаасан технологи хэрэгжүүлсэн байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Тус байгууллага газрын төлбөрөө төлж байгаагүй. Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж газрын төлбөрөөс зайлсхийсэн. Гэтэл Дархан цаазат газарт сургууль, боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулахаар газар олгохыг хориглодог.

“Энигма” компани дээр тэрбум орчим төгрөгийн газрын төлбөрийн зөрчил бий. Түүнийгээ төлөөгүй хэр нь газрын зөвшөөрлөө МҮИС-ийн нэр рүү шилжүүлсэн байдаг. Газрын төлбөрөө төлөөгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн заалт бий.

2017 онд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлтийг тухайн үеийн Байгаль орчны сайдад хүргүүлж байсан. Дархан цаазат газар нутагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шууд харьяаны асуудал юм. Ингээд Байгаль орчны сайдын шийдвэрээр 2021 онд газар ашиглах эрхийг нь цуцалж, одоо шүүхийн шатанд маргаан үүсгээд байгаа юм" гэжээ.

Өөрөөр хэлбэл, албаныхны мэдэгдснээр “Энигма” компани нь 2004 онд газар ашиглах эрх авч. Уг эрхийг авах үед ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг бөгөөд түүнээс хойш талбайгаа нэмээд, дундуур нь хуваасан байна. Улмаар хуваасан газраа 2016 онд их сургуулийн нэр дээр болгож, газрын төлбөрөөс зугтаасан асуудал гаргасан. Газрын тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлөх заалт бий. Үүнийг ашиглаж, бодит байдал дээр сургууль бариагүй хэрнээ төлбөрөөс зугтаасан гэсэн үг.

Гэхдээ хуульд заасан өөр нэг заалт буюу Дархан цаазат газрын бүсэд боловсролын үйл ажиллагаа явуулахгүй гэсний дагуу "Энигма" компани газрын төлбөр болох хуримтлагдсан нэг тэрбум орчим төгрөгийг төлөх үүргийг хуулиар хүлээх ёстой болж байна.

Гэтэл "ҮГҮЙ" гээд хойш гэдийж. Газрын албанаас дүгнэлт ирүүлсэн ч тэд бас л хөдөлсөнгүй. Ийнхүү БОАЖЯ-ныхан шүүхэд хандаж, шүүхийн маргаан үргэлжилж байгаа нь энэ аж.

Төрийн зүгээс ард түмний эрх ашгийг хамгаалах учиртай болохоор нийгмийн тэр дундаа ард түмний эрх ашгийг үл хайхарч, хуулийг үл хүндэтгэсэн компанийг өмгөөлөх учиргүй. Тиймдээ ч Хотын захиргааны зүгээс Богд уулын энгэрт залраад багагүй жилийг үдсэн дугуй цагаан гэрүүдийг нураасан.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "2021 онд Нийслэлийн Засаг даргын А/295 дугаар захирамжид барилгын норм дүрэм зөрчсөн, А даалгавар байхгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй компаниудын жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн байршилд “Энигма” компани, МҮИС, иргэн Хонгорзулын нэр дээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн байна. Энэ мэтээр хууль зөрчиж, хуулийг дэвсэлж сурсан байна. Эдгээр хүмүүсийг хамгаалдаг, хамтарч ажилладаг улстөрчид, албан тушаалтнууд байна. Ийм нөхцөл байдлыг дахин гаргуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ. Хотын удирдлагын багийн зүгээс Улаанбаатар хотын 1.6 сая иргэний төлөө, хуульд заасан чиг үүргийн хүрээнд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ" хэмээсэн юм.

Юутай ч тус компани дээр газрын төлбөрөө төлж байгаагүй, боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж газрын төлбөрөөс зайлсхийсэн. Ингэснээр тэрбум орчим төгрөгийн газрын төлбөрийн зөрчил үүссэн. Төлбөрөө төлөөгүй хэрнээ газрын зөвшөөрлөө МҮИС-ийн нэр рүү шилжүүлсэн гээд олон асуудал "Энигма" компани дээр яригдаж байна. Эндээс л, Улаанбаатар хотод тэр дундаа Дархан цаазат газарт газар аваад зориулалтыг нь ашигладаг "даварчихсан" нөхдүүд захаас аваад байгааг харж болно. Тэдний нэг нь "Энигма" тэргүүтэй компанийхан гэдгийг олон жилийн хугацаанд Улаанбаатарчууд харлаа, мэдэрлээ.

"Энигма" компани нь боловсролын салбарыг дэмжигч, түүчээлэгч гэхэд болно. Тэгсэн атлаа төр, түмэнд газрын төлбөр болох тэрбум төгрөгөө төлөхгүй гэж "луу" унжив. Эндээс л, МҮИС гэдэг байгууллагийн үнэн төрх харагдах байх.

Сануулахад, 2017-2022 оны байдлаар тус байршлаас цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн 150 мэдээлэл ирсэн байна.

Маргааш Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.